Шууд Chart

В.Батдоржийн аварга хонгор

2015-12-16 13:55:05

Түшээт Хан аймгийн Дархан чин вангийн хошуу буюу Төв аймгийн Баяндэлгэр сум нь улсын ууган сумын нэг. Энэ нь Баянжаргалан, Эрдэнэ, Мөнгөнморьт, Баян болон Хэнтий аймгийн Цэнхэрмандал зэрэг хурдтай сумын дунд нь оршдог, хурдны өлгий нутгийн нэг юм. Энэ нутгийн унаган хүлгүүд эртнээс улс, аймгийн наадмын дэвжээнд хурдалж байсан төдийгүй өдгөө ч Баяндэлгэрийн унаган хүлгүүдээс салбарласан адуунууд их наадмын дэвжээнээ алтан жолоогоо өргүүлсээр байна. Чухамхүү тэр нутгийн гайхамшигт хурдуудын нэг нь аймгийн алдарт уяач Василийн Батдоржийн хонгор азарга юм.

1993 оны унага бөгөөд даагандаа уягдаагүй юм гэнэ билээ. 1995 оноос буюу шүдлэн наснаасаа эхлэн 2011 оныг хүртэл алтан тоосоо тэнгэрт өргөсөн халхын хурдан ажнай. Эцэг тал нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын Балдангалсан тайжийн угшилтай хонгор азарга байсан ба эх нь Гунгаагийн Василийн унаган дулаан угшил (Улсын наадмаас дөрвөн түрүү 13 айраг хүртэж ММСУХ-ны дурсгалын мөнгөн сударт "дулаан" хэмээх Жанцангийн Дамдинжав)-тай зээрд гүү байсан.

В.Батдоржийн хонгор азарга шүдлэн насандаа сумынхаа наадамд 10-аар давхиж гараагаа эхэлсэн. Хязааландаа өөрийн сумандаа гуравлаад Баянжаргаланд есөлсөн. Азарган соёолон суманд түрүүлж, Өвгөн ноёны наадамд долоод хурдалсан. Зургаан настай хавчиг азарга суманд хоёр дахиа түрүүлж, Баянцагаанд 50-д орсон. Хонгор азарганы хамгийн тааруу уралдсан нь тэр. Гэхдээ бэртлийн улмаас тэгж давхисан гэдэг. Долоон настайдаа өнжсөн. Найман настайдаа Багануур дүүрэг, Баяндэлгэр суманд тус тус түрүүлээд Өвгөн ноёны нэрэмжит зүүн бүсийн даншигт 22-т хурдалсан. Ийнхүү Хар дэл жанжин бэйс М.Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн даншигт хоёр удаа тоосоо өргөхдөө нэгэнд нь долоолж, нөгөөд нь 22-т давхив.

Дараа жил нь буюу есөн настай азарга Буянт-Ухаагийн буурал дэнжид тоосоо өргөж, Ардын хувьсгалын 80 жилийн ойд 15-д хурдлаад “Шувуун саарал” наадамд түрүүлсэн. 2002 онд АХ-ын 81 жилийн ойд 10 настайдаа дөрөвт хурдалж, халхад данстай түмэн эх боллоо. 11 настай азарга Төв аймгийн 80 жилд түрүүлээд Багануурын наадамд дахиад түрүүлсэн. Хойтон жил нь хөлний бэртлээс болоод өнжсөн. 2005 онд хаврын уралдаанд хоёр айрагдаад зун нь Багануурт түрүүлсэн. 2006 онд буюу Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор дахиад өнжсөн. 2007 онд сумандаа түрүүлээд хойтон жил нь дөрвөлж, түүний дараа жил аман хүзүүдсэн. 2010 онд өнжөөд 2011 онд сумынхаа наадмаар зодог тайлсан.

Василийн Батдоржийн энэхүү хурдан хонгор азарга ийнхүү 1995 оноос хойш 2011 оныг хүртэл уралдахдаа улсад нэг айрагдаж, бүсэд хоёр түрүүлээд сумынхаа надамд тав түрүүлж, гурав айрагдсан. Багануур дүүргийн наадамд гурав уралдахдаа гурав түрүүлсэн байна. Уралдаж байх хугацаандаа гурван жил уягдалгүй өнжсөн. Хонгор азарга өөрөө хурдан байгаад зогсохгүй үр төлүүд нь ч гэсэн хурдан. Гэхдээ ихэвчлэн охин төл өгдөг ба цөөхөн хэдэн эр төл буюу ах, дүү хоёр хонгор азарга гарч ах нь гурав айрагдаад эндсэн. Дүү хонгор азарга нь сумандаа дөрөв түрүүлж, нэг айрагдсанаас гадна Баянхонгор аймгийн 70 жилийн ойд айргийн тавд орж, хаврын уралдаанд дөрвөн удаа түрүүлж, айрагдаад байна.

Ийнхүү эцэг хонгор азаргыг нутгийнхан нь аварга хонгор хэмээн хүндэтгэдэг.

Нийтэлсэн: У.Баярсайхан

В.Батдоржийн аварга хонгор   
Үзсэн: 1894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй