
Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттай хийж байна.
Тодруулбал, энэ онд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлснээс өнөөдрийн байдлаар 15 барилгыг ашиглалтад оруулсан.
Гэвч Боловсролын яамнаас ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүн, гал тогоо зэрэг тоног төхөөрөмжийг шийдэж өгөх боломжгүй гэсэн тул сургуулийн насны 10,500 гаруй хүүхэд, цэцэрлэгийн насны 3740 хүүхэд гэрийнхээ ойролцоо, шинэ сургууль, цэцэрлэгт суралцах боломжгүйд хүрээд байна.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд ийм нөхцөл байдалтай 20 цэцэрлэг, 13 сургууль байгаа юм.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, 179 дүгээр бага сургууль, цэцэрлэгт ажиллалаа. Тэрбээр “Уг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг өнгөрсөн тавдугаар сарын 7-нд ашиглалтад оруулсан. Гэвч Боловсролын яамнаас ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүн, гал тогоо зэрэг тоног төхөөрөмжийг шийдэж өгөх боломжгүй гэсний улмаас сурагчдаа хүлээн авах боломжгүйд хүрээд байна. Өөрөөр хэлбэл, ирэх хичээлийн шинэ жилд Баруун салаа орчмын 350 гаруй хүүхэд гэрээсээ зургаан буудлын зайд орших сургууль, цэцэрлэгт явах нөхцөл байдал үүссэн” гэв.
Мөн нийслэлийн зүгээс шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг шийдэж өгөхийг хүссэн албан бичгийг удаа дараа явуулсаар байгааг тодотголоо.
Тоног төхөөрөмж нь шийдэгдээгүйн улмаас 14 мянга гаруй хүүхэд шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгт суралцах боломжгүйд хүрээд байна | ||
Үзсэн: 117 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.