Шууд Chart

Илдний ир, жадны үзүүр

2015-11-30 12:01:07

-Монгол Улсын баатар Шагдарын Гонгор /нэгдүгээр хэсэг/-  

Олноо өргөгдсөний хоёрдугаар он бөлгөө. Харийн дарлал мөлжлөгөөс эр зоригт хөвгүүдийнхээ цус, эх оронч ноёдынхоо чин үнэнч сэтгэлийн чигч шударга хүслээр сая нэг хагацаж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж аваад, мандан бадарч, дэлгэрэн дэвжихийн төлөө манан буданг сөхөн байсан Богд хаант Монгол Улсын  төрийн дуулал “Зуун лангийн жороо луус”-ыг хүрээний зон олон хоолой мэдэн дуулна.

Зуун лангийн жороо луусыг

 Жуузан дундаа хөлөглөв өө хө

 Зуугаас залсан богд ламыгаа

 Зонховын ширээнд залав аа хө...

Чингэтэл Чингисийн угсааны ноёд, Богд хаантай сэтгэл зүрхэн ихэд нийцэж, эртний домогт Монгол Улсын яруу алдарт зэвсэгт хүчнийг машид шалмаг байгуулаад, өөрийн эх нутгийн тасархай, өр зүрхний хэлтэрхий, өвөрлөгч ахан, дүүсийг чөлөөлж, гамин чандруу нарыг газрын зовлон болсон Цагаан хэрмэн дээгүүр давуулан хөөхөөр өмнө зүг рүү таван замын цэрэг хөдөлгөлөө. Энэ чинь 1912 оны үйл явдал шүү дээ...

            Таван замын их цэргийн жанжнаар ардын манлай баатар, цогтой халуун эх оронч, цөс ихт, Баргын Дамдинсүрэн мордож, урд зүгт буглаад байсан гамингуудын хосыг нь шувтарч байсан бол, Монголын ард түмний хайрт хүү, халуун зоригт, үнэн чимэгт, шударга баатар, харчин гүн Бавуужав махир сэлмээ тэнгэрт өргөж, хамаг зүрх сэтгэлийн дагшин шүтээн эх орныхоо төлөө харийн дайсныг бут ниргэж, өвдөглөн дараад, их Цагаан хэрэмнийх нь луутай дааман хаалга руу цавчин, цавчин хөөж байлаа.

            Зуун, зууны тэртээх эрэмгий төгөлдөр цаг үе ингэж ирэх мөчид амьдралын зовлон, жаргалыг амсаж, эдэлсэн өвгөдийн магнайн үрчлээс тэнийж, дүнсэн тамхиныхаа хөх утааг хаш цагаан гаансныхаа ховор сайхан соруулаар дүүрэн, дүүрэн сорж баясна. Сэцэнхан аймгийн Сүжигт бэйсийн хошуунаас олон аавын хөвгүүн цэрэгт мордож, яргай ташуураар хомхой данжаадуудын тархийг хага цохиж явахад Хэрлэн голын урд биед орших Эрдэнэ уулын зүүн суга Нарийн хөндийн эхээр нутаглаж байсан ард Шагдарынд нэгэн хөвгүүн төрлөө. Хар нүд хага татахаас, харанхуй шөнө болтол нойтон сормууст үрийн хүслэн болж явсан эр, эм хоёрын жаргал ингэж нэг хотоллоо. Шагдар элэгнийхээ эмтэрхий болж төрсөн нуган үрээ он жилүүдийн салхинд онгож хүрэнтсэн хацартаа нааж, зулайг нь үнэрлээд, баруун чихэнд нь “Гонгор, Гонгор” гэж шивнэхэд гэргий нь модон тагшинд шинэ шөл уунгаа, гэрийн зүүн талын хээ, хуар нь бүдгэрч нимгэрээд, даанч их эдэлгээ орсон хушин орон дээр суугаад эцэг, үр хоёрыг жаргалтай нь аргагүй ширтэнэ. Нутаг ус, айл саахалтын ахан, дүүс тэднийд цуглаж, хөөр баярыг үүсгэн, үүл нүүж, салхи исгэрсэн энэхэн хорвоо дээр үртэй болсон хүмүүсийн жаргалыг хуваалцав. Уудам их тал, уул толгод сэргэж, өвөлжин дагтаршсан хунгар ханзран арилна. Адуу мал алгуурхан тэнхэрч, алс тэртээ өмнө зүгээс Манлай баатрын цэргүүд хар ялаа шиг олон гаминг ялан дийлээд, өвөрлөгч ахан, дүүс наашаа нүүж эхэлсэн өнөтэй сайхан мэдээ амнаас ам дамжин ирнэ. Шагдарын зүс царай ихэд гэрэлтэж, хүүгээ өсч өндийх хүндэт он жилүүдийг нууцхан сэтгэлдээ хүлээнэ.

            Хуучин засаг захиргааны нэгж, нэр хоёр өөрчлөгдөж Сэцэнхан аймгийн Сүжигт бэйсийн хошуу Хан Хэнтий аймгийн Идэрмэг-Баянхутаг сумын нутаг болж хувирлаа. Нэг үеийг бодвол бас жаахан гунигтай он жилүүд ар араасаа хөвөрч эхэлжээ. 1915 оны Шивээхиагтын гурван улсын гэрээ гэгчээр цагаан Оросууд Гамингуудтай үгсэн хуйвалдаж, Богд хаант Монгол Улсыг ихэд хавчин шахаад Манлай баатрын захирсан таван замын байлдааныг зогсоож, бүх цэргийг хойш татан, өвөрлөгч ахан, дүүсийг өмнөд этгээдэд бүр мөсөн өгчихжээ.

Шагдарын хүү Гонгор аав, ээжийнхээ гарын үзүүр болж тусад ороод, ишиг, хурга, тугал, бяруунд чавхдах нь эгдүүтэй хөөрхөн. Хүү өдрөөс өдөрт сэргэлэн цовоо, малд нүдтэй, ахас ихэсийн үгнээс гарахгүй, төлөв, томоотой, зөөлөн сэтгэлтэй болж өсч өндийн байгаад эцгийн санаа амарна. Гэлээ ч монголчуудын амьдрал тэнийн, тэгширсэн нь үгүй. Зарим нэг хомхой ноёд, түшмэд, лам хуваргуудын дураар аашлах нь хэрээс хэтэрсэн хэвээр төдийгүй, тэдний хөрөнгө хогшил, мал сүрэг улам өтгөрсөн хэвээр... Гэтэл 1921 онд Монголын зоригт хөвгүүд дахин цэрэглэн босч, Ардын хувьсгал мандаад, жанжин Сүхбаатар журамт цэргээ манлайлан, шунаад ирсэн гамингуудыг шуурга салхи шиг хөөж, цөмрөөд ирсэн цагаантнуудыг цөхрүүлж орхилоо. Монголын түүхийн эгзэгтэй, энэхэн үйл явдалд эцэг Шагдар гар бие оролцсон төдийгүй жанжин Сүхбаатартай цуг цэргийн алба хааж, дараа нь харийн дайсны өмнөөс хатгах жад, өргөх илд, исгэрэх сум нь болж явлаа.

Гонгор танхимын сурагч болов. Тэр цагт крилл үсгийн цагаан толгойг ардын хүүхдүүдэд сургаж эхлээгүй байсан тул танхимын сурагчид цөм худам Монгол бичигт шамдаж, сумын төвд сууна. Сурагчид тийн гэр орон, эцэг эх, ахан дүүсээс түрхэн хагацаж, ном эрдэм сурах нь бас төвөгтэй. Багш нарын зарим нь үнэнхүү ааш зан сайтай, ардын олон хүүхдийг сурган хүмүүжүүлэхийн төлөө зүтгэн тэмцэх бол нөгөө хэсэг үгүй. Тэд хуучин засагт алба хашиж байсан бичээч нар байх бөгөөтөл хүний олон үрсийг зодож занчих, загнаж зандрах нь дэндүү. Танхим бор гэрт хичээллэж, сурагчид тэндээ бас амьдарна. Шагдар үе, үе ирж хүүгээ эргэхдээ аргал, янгирын мах авч ирж, сургуулийн хүүхдийн хүнс болгон тушаана.

Гэтэл... гэнэт муу мэдээ ирлээ. Гонгор хүүгийн ээжий бурхан болжээ. Угаас ужиг хуучтай болоод удсан эх тийнхүү удтал ачтай маарамба нарын барьсан эм танг хүртээд тэсэхийн дээдээр тэссэн алаг үр, амьдралын хань хоёрыгоо аргагүй эрхэнд орхиод алтан нарны тийшээ ахиж ирэхгүйгээр оджээ. Өвлийн дунд сарын тэнгэрт зузаан, зузаан үүлс хөлхөж, газарт будан буугаад цас хаялна. Гонгор танхимын бор гэрийнхээ баруун хаяанд суугаад, дүрлэн бор нүднээсээ ботгон, ботгон нулимс унагаж байв. Багш нар нь Гонгор хүүг аргадах боловч ээжийг нь яаж орлох билээ. Анд нөхөд нь найздаа хичнээн ихээр туслах гэж оролдовч бас л адилхан балчир хүүхдүүд болохоор юу хийж чадах билээ. Будан дотор хөтөлгөө морьтой хүн бүдэг бадаг үзэгдэнэ. Үнэгэн лоовуузаа бүчилсэн, их дэлтэй хээр морин дээрээ толгой гудайлган явах тэр хүмүүн болвоос аав Шагдар нь мөнөөсөө мөн. Гонгор гэрийн хаяанаас босч, нулимсаа арчаад, аавыгаа тосч алхлаа. Салхи улам ширүүсч, хүйтэн цасан шуурга хуйсагнаж, хаашаа ч харсан хаяагүй цагаан тал дүнсийнэ. Өнчин хүүдээ ирсэн өнчин эцэг сохор будан дунд мориноосоо бууж, гаслан тээсэн халуун элгэндээ ганц үрээ тэврэх тэр эгшинд харах нүд хичнээн ихээр өвдөж байсныг хэлэх үг олдохгүй нь.

1933 оны зун цаг билээ. Хэрлэн нутаг гэдэг чинь ургаж анхилаад, ус мөрөн нь эгшиглэн, эгшиглэн урсаж, униар суунаг алс тэртээд бууж, босон, айл хотлоор налайн жаргаад, алтан нарны илч өндөр хөх тэнгэрээс гийж, аялгуут шиврээ бороо өнөжин, шөнөжин орно. Ардаг тарган морьдын зоог хотолзуулсан залуус айлаас айл руу давхиж, амраг охиддоо даруухан очно. Ингэхдээ тэд нэг нэгнээсээ “Цэрэг татлага хэзээ эхлэх вэ” гэж сураглах агаад армид очиж, жинхэнэ эр хүн болох хүсэл, зоригтоо бүрнээ автсан байх ажгуу. Тэдний дунд Шагдарын тарвагачин хүү гэгдэх Гонгор бас л шуурга салхи шиг явж, ардын цэргийн албыг нэр төртэй хаагаад Машийн Навааны амраг жаахан охин Дэнсмаатайгаа ханилан сууж, амьдран жаргах хүсэлтэй. Ер нь 1930-аад оны залууст цэргийн алба хаах хүсэл машид их бөгөөд, тэр үед манай зэвсэгт хүчний нэр хүнд асар өндөр байсан төдийгүй, хоёр жилийн цэргийн алба хаасан эрчүүд нутаг усандаа эргэж ирээд сум, бага, намын үүрийн дарга зэрэг чухал албанд томилогдон, үр бүтээлтэй ажилладаг байв. Өөрөөр хэлбэл, арми их, дээд сургуулийг орлож, түргэвчилсэн сургалтын аргаар Монголын өргөн уудам тал нутгийг гэрэлтүүлэн гийгүүлэх сэхээтнүүдээ чадварлаг бэлдэж чаддаг байлаа.

             Гонгор бээр түргэхэн цэрэгт явж ирээд энхрий хайрт Дэнсмаатайгаа гал голомтоо бадрааж, ачит аав Шагдарыгаа дэргэдээ асарч тойлоод, хүний орчлонгийн хүнд хэцүүг үүрч, эдэлсэн эцгийнхээ өврөөр дүүрэн ач нартай болгохыг хүснэ. Үүнийг нь мэдсэн юм шиг өвгөн Шагдар үдшийн нам гүмд ширмэн тогоон дээр унд, хоол буцлах эгшинд олноо өргөгдсөний 7 дугаар он буюу 1917, 1918 оны үест Богд Хаант Монгол Улсын нийслэл хот Их Хүрээний Хужирбулангийн цэргийн ангид жанжин Сүхбаатартай хамт алба хааснаа хуучилна. Шагдар гуай гэхдээ зүгээр ч нэг ярьж суухгүй, ёстой л өгүүлэх урлагийг төгс сайн эзэмшсэн азай буурал гэдгээ үг бүртээ нотолж, өөрийн он жав, тэр үеийн жирийн байлдагч Сүхбаатар цэргийн эрдэмд ямархан төгс сайн суралцаж, сум тоолон онож, мэргэн харваад, сэлэм эргүүлэхдээ таг дугуй хөх усан самбай шиг үзэгддэг, савлуурт дүүжин дээр үе нь хаана байгаа юм бэ гэмээр эргэдэг байсан, энэ чадварыг нь үзсэн нөхөд нь түүнтэй зүйрлэх зүйл олдохгүй ядахдаа “гоймон” хэмээн анх хочилсон тухай өвдгөө алгадан босч ирээд ярих нь даанч амттай. Басхүү Шагдар гуай заавал ёс юм шиг унд цай, идээ будааг идэвхийлэн зэхээд цэргийн албаа мэнд сайн хааж ирсэн нутгийн залуусыг гэр өргөөндөө зална. Тэгээд армийн сонин сайхнаас яриулж, сурсан эрдмийг нь лавлан асуухдаа “Миний хүү Гонгор наашаа, ойрхон суу. Сайтар сонсож ав” гэнэ. Гонгорт ч аавын үг алт болохоор ах нарын ам руу орчих шахдаг байлаа. Тэгж тэгж албаа хаагаад ирсэн залуусын яриа шингэрэхийн үест Шагдар ажаа мод толгойгоо нэгэнтэй нэрж, өтгөн хөх утааг хорхой хүрэм уушгилж үлээгээд “ Талийгаач хөгшин бид хоёр муу хүүгээ бага сургуулийн танхимд гүйцэд суулгаж, эрдэм сургаж чадсангүй. Одоо цэргийн албанд нь явуулбал ихийг эс ч бага сага юм сурч ирэхсэн байгаа даа. Ер нь миний хүү эр хүний заавал хаах хуультай төрийн энэ албандаа намайг танагтайд явж ирэг. Хүн бүлгүй гэж алийн болгон хоргоох вэ. Эртхэн явж бушуухан ирэг” гэж ирээд л нүд дүүрэн мишээнэ. Эцэг хүнд үүнээс илүү сайхан зүйл гэж байх уу даа. Шагдар ажаа Гонгор хүүдээ бас “Хүү минь чи цэргийн албанд явна л гэнэ. Цэргийн газар очоод олон аавын хөвгүүдтэй танилцана. Тэдэнтэйгээ нэгэн аав, ээжийн хүүхдүүд шиг эвтэй найртай явдаг юм шүү. Манай эртний мэргэн сургаал үгэнд олонтой бол баян, танилтай бол талын чинээ, танилгүй бол алгын чинээ гэдэг. Цувж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр, харь хортон этгээдэд барс шиг, халуун элгэн зуур наран шиг бай” гэж байнга захина.

            Удтал хүлээсэн цэргийн зарлан дуудах хуудас ирлээ. Шагдар ажаа Гонгор хүүгээ дагуулсаар хуучин Цагаан эргийн хүрээ байснаа саяхнаас Өндөрхаан хот болсон аймгийн төвд ирэв. Аймгийн төвд таних мэдэх хүн ховор. Цэрэг татлагын газар бол бүр ч цөөхөн. Гонгор өсөх багаас нэг голд тоглож өссөн сумын нөхөдтэйгээ хамт байлцах хийгээд, тэдний дунд Шагдар ажаагийн ганц хүүгийн бүх насны нөхөр болсон Машийн Навааны Содов байсан нь сайн хэрэг билээ. Содов угтаа Дэнсмаагийн төрсөн ах юм. Газар газраас ирсэн олон залуус хөлхөлдөж, эрүүл мэндийн үзлэг эхлэв. Гонгор яваад орчихлоо. Хөөрхий Шагдар гуай хүүгээ хүлээж зогсоно. Залуус шуугилдсаар эгнэж суусан эмч нарт биеэ үзүүлж эхлэв. Эмч нар залуусаас “Ямар нэгэн хууч өвчин бий юу” гэж асуусанд галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй цаадуул нь “Би ч яах вэ. Өө нь гэвэл залуу, өвчингүй эрүүл хүндээ” гэчихээд ханайтал зогсоно. Гэсэн ч тэдний дунд бас “Намайг өвчтэй гээд тэнцүүлсэнгүй” хэмээн уруу царайлж зогсох ганц, нэг хүн байх.

            Гонгор үзлэгт ороод тэнцлээ. Гэтэл бөөн баяртай хувцсаа өмсөж зогссон түүнийг аймгийн цэргийн хэлстийн даргын өрөөнд дуудав. Түмэн олон Хангинуур гэдэг нэрээр аль эрт мэдэх болсон Чойжавын Чимэд дарга дүрэмт хувцсаа жавхайтал нь өссөн, хутганы ир шиг хурц харцтай, шаардлага өндөр, тушаал түргэн, үг ширүүн  нэгэн. Гонгор даргын өрөөнд зогсож байтал нэгэн жаахан охин гаднаас орж ирээд аавынхаа чихэнд үг шивнэчихээд гараад гүйчихлээ. “Яг л миний ахын охин шиг хөөрхөн амьтан байна даа” гэж бодож байсан Гонгорыг Чимэд дарга Тамсагбулангийн алдарт 6 дугаар морьт дивизэд хуваарилж орхив. Тэр жил Хэнтий нутгийн бүхий л шинэ цэрэг Тамсагбулаг руу мордсон юм. Гонгор Чимэд даргаас нагац эгчийндээ очиж амсхийх зөвшөөрөл хүсэх гэснээ тэгж чадсангүй. Харц дальдарч, зүрх алдан бушуухан л өрөөнөөс нь гарахын түүс боллоо. Хоёр,  гурав хоногийн дараа хотоос шинэ цэрэг ачсан Пулу-5-ууд ирж, Хэнтийн цэргүүдтэй нийлээд Тамсагбулаг руу хөдлөх боллоо. Шагдар өвгөнөөс гадна эгч Гэнэн, ах Лхамсүрэн зэрэг садан төрлүүд нь Гонгорыг үдэж өгөхөөр иржээ. Түмэн олон бужигнаж, аав, ээж нь хүүгээ, ах эгч нь дүүгээ,  амраг бүсгүй нь дурлалт залуугаа, гэргий хань нь эр нөхрөө, үр хүүхдүүд нь аавыгаа эх орныхоо зүүн хязгаар руу мордуулна. Цэрэг ачсан 10 гаруй машиныг шигж тойрсон зон олны дундуур Шагдар ажаа зүтгэсээр ирж “Заа миний хүү, сайн яваад төр улсынхаа албыг эндэлгүй сайн хаагаад бушуухан эргэж ирээрэй” гэж хэлэхдээ хоолой нь чичирч байлаа. Эвий минь, тэр азай буурал газар дээрх ганц хүүдээ ингэж хэлээд баруун хацрыг нь үнсэж зүүн хацрыг нь илэн “Эргээд ирэхээр чинь аав нь хүүгийнхээ энэ хацрыг үнсэнэ ээ” гээд олны дунд уусан орлоо. Модон бүхээг, тэвштэй Пулу-5-ууд ёнгинон асч, цуваа хөдөллөө. Өвгөн Шагдар алаг хоёр нүднийхээ нулимсыг арчин арчин, хүүгийнхээ араас алхахдаа “Миний хүү одоо эр хүн болоод ирнэ. Аав нь хүүгээ хүлээгээд мэнд сайн сууж байна. Хөөрхий минь, өнчин үр минь” гэж амандаа шивнээд улаан судаснууд нь тодорсон нүдээ арчлаа.

            1933 оны есдүгээр сарын 14-ний өдөр эх нутгаасаа хөдөлсөн Хан Хэнтий уулын аймгийн шинэ цэргүүд Тамсагбулагт ирлээ. Хаашаа ч харсан тэнүүн өргөн тал цэлийж, газрын хязгаар, тэнгэрийн хаяатай уралджээ. Алсад торох уул нэгээхэн ч үгүй байтал хуарангийн ардтайхан шороо, тоосго овоолж босгосон өндөрлөг байна. Түүнийг Утайн таван уул гэх бол эгц хойно орших өөр нэг өндөрлөгийг Түмэн-Өлзий овоо гэцгээнэ. Шинэ цэргүүдийг карантин хэмээх хэсэг эсгий гэрүүдэд байрлуулж, үсийг аваад, халуун усанд биеийг угаалгаж, цоо шинэхэн цэрэг ногоон хувцас тавьж өглөө. Урд өмнө нь ийм сайхан хувцас огтоос өмсөж үзээгүй залуус түүнийгээ биедээ тохируулан жавхайлгаж, тэр бүү хэл, бие биенээ танихгүйд хүрэн инээлдэж хөгжилдөнө. “Хойд энгэрээсээ өндөр уул үзээгүй, хонины бэлчээрээсээ хол газрыг мэдэхгүй”  Шагдар ажаагийн тарвагачин хүү Гонгор шинэ амьдралд хөл тавилаа. Шинэ цэргийн карантины өдрүүд нэг хичээлээс, нөгөө хичээл рүү шилжиж, ингэхдээ зөвхөн цай, хоол идэж уухад л зав гарна. Жагсаал командаар хөдөлж, цэрэг бүр дарга нараасаа зөвшөөрөл авч байж хэлж ярин, явж сууна. Гонгор нөхдийн хамт эхлээд цэрэг хүний амьдралын хууль болсон олон эхт дүрэм судалж, цолны дэс дарааллыг яштал цээжилнэ. Шинэ цэргүүдийн дунд бичиг үсэг мэддэг хүн тун цөөхөн. Азаар Гонгор танхимд хоёр жил шавилан суусан нь үр өгөөжөө өгч, армийн дүрэм журмыг нөхдөдөө уншиж өгөн, харилцан ярилцаж суралцана. Танхим түүнд их зүйлийг өгчээ. Хамгийн наад захын жишээ гэхэд л жагсаж чаддаг, мөр зэрэгцэж, гар нийлүүлэн алхаж чаддаг болгосон нь олзуурхууштай.

Залуус ингэж тангараг өргөх ёслолоос өмнө амжиж цэрэг хүмүүний мэдвэл зохих эрдэмд шамдана. Тамсагбулагийн 6 дугаар морьт дивиз бол жинхэнэ бадрангуй түүхтэй, манай армийн элит, шилдэг бие бүрэлдэхүүн мөн буюу.

Энэхүү дивизийн алдрын замналыг он жилүүдийн цаанаас нэхэн санавал анх 1921 онд Жанжин Сүхбаатарын тушаалаар Монгол ардын журамт цэргийн алдарт хорооны дарга Гончигийн Бумцэндийн захирсан жижиг бага цэргээс үүсэлтэй агаад тэдгээр дайчид “Улаан тугийг бадруулаад, Улсын хэргийг мандуулаад, Урвасан хулгай Найдан ванг, Уухай хийгээд дарж явсан” баатарлаг цадигтай бөлгөө. Түүгээр ч зогсохгүй Бумцэндийн удирдсан тэдгээр бэсрэг баг цэрэг нь Барон Унгерн тэргүүтэй цагаан Оросын үлдэгдэл Островский, Хоботов нарын бүлгийг нэхэн хөөж, бут ниргээд хожмын зургаадугаар дивизийн бадрангуй түүхийг жинхэнэ утгаар нь эхлүүлжээ. Тэдгээр эх орныхоо зүүн хязгаарыг сахин хамгаалж, харийн дайсныг үлдэн хөөж явсан дайчдыг Монголын Дорнод хязгаарыг сэргийлэн хамгаалах 15 дугаар морьт суман гэдэг байснаа төдөлгүй 15 дугаар морьт хороо болон өргөжиж, 1932 онд шинээр зохион байгуулалтад оруулан Тамсагбулагийн 6 дугаар морьт дивиз болгожээ.  Энэ дивизийн цэрэг дайчид үеийн үед алдар гавьяа байгуулсаар байсны нэгэн жишээ бол 1929 онд Германы тагнуулын нисэх онгоцыг жирийн Орос винтовоор ганцхан буудаж унагасан нь дэлхийн цэрэг армийн түүхэнд байгаагүй үйл явдал болсон юм. Чухам тэртээ хөгшин Европын гүнд оршиж, хорьдугаар зууны дунд үеийг нэлд нь галдан шатаасан Германы тагнуулын онгоц хаа байсан Ази, тэр дундаа талын Монголын хөх тэнгэр дээгүүр ямар зорилгоор тагнуул хийж явсан нь одоо нэгэнт бүдгэрч, тэр үйл явдлын амьд гэрч болсон хүмүүс байгалийн хатуу хуулийн дагуу үүрд оджээ. Гэвч Германы тэр онгоц магад манай улсын дээгүүр нисэж их Наран улсын нийслэлийг зорьж явсан, эсвэл тэндээс буцаж байсан байх гэсэн таамаглал төрнө.

Шинэ цэргийн карантины хугацаа 14 хоногийн дараа дууслаа. Тэгээд цэрэг дайчдыг тус тусын салбаруудад хуваарилж, дивизийн төвд алба хаах цэргүүдийг дарга нар авч явав. Хэрлэн голын хүүхдүүд Шагдарын Гонгор, Навааны Содов, Дамдинжавын Сайнбилэг нарын бусад нөхдийн хамт Баянбүрдэний товчлох харуулд хуваарилжээ. Албаа цуг хаах болсон нэг голын залуус баяртай байлгүй яахав. Морин маршаар хороо, анги руугаа гурван мод, 90 орчим км явж ирсэн шинэ цэргүүдийг тэр даруйд тасаг, салаа, суманд шилжүүлж байрлууллаа. Дахиад л хэсэг шинэ нөхөдтэй танилцаж, газар газрын аавын хөвгүүдтэй нөхөрлөж эхэлсэн залуус улс төр, цэргийн дүрмийн хичээлд шамдаж, жагсаал, биеийн тамирын бэлтгэл сургуулилтыг тасралтгүй хийдэг боллоо. Шинэ цэргүүдэд сурах зүйл их байдаг байжээ. Тэд хилийн харуул манаанд явж, дарга нараас үүрэг даалгавар авсангүй. Хамаг чухал үүргийг хуучин цэргүүд гүйцэтгэж, Манжгоотой хиллэх газар нутгийг манаж хамгаална. Өглөөний цэвэр тунгалаг агаар тэнгэр, газраар дүүрч, хүний сэтгэлийг баясгах ахуйд дорно зүгээс алтан шаргал наран шингэн хонгор туяагаа асгана. Шугам шиг жагссан шинэ цэргүүдийн өмнүүр дарга нар алхахад мөс шиг болтол нь зүлгэж гялалзуулсан орос хромон гуталнууд нь чихрах тун ч  таатай. Дарга нар цэргүүдээс соёл, урлагийн авьяастай эсэх, нам, эвлэлийн гишүүн мөн болох зэргийг лавласаар Гонгорыг “Үндэсний Монгол бичиг мэдэгч” гэж тэмдэглэн авав. Бүртгэл дууссан хойно цэргүүд ангиас зайдуухан жагсаалын бэлтгэлийг удтал хийлээ. Цэрэг гэдэг үг нь “зэрэг” гэдэг үгнээс гаралтай тул хичнээн олон байлдагч байсан ч яг л нэг хүн шиг алхаж, гишгэж, ёслох ёстой байж. Энэ нь хэлбэрийн төдий зүйл мэт атлаа дайчдын эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлж, цус асгаруулсан тулалдааны талбарт нэг нь нөгөөгөө хамгаалж, нийтээрээ эх орноо өмгөөлөхөд онцгой үр нөлөөтэй байжээ. Жагсаалын сургуулиас бүрээн дуунаар бууж анги руу буцаж байтал цэргүүдийг сургаж байсан бага дарга “Дуу гаргаад !!!” гэсэн команд өгөв.

Тэгтэл жагсаалын дундаас хэн нэгэн цэрэг:

 “Хувь нийлүүлсэн Монгол трансаас

 Хувьсгалын харилцааг байгуулахаар

 Хурдан тэргийг хэрэглээд

 Бидний биесээ хө,

 Хурц улаан тугаараа баярыг хүргэв” гэж дуулахад бусад нь нирхийтэл түрлээ. Гонгор энэ дуунд дуртай. “Монгол транс” дуу тэр үеийн залуусын зүрх сэтгэлийг жинхэнэ хөвсөлзүүлж байсан төдийгүй энэ дууны шүлгийг Монгол тээхийн ерөнхий хорооны гишүүн, алдарт хуурч, хожим Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын жүжигчин болсон, халзан хэмээх Пүрэвийн Чимэд,  Монгол тээхийн нарийн бичгийн дарга Дашзэвэгийн Ичинхорлоо нар хавсран Тамсагбулагийн 6 дугаар дивизэд очих замдаа зохиож, түүнийгээ Монгол ардын дуу “Хулсан ташуурын” аянд тааруулан, зохилдуулсан нь “Монгол транс” дуу зохиогдсон түүх байжээ. Энэ дууны шүлгэн дотор

Аж үйлдвэрийн Монгол трансаас

Ардын улаан армийн

Арван тавдугаар хороотой

 Бидний биесээ хө,

Ажлынхаа хэлхээг байгуулав” гэсэн мөрүүд бий. Үнэхээр “Монгол транс” тээх байгууллага 15 дугаар морьт хороо байснаа 6 дугаар морьт дивиз болсон эл бие бүрэлдэхүүнтэй ажил, үүргийн шифийн холбоотой байсан юм. “Монгол транс”  дууны хоёрдугаар бадгийн гуравдугаар мөрөнд гарч байгаа 15 дугаар хороо бол алдарт Тамсагбулагийн 6 дугаар морьт дивиз мөн юм.

“Монгол транс” дуугаа дуулсан цэргүүд, дуулим талдаа яралзтал алхсаар...   

Үргэлжлэл бий...

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Илдний ир, жадны үзүүр  
Үзсэн: 4052 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2015-12-23 17:23
хөрөг гэж энэ мэдэж ав.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-12-01 09:47
Минийхээр хөрөг гэж энийг хэлнэ. Манайхан нэг хүний хөрөг бичих гэж байна гээд намтар биччихдэг ш дээ. Хүнээр дамжуулан цаг үеийн мэддэг, мэдэрдэг.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-12-01 09:46
Нэг хүний тухай бичихийн тулд түүний амьдарч байсан он цаг хийгээд тэр үеийн үйл явдлыг бичвэл залуу үед тустай байхаа. Тэр хүн хорвоо дээр амьдарсан. Тийм болохоор амьдарсан хорвоог нь бас мартаж болохгүй байлгүй дээ.
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-30 16:28
энэ одоо Гонгор баатарын тухай л бичиж байгаа юм байхдаа ертөнцийн бүх юмыг хамаад л юун ч урт юм цаашаа хичнээн ч урт байж мэдэхээр л золиг байна

Бидэнтэй нэгдээрэй