
"Жэжү-2015" жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох гран при тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхэллээ. Нийт 70 орны эрэгтэй 237, эмэгтэй 184, нийт 421 тамирчин хуран чууллаа.
Эхний өдөр манай цөөнгүй тамирчин барилдсан ч гагцхүү 2014 оны дэлхийн аварга Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар 60 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо бүх Японы АШТ-ий хүрэлтэй Дай Аокиг гурван торгуулиар ялжээ. Улмаар хоёрдугаар тойрогтоо БНСУ-ын бөх залуучуудын ДАШТ-ий хүрэлтэй, 2013 оны Чиндаогийн гран пригийн аварга Чой Ин-Хюкийг, группын аваргын төлөө Бразилийн Эрик Такабатакег нарыг торгуулиар ялсан байна. Харин хагас шигшээд дэлхийн чансааны №6 Азербайжаны Орхан Сафаровтой учраа таарсан. Энэ удаад дэлхийн аварга маань өрсөлдөгчөөсөө вазари, юүко үнэлгээ авснаар хожсон бөгөөд энэ оны World Masters-ын хариугаа Азербайжаны тамирчнаас авсан байна. Харин аваргын төлөө тэрбээр ДАШТ-ий хүрэл медалийн төлөө хоёронтоо хожигдсон БНСУ-ын Ким Вон-Жинтэй барилдаж, вазари үнэлгээгээр хожиж явсан ч барилдааны төгсгөлд вазари алдан улмаар торгуулиар хожигдлоо.
Түүнчлэн энэ өдөр Казахстаны нэрийн өмнөөс барилдах болсон ОУХМ Галбадрахын Отгонцэцэг энэхүү тэмцээнд тун өнгөтэй барилдаануудыг үзүүлж, хагас шигшээд олимпийн аварга Бразилийн Сара Менезесийг ялан финалд шалгараад аваргын төлөө Унгарын Эва Черновицкиг хоёр юүко үнэлгээ аван хожсон байна. Ингэснээр тэрбээр гран при ангилалд хоёр дахь алтан медалиа аваад байна. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдаанууд явагдах бөгөөд манай улсаас
73 кг-д Наранхүүгийн Хадбаатар /"Женко" клуб/
73 кг-д Бат-Эрдэнийн Пүрэвдаваа /"Женко" клуб/
81 кг-д ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар /"Хангарьд" спорт хороо/
81 кг-д ОУХМ Эрдэнэхүүгийн Мөнхжаргал /ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо, "Женко" клуб/
63 кг-д ОУХМ Цэнд-Аюушын Цэрэннадмид /"Хүч" спорт хороо, "Женко" клуб/
ОУХМ Балдоржийн Мөнгөнчимэг /"Женко" клуб/ нар барилдана.
Г.Болдбаатар мөнгө, Г.Отгонцэцэг алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 397 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.