Шууд Chart

Илдний ир, жадны үзүүр-II

2015-12-01 10:56:49

-Монгол Улсын баатар Шагдарын Гонгор /хоёрдугаар хэсэг/-  

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Хувьсгалт цэргийн 1933-1934 оны өвлийн сургуулилт жинхэнэ утгаараа эхэллээ. Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин Хорлоогийн Чойбалсангийн тушаалаар энэ өвлийн эрчимжүүлсэн бэлтгэл сургуулилтын чанарыг сайжруулж, цэрэг дайчдын байлдааны болон биеийн хүчний бэлтгэлийг өндөр түвшинд хийлгэхийн зэрэгцээ тэдний дунд бичиг үсэг мэдэхгүй, чадахгүй байдлыг арилгах тал дээр ихээхэн анхаарах шаардлага бий боллоо. Гэтэл Хятадын умард хэсэгт Манж-Го хэмээх тоглоомын улс байгуулж, тус газар нутгийг Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Холбоот Улс руу довтлох түшиц болгон ашиглахаар ихэд чармайсан Японууд Квантуны арми гэгчийнхээ зохион байгуулалтыг өөрчилж, нэмэлт хүч татан өргөтгөж байлаа. Түүгээр ч зогсохгүй манай хилийн цаагуур цэрэг, стратегийн зориулалттай төмөр зам, засмал зам зэргийг тавьж эхлэв. Японууд ингэж цэргийнхээ бааз суурийг сайжруулж байхдаа тагнуулын бүлэг, хорлон сүйтгэх багуудыг БНМАУ-ын газар нутаг руу хууль бусаар нэвтрүүлж, манай хилчидтэй тулгарч, хязгаарын айл өрхүүдийг тонон дээрэмдэж, алж, устгасаар байв. Манай зүгээс гэтэл тэдэнтэй шууд зэвсэг барин тулалдахын оронд дипломатын шугамаар учраа олж, аль болох дайн байлдаанаас зайлсхийн эв зүйгээ олохыг машид эрхэмлэсэн юм. Тийм ч учраас манай дайчид бүрэн зэвсэглэсэн Японы эзлэн түрэмгийлэгчдийн өмнөөс галт зэвсэг ашиглан тэмцэх эрхгүй, зөвхөн тэднийг уран аргаар барих, айлган сүрдүүлж буулгаж авах, хилээс хөөж гаргах ёстой байжээ. Энэ нь үнэндээ амьдрал дээр буухгүй зүйл байсан гэдгийг тухайн цаг үед болсон олон үйл явдал нотолно.
Өвлийн сургуулилт эхлээд удаагүй байтал Гонгорт өөр арван дөрвөн цэргийг хариуцуулан өгч, бичиг үсэгт сургах ажлыг зохион байгуулахыг үүрэгдлээ. Үнэндээ тэр үеийн цэрэгт татагдан ирэгсдийн 70-80 хувь нь бичиг үсэггүй байсан юм.  Иймийн учир хорооныхоо номын багш Санжжавын Жамбаагаас зааварчилгаа авч ажилласан нь үр дүнтэй байв.
Нөхөд нь Гонгорыг “Номын багш” гэнэ. Гонгор ч анхандаа энэ нэрэнд дуртай биш байснаа сүүлдээ тоохоо болив. Гонгор хариуцаж авсан арван дөрвөн цэрэгт хичээл заахаас бусад цагаар цэргийн ерөнхий эрдмийн семинар, улс төр, байлдааны бэлтгэлийн хичээлд шимтэнэ. Байлдааны бэлтгэлийн хичээл олон төрөл. Цэрэг нэг бүрийн зэвсэглэлийг шалгах, буу, сэлмийг арчиж зүлгэх, тослох, задлах, эвлүүлэх, ашиглах арга барил, ажиллах механизмийг зөв мэдэх, улмаар дайсны галын цэгийг ончтой цөөхөн сумаар устгах гээд ер хөнгөнөөс, хүнд рүү шилжинэ. Гэсэн ч цэрэг хүмүүний сурах зүйл дан ганц байлдааны зэвсэгтэйгээ зөв харьцахаар дуусахгүй. Тулалдааны талбарт тасаг, салааны нөхөдтэйгээ хүч хавсарч, нэгдэн дайсанд цохилт өгөх, шаардлагатай үед ганцаар бие даан тулаанд орох, хориглох байлдааныг чадварлаг хийх зэрэг арга ухаанд чанартай суралцах нь цэрэг хүнд юу юунаас илүү чухал. Гонгор “Эвийг эхнээс нь, эрдмийг багаас нь” гэсэн аав Шагдарынхаа сургаалыг өдөр бүхэн санаж, өнөөдрийн хичээлийг ойлговол маргаашийн хичээл хялбар болно гэж мэрийнэ. Дарга, комиссарууд шинэ цэргүүдийг сургахдаа “Бэрхшээл бол хүчгүйг сөхрүүлж, хүчтэний өмнө сөхөрдөг юм” гэж хэлэх нь байлдагчдын зүрх зоригийг бадраана. Анхандаа модон морин дээгүүр ч олигтой харайж чаддаггүй, тэг голд нь очоод суучихдаг байсан шинэ цэргүүд төдөлгүй түүн дээгүүр “сэп” хийтэл харайж, сэлэмний ирийг дээш нь харуулж, олон малгайг дээр дээрээс нь давхарлаж байгаад үсэрдэг боллоо. Биеийн чадвар ахиж, сурлага, сахилга бат нь тэгшрээд ирсэн цэргүүдэд байлдааны зэвсэг тарааж өгөв. Винтов гэдэг хүчирхэг зэвсэг. Сум нь мэргэн, ямар ч автомат, хагас автомат буунаас илүү хол тусдаг, байг устгаж онох чадвар өндөр... Мөнхүү цэрэг хүмүүн өөрийн зэвсэгтээ бүрэн итгэж, түүнийг итгэлт нөхрөө хэмээн сэтгэх нь зүйд нийцнэ. Тэгж чадсан тохиолдолд ялж чадна. Үгүй бол гутамшигтайгаар ялагдаж, гутаан доромжлогдоно.
    Өөр өөрийн буу зэвсэгтэй болсон ч шинэ цэргүүдийг чухал албанд томилохгүй л байлаа. Гонгор нөхдийн хамт хал үзсэн хуучин цэргүүдтэй хорт утааны баг зүүж, буу, сэлэм, жадыг агсан, хилийн харуул манааны албанд гарахыг хүснэ. Тэгтэл ашгүй сумангийн дневалд шинэ цэргүүдээс томилдог боллоо. Эцэг Шагдар хүүгээ хэзээ ч хүний ард суулгаж, ажлын хүндээс зугтаалгаж өсгөөгүй болохоор Гонгор нөхдийн түрүүнд дневал хийдэг боллоо. Дневал гэдэг нь сумангийн ойр зуурын ажил юм. Гэвч ойр зуурын ажилгүй бол суман бас суман шиг байж чадахгүй. Дөрөв таван гэр галлаж, ариун цэврийг сахин, бие бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах нь дневалын гол үүрэг. Цэргүүдийн гар нүүрээ угаасан бохирыг зөөх, хог тоос цэвэрлэх зэрэг нь бас ч биеийн хүчний ажил биш мэт атлаа зогсоо зайгүй хийх тул тийм ч амархан биш. Энэ хооронд дайсан өөрийн тагнуулыг ганц нэгээр манай улсын хилд сэмхэн нэвтрүүлж, элдвээр хатгаж, хорлох, тагнаж турших ажлыг нэг биш удаа хийж байгаа нь сонсогдсоор. Тэр бүгдэд хуучин цэргүүд зэр зэвсгийг агсаж, хоёр гурваараа, заримдаа тасаг, салаагаараа мордоно. Тэд дайсан этгээдийг амьдаар нь олзолж ирэхийг голчлох боловч зарим тохиолдолд буу дуугаргалгүй устгах нь бий. Хал цэргүүдийн ийм баатарлаг явдал нь шинэ цэргүүдийн зүрх зоригийг бадрааж, өстөн дайсантай улаан нүүрээрээ тулж, эрэгчин, эмэгчнээ үзэлцэх хүслийг бадраана. Гонгор дневалд зүтгэсээр. Гэтэл нэгэн өдөр Гонгорт хорооны агтны байрыг цэвэрлэх үүрэг оногдлоо. Гадаа хүйтэн жавар исгэрч, газар дэлхийг цасан хунгар даржээ. Гонгор цэргийн олон агтны нойтон хомоолыг шуудайнд хийж зөөсөөр сая нэг ажлаа дуусгаад дневалаас буух гэтэл нуруу нь чийгтээд байх. Учир юу болов хэмээсэн шинэ цэрэг нэхий дээлээ тайлж үзтэл адууны нойтон хомоолны ус нэвтрээд тун ч тааруу шар өнгөтэй томоос том толбо болон тогтжээ. Гонгор түүнийг арилгах гэж хичнээн их хичээсэн ч тусыг олсонгүй. Нухсаар байтал сүүлдээ нэхий дээлнийх нь хөрс эвдэрч хугараад тун ч үзэмж муутай зүйл боллоо. Хэд хоногийн дараа байдал бишдэв. Байлдагч Гонгорын нэхий дээлний дал мөр хүн харахын эцэсгүй үрчийж хорчийгоод, нугарч хугарсан байхыг үзсэн  жагсаалын дарга “ Улсын сангийн хөрөнгө, цэргийн дүрэмт хувцсыг ингэж хайр гамгүй эдэлж, үрчийлгэж хорчийлголоо” гэж зэмлэн, нэг удаагийн ээлжгүй цагийн манаагаар шийтгэлээ.

Цэргийн тангараг өргөх өдөр ойртож, бэлтгэлийг базааж эхэллээ. Чухамдаа тангараг өргөж байж гэмээнэ цэрэг хүн сая жинхэнэ цэрэг болдог бичигдээгүй хуультай билээ. Энэ дашрамд Монгол цэргийн тангаргийн тухай учирлан өгүүлэх нь зүйтэй биз ээ. Хорьдугаар зуун гарснаар монголчууд эрх чөлөөгөө байлдан олж, 1921 онд Ардын журамт цэргийг байгуулан харийн балмад шунахай нарын эсрэг эрслэн тулалдахдаа журамт цэргийн аман тангараг өргөдөг байв. Энэ тангарагт “Ард түмний дайсантай амь бие, эд хөрөнгө хайрлалгүй та нарын хамт зүтгэе” гэсэн үнэнч үгс оршсон болой. Мөн түүнчлэн ардын журамт цэргийн дарга өөрийн захирсан хороо, салааны цэргүүддээ тушаал өгсөн даруйд үүрэг авсан цэрэг “Мэдлээ, заавал биелүүлье”  гэж хариулдаг байсан байна.
Үүний дараа 1923 оны гуравдугаар сард цэргийн тангаргийн бичгийн эхийг албан ёсоор баталж, түүнийг улс, хувьсгалын их баяр цэнгэлийн үеэр бүх цэргийн албан хаагчид нийтээрээ зэрэг уншиж байх журам тогтжээ. Уг тангаргийн бичгийг 1930 он хүртэл хэрэглэж, улмаар тус оны долоодугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 44 дүгээр хурлын гуравдугаар зүйлд цэргийн тангаргийн эх бичгийг шинэчлэн баталж өргөх журмыг хэвээр үлдээсэн байна. Энэхүү тангаргийн эх бичиг, өргөх журам нь 1940 он хүртэл үргэлжилсэн байдаг. Харин 1947 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар цэргийн тангаргийг хүн нэг бүр дэлгээ жагсаалын өмнө дайчин улаан тугийн дэргэд өргөж, тангаргийн эх бичигтэй хуудсанд гарын үсэг зурах журам тогтсон билээ.
    Дарга нарын яриа, нам улс төрийн ажилтан, анги салбарын ухуулагчдын үг, ханын сонин, үзүүлэн таниулах самбар цөм цэргийн тангараг өргөх ёслолд чиглэгдэв. Хорооны номын багш нар тангаргийн эхийг хуулаад үсэг бичиг сайн мэдэх цэргүүдэд тарааж өгөн, нөхөддөө үг үсэггүй цээжлүүлэхийг тушаалаа. Гонгор өөрийн арван дөрвөн сурагчдаа эх орон, ард түмэндээ өргөх тангаргийн бадрангуй, баатарлаг үгсийг цээжлүүллээ.  
Хүсэн хүлээсэн өдөр ирэхэд Монголын цэлгэр уужим Дорнод тал нутгийн дээгүүр хөвөн цагаан үүлс нүүж, алтан нарны бүлээн илч агаар тэнгэрээс газар дэлхийд бууна. 1934 оны тавдугаар сарын 25-ны орчимд зун цагийн дүрэмт хувцсандаа орсон цэрэг эрс жавхаатай гэдэг нь жигтэйхэн, шугам шиг жасчээ. Түүгээр ч барахгүй ахуй биедээ байлдааны буу зэвсгийг бүрэн агссан нь өнгө жавхааг улам нэмээд зүрх зоригийг бадраана. Товчлох харуулын штабын гэрийн баруунаа тусгайлан зассан тавцан дээр Тамсагбулагийн яруу алдарт зургаадугаар дивизийн бэлтгэлийн дарга 1921 оны Ардын хувьсгалын партизан, ардын журамт цэргийн дайчин Пунцагийн Тогтох, товчлох харуулын дарга, комиссар Ламжав нар гарч ирлээ. Тогтох гуай шинэ цэргийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулахаар дивизээс томилогдон ирсэн нь энэ байлаа. Комиссар Ламжав цэргийн тангараг өргөхөд бэлтгэ! гэж тушаав. Хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн, дивизийн бэлтгэлийн дарга Тогтох тангаргийн бичгийг үг, үсэгчлэн уншихад шинэ цэргүүд нэгэн дуугаар нир, нирхийтэл дагаж хэлнэ. Баянбүрдэний хөндий дахин, дахин доргилно.
    1934 оны хаврын шалгалт өнгөрлөө. Зуны алаг цэцэгтэй өдрүүд ар араасаа цувран ирж, өвс ногоо уурга далдартал ургав. Товчлох харуулынхан өвлийн программт сургалтаар танхимд боловсруулсан сэдвүүдийг зуны сургуулиар амьдрал дээр биечлэн давтав. Энэ бол цэрэг дайчдын хувьд цоо шинэ зүйлүүдийн нэг байлаа. Цэргүүд хамгаалах нуувчийг хэвтээ, суугаа, босоогоор ухаж, харилцах суваг, траншей, урт шуудуу, нуувч блиндаж буюу хээрийн бэхлэлт тус бүрийг байлдааны шаардлага хангахуйцаар малтаж бэлтгэн, тоноглоно. Басхүү танк, хуягтыг далдалж хамгаалах нуувчийг жинхэнэ байлдааны цагийнх шиг асар богинохон хугацаанд хийж гүйцэтгэнэ. Өнгөлөн далдлалтыг гарын доорх өвс ногоо, дэрс, хамхуулаар үйлдэнэ. Биеийн хүч, авхаалж самбаа шаардсан ийм сургуулилт хүнд, бэрх боловч цэрэг хүний заавал суралцах ёстой чухал эрдэм билээ. Дарга нар ч байлдагчдыг “Сургуулилт хүнд бол байлдаанд хөнгөн байдаг” гэж сургаад “Энх цагт хөлс их гарвал байлдааны цагт цус бага гарна” гэсэн Оросын цэргийн алдарт жанжин Суворовын мэргэн сургаалыг дахин, дахин сануулна.
    Мөнхүү юм гэдэг ховор. Ном зохиол бол бүр ч нүдний гэм. Тиймийн учир анхлан бичиг үсэгт шамдаж байгаа залууст цэвэр сайхан бичсэн захианы эх өгч хуулуулна. Газрын хол, усны уртаас ачлалт эцэг, элбэрэлт эх, асралт ах, эгч, дүү нарынхаа түмэн амгаланг айлтгаж, ариун цагаан хадаг ташлуулан, ам цаасыг бие болгож, алтан номын үсгийг хэл болгож, өндөр уулыг давуулан, өргөн голыг гаталгаж... гэж эхэлсэн тансаг сайхан үгсийг нямбайлан буулгах цэргүүдэд соён гэгээрэх, сурч мэдэх хүсэл их.
Гонгор нөхөддөө бичиг үсэг заахын зэрэгцээ, тэдний ар гэр, сэтгэлт бүсгүйчүүд рүү нь захидал бичиж өгнө. Тэгэхдээ хачин төгс найруулгатайгаар нэгэн цэргийн сэтгэл буруулсан амраг бүсгүйд: Гунхсан бие чинь хөгшин биш залуу юм. Гурван жил гэдэг чинь урт биш богино юм. Гунихарч гулгаж суух хэрэггүй биз дээ. Гутамшиг нэр зүүлгүй хүлээгээрэй... гээд л авч өглөө.
Нэгэн үеийн нөхөд болохоор иймэрхүү хөгжөөнтэй зүйлсийг бичицгээж, заримдаа түүнийгээ хэдэн арваар хувилаад Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дөрвөн зүг, найман зовхис руу илгээчихнэ. Харуулд явсан хуучин цэргүүдийн амнаас “Хилийн зурвас газраар дайсан нэвтрэхийг оролдсон буюу нэвтрэн орж ирснийг баривчиллаа” гэсэн түгшүүрт мэдээ сонсогдсоор. Ийм эгзэгтэй нөхцөлд хилийн цэргүүд хэзээ, хэзээнээс илүү сонор соргог байх нь зүйн хэрэг.
    Монгол нутгийн нэгэн шөнө үргэлжилж, цэрэг дайчид амрах нь амарч, харуулд гарах нь гарч байтал гэнэт түгшүүрийн бүрээ дуугарлаа. Урд өмнө нь энэ бүрээ олонтой дуугарч байсан ч энэ удаа арай л өөр байх шиг. Цэргүүд яаравчлан босч, хувцаслаад, буу зэвсгээ авч товчлох харуулын байрныхаа эргэн тойронд ухсан нуувчиндаа бэхлэлт хийж байлдааны бэлэн байдалд шилжив. Байлдагч Гонгор салааны нөхдийн хамт Аргалын товцгийн зүүн гарт хориглолт хийлээ.
Гэнэтийн энэ тушаалыг 6 дугаар дивизийн бүхий л нэгтгэлүүд хүлээн авчээ.
Тэгээд байлдааны тушаал авсан дивизийн гол ангиуд Тамсагбулагаас зүүн тийш түргэн маршаар давшиж Баянбүрдэний орчмыг эзлээд, тулаанд орох үүрэг авсан байлаа. Гүн шөнийн нам гүмд хөлийн чимээ чагнан амьсгаа дарж суух цэрэг дайчдад утсаар мэдэгдэл ирэв. Дивизээс тушааж байгаагаар бол товчлох харуулын цэрэг дайчид буруу зүг рүү хориглолт хийсэн гэх. Энэ даруйд товчлох харуулынхан нутгийн гүн рүү хориглолтод шилжив. Тийм ээ, сургуулилт байж... Харин үүнийг мэдээгүй дивизийн гол хүчний бусад ангиуд заасан зүгт удтал давшин, хоосон дайсантай алалдан тулалдах шахжээ. Түгшүүрийн дохио хээрийн сургуулилтаар солигдов.
    1934 оны есдүгээр сарын 14-нд сумангийн даргын тушаалаар байлдагч Гонгорыг цоохор хэмээх Балжинням даргатай Сүмийн хоолойн харуулд шилжүүллээ. Гонгор энд ирээд хайч авах, пайз солих, морин пост, харуулд суух, отох манаа, эргүүл манаа тэргүүтэй шинэ албан үүрэгт шамдлаа. Энэ бүгдийг сурахгүй бол болохгүй. Сурч байж эх орноо хамгаална. Сүмийн хоолойн харуулын байршил бол дайсны цэргийн бөөгнөрлийн түшиц, их замын буудалд ойроос гадна байгалийн бартаа ихтэй учир дайсан этгээд шургалж болзошгүй газар болой. Харуулын дарга Балжинням цэрэг дайчиддаа зааж, зөвлөж сургана. Тэр бас ээлжийн харуулуудыг томилон бэлтгүүлж гаргахыг байлдагч Гонгорт бүрнээ хариуцуулж гүйцэтгүүлэх боловч өөрийн биеэр нарийн шалгаж, үүрэг чиглэл өгөн, “болзошгүй үед тулгамдуузай, мэдээтэй, тайван, нөхцөл байдалд тохируулан ажиллаарай” гэж захина. 1934 оны есдүгээр сарын 23-ны өдөр Япон, Манжийн зэвсэг бүхий хэсэг цэрэг манай хилийн дотор нэвтрэн ирж нутгийн ардын арван таван адууг дээрэмдээд буцсан тухай мэдээ ирлээ. Ийм мэдээнүүд манай цэрэг дайчдыг сонор сэрэмжээ улам хурц байлгахыг шаардсаар.
Хэсэг хугацааны дараа Гонгор өөр нэгэн байлдагчийн хамт хилийн харуул эргэхээр мордов. Ер нь энэ ажлыг Гонгор Сүмийн хоолойн харуулд ирсэн цагаасаа олонтаа хийсэн билээ. Чингээд Гонгор алсын барааг ажиглаж, нөгөө байлдагчдаа мөр танд гэсэн үүрэг өглөө. Тэд 044 дүгээр хилийн манааг зүглэн явж байтал хэсэг адуу хил давж орж ирснийг тогтоов. Мөрийг сайтар шинжиж үзвэл яавч мөрөөрөө яваа азарга адуу биш. Унага, дааганы ойр гишгэгдэлтэй мөр байхгүй, ширүүхэн таруу явсан атлаа явуут дундаа өвс хазалсан нь бас үгүй. Сэжигтэй мөрийг мөшгиж, элдвийн таамаглал хийж байтал гэнэт агтны бага дарга Осор, бас нэгэн байлдагчийн хамт цэргийн агтаа туусаар хүрч ирлээ. Осорын хэлж байгаагаар ойрын үед манай цэргийн агт үүгээр яваагүй, одоо л өнгөрч байгаа нь тодорхой болов. Яавч хил давж ирсэн эзгүй адуу мал биш, яавч сайн санаа өвөрлөсөн хүмүүс биш гэдгийг Гонгор гурван нөхрийн хамт хэлэлцэж тааварлаад мөрийг цааш хөөж байтал тэдний баруун гар талд байсан Манханы оройд хэсэг бусаг жижигхэн шувууд бужигнаж байснаа алга боллоо. Энэ хамгийн түгшүүр, сэжигт газар мөн гэж бодсон дайчид морьдоо сэм орхин Манханы оройгоор өнгийтөл тээр дор нэлээд хэдэн морьтой хүн цааш хөдлөхөөр зэхэж, морьдынхоо ачааг цэгцэлж байгаа нь харагдав. Гонгор энэ даруйд бага дарга Осорт “Агтаа хил зөрчигчдийн цаагуур тойруулан баруун өмнө зүг рүү хүчтэй уулгалан хөөж, олон морьт цэрэг бүслэн авч байгаа сүрийг үзүүл” гэсэн үүрэг өгөөд, өөрөө байлдагчдын хамт үлдэв. Осор ч яг заасан ёсоор агтаа хөөж орж ирэхэд Гонгор хоёр нөхрийн хамт их дуу өгөн дайрч орлоо. Хэдэн зуун цэрэг бүсэлсэн хэмээн сэтгэж, айж, хулчийсан дайснууд манайхан руу ганц, нэг буудсанаа гараа өргөн бууж өглөө. Өөрсдийгөө тэд хилийн дагуу хориотой наймаа хийхээр яваа хүмүүс гэж мэлзсэн ч тагнуулчид байсан нь мэдэгдэв.
    Үлэмжхэн бага хүчээр илүү олон дайсныг ямар нэгэн хохиролгүй буулгаж авахад голлох үүрэг гүйцэтгэсэн байлдагч Гонгорын зургийг ангийн дэлгээтэй улаан тугийн дэргэд татуулж өөрт нь гардуулах хүндэт үүрэг ирэв. Энэ бол Монгол Ардын Хувьсгалт цэргийн сахилгын дүрмийн дээд шагнал хийгээд түүнтэй мөр зэрэгцэн дайсны тагнуулуудыг буулгаж авсан гурван байлдагчийг шинэ дээлийн торгоор шагнав.  
    1936 оны нэгдүгээр сарын 28-ны цасан шуургатай шөнө. Гонгор Хуурай тойромын харуулын нууц манаанд гарч байлаа. Зузаан, зузаан үүлс тэнгэрт хөлхөж, жихүүн салхи газарт исгэрэн, жавар тачигнана. Гонгор ардын хувьсгалт цэргийн хоёр жилийн албыг нэр төртэй хаасан ч халагдсангүй. Учир нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дархан хил рүү Японы эзлэн түрэмгийлэгчид өнгөлзөх болсонд Бүх цэргийн жанжны тушаалаар цэргийн албаны хугацааг 1080 хоног буюу гурван жил болгон сунгажээ. Энэ хугацаанд их зүйл өөр болж, хөөрхий аав Шагдар нь хүүгээ хүлээсээр тэнгэрт хальж, сэтгэлт бүсгүй Дэнсмаа нь санаа буруулан нутаг орондоо нэр муутайхан эрийг дагаад явжээ. Басхүү Буландэрсний харуулын байрыг японууд хүч хэрэглэн түрсэн тул манайхан нутгийн гүн рүү түр ухарч хуурай тойром хэмээх газар бэхжсэн нь энэ байлаа. Тийн манай хуучин харуулын цэг Буландэрс хэдхэн саахалтын цаана харагдах хийгээд, тэнд суусан японууд нүдэнд ил үзэгдэх нь нэг бодлын хорсол зэвүү хүргэнэ. Тэд гэвч зүгээр байсангүй манай харуулын нууц байрлалыг мэдсэн тул чоно борооноор гэгчээр нүдгүй цасан шуурган дундуур нэг зүйлийг сэдэж ирэх нь мэдээж. Салааны орлогч Гонгор дайсны зүг хараагаа үл салган байтал Буландэрсэнд байн, байн машин ирж, гэрэл анивчуулан, их дуу чимээ гаргаад байх. Энэ магад анхаарал сарниулах гэсэн дайсны хорон арга байх гэдгийг тэр мэдэж байлаа. Шөнийн харанхуй улам өтгөрсөөр дэргэдэх газар үзэгдэхээ болив. Тэгтэл гэнэт улин шуугих шуурган дунд чулуу хөдлөх чимээ сонсогдов. Гонгор байлдагч Очирыг ар тийш илгээж, нэмэлт хүч дуудаж ирэх үүрэг өгөөд ганцаар үлдлээ. Байлдагч Очир морьдоо барьж үлдсэн байлдагч Базарсад дээр очиж, цааш түргэвчлэн явах ёстой байв. Гонгор винтовоо сумлаж бэлэн болгоод сэжигтэй зүгийг ажиглаж байтал гэнэт дэргэд нь шахуу нэгэн зүйл бөртөгнөн хөдөллөө. Гонгор түүн рүү гал нээв. Буун дуунаар тэнгэр, газар нүргэлж, байлдагч Базарсад морьдоо алдаад, мэдээ хүргэх ёстой байлдагч Очир явгарлаа. Гонгор винтовоо дахин цэнэглэж, шагайлаа. Энэ үед дайсан этгээдийн өмнөөс шаардлагатай үед гал нээж болно гэсэн тушаал дээд газраас ирчихсэн байсан нь азтай хэрэг байв. Гонгор харанхуйг нэгжсээр байтал дахиад хэсэг бараан зүйлийн дунд нэгэн цагаан зүйл хөдлөх шиг болов. Түүн дээр овоо харааг барьсан Гонгорыг гох дарахад дахин газар тэнгэр нүргэлж, бууны дууны дараахан “түп” гэсэн чимээ гарав. Энэ бол сум байндаа туссаныг гэрчлэх төдийгүй ямар нэгэн амьд зүйлийг оносоны баталгаа билээ. Харуулын цэгт үлдсэн бага даргын буу ар араасаа дуугарсаар байхад байлдагч Базарсад морьдоо алдаад, араас нь хөөцөлдөн алга болжээ. Байлдааны чухал мэдээ хүргэхээр явсан байлдагч Очир явгарсан тул гутлын түрийг далд орсон цасан дундуур даруй 7 км гүйж нэмэлт хүч дуудахаас өөр аргагүй болсон байв.

Гонгор гурван хавчаар сумаар буудлаа. Энэ нь нийт арван таван сум болно. Дахиад нэг хавчаар сумаар буудлаа. Дайснууд олзондоо шунасан араатан шиг хар элгээрээ мөлхсөөр байхад Гонгор айж хулчийхын оронд харин ч зүрх зориг бадарч, буугаа дахин сумлаад эргэн тойрныг нэгжив. Түнэр харанхуй дунд эндээс ч бөртөгнөж, тэндээс ч сүйтгэнэнэ. Гонгор гал нээсээр байлаа. Жирийн винтовоор ингэж олон дайсны  эсрэг тулалдана гэдэг санаанд багтамгүй хэрэг билээ.
Хоёр цаг өнгөрлөө. Сум цөөрсөн ч дахиад олон дайсан байгаа нь тодорхой. Гонгор байрлалаа нэлээд хэд сольжээ. Буудах үед Орос винтовны хошуунд хэсэг гал үүсч, олон саахалтын газраас дуу нь цуурайтаж баримжаа өгдөг нь нууц биш. Дайснууд гэтэл дуугүй буугаар буудаж, зөвхөн сум нь л шунгинан нисч ирнэ. Хаанаас буудаж байгаа нь үл үзэгдэнэ. Гонгор хариу гал нээсээр байтал араас морин цэрэг нөмрөн орж ирэх нь мэдэгдэж, Бадарч даргын бадрангуй командлах дуу хоолой сонсогдов. Манайхан... Үүр манхайн цайхад дайснууд нэг хүүрээ үлдээгээд бусдыг нь аваад явжээ. Энд, тэнд асгарсан цус, улаан зам... Яг хэдэн дайсан алагдаж, шархадсаныг тогтооход бэрх. Гэхдээ барагцаагаар 7, 8 самурай цаашаа харсан, эсвэл шархадсан бололтой.
Цэргийн яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжны 1936 оны нэгдүгээр сарын 29-ний тушаал. Тамсагбулагийн 6 дугаар морьт дивизийн 17 дугаар хорооны бага дарга Шагдарын Гонгорыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхны баатар цолоор шагнаж, салаан дарга болгон дэвшүүлсүгэй. Цэргийн яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжин Хорлоогийн Чойбалсан.
Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоол.  
Харьяа цэргийн бага дарга Шагдарын Гонгор нь бидний монголчуудын баатар идэрхэг явсан түүхт алдрыг сэргээн үзүүлж, манай хувьсгалт цэргийн эд хавыг Монголын ард түмэнд таниулж, гадаадын эзлэн түрэмгийлэгчдэд сануулсанд цэргийн гавьяаны нэгдүгээр зэргийн одонгоор шагнасугай. Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн дарга Амар, нарийн бичгийн дарга Сурахбаяр.
    Ингэж Богд хаант Монгол Улсын дараа мандан бадарсан Бүгд Найрамдах Монгол Ард Улс анхны улсын баатраа тосч авчээ. Гэхдээ энэ үед улсын баатрын таван хошуутай одон, дүрэмт хувцас хараахан бий болоогүй байлаа. Зоригт байлдагчаа нам, улс төрийн удирдагчдаас шагналаа авахын өмнө 17 дугаар  хорооны Бадарч тэргүүтэй дайчин нөхөд нь малгай, мөрдэс, шинелээ тайлж өгч байсан тэр торгон мөчийг юутай зүйрлэх билээ.
        

 

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Илдний ир, жадны үзүүр-II   
Үзсэн: 4263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.81.171.xxx [183.81.171.xxx] 2015-12-03 10:55
Энэ шал дэмий нуршсан хачин юм бичих юм...иймэрхүү гачин гачин сэтгүүлчид сувс нэрж л байвал таарна. Тийм баатарлаг юмыг ийм үхээнц дор сэтгэлээр бичиж байгаа нь үнэхээр ичмээр...юм уншдаггүй нь гай юм даа
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-12-02 10:18
Neval gej bich.. Dneval gej yuu baidag yum.
183.81.169.xxx [183.81.169.xxx] 2015-12-01 14:30
Үзээгүй байж юм бичих их хэцүү байдаг байхдаа. Ер нь түүхийг их гуйвуулдаг байх шүү.Амьд байхад нь уулзаж яриулж байсан хүмүүс ганц биш байхаа. Армийн байлдааны тугийн уулзалтууд гэж нэгэн үед цэргийн ангиудаар бүх баатаруудыг автобусаар авч явж уулзуулдаг байсан. Зарим нь нас хөгшрөөд давуулж ярина,зарим нь зөвхөн ар талд адуу малыг нь барьж явсан хүмүүс байх. Дандар,Дампил Данзанваанчиг гээд. 1939,1945 оныхон гээд ялгаатай. Ярьсаныг сонссон олон мянган хүмүүс бий. Олон хүнээр яриулж дүгнэлт хий. Анхны баатаруудын нэг мөн. Нөгөөдүүл нь яаж харьцаж байгаагийн их хардагсан. Өөр юу бичихэв. Сайн судалаарай.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-12-01 12:00
saihan medee ba
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2015-12-01 11:54
Батүүл баатар аа гэж

Бидэнтэй нэгдээрэй