
Монголын хөлбөмбөгт болоод дотоодын спортын түүхэнд урьд өмнө байгаагүй өндөр шагналын сан буюу 500 сая төгрөгийг “Хүрхрээ” брэнд амлаж, “Арвайн үндэс” компани хөлбөмбөгийн дээд лигийг жилийн 100 сая төгрөгийн шагналын сантай болгосон. Мөн доод дивизон болох “Хүрхрээ” үндэсний нэгдүгээр лигийн тэмцээнийг зохион байгуулсан нь тамирчдын чанар чансаа, хоорондын өрсөлдөөн, цаашлаад дотоодын хөлбөмбөгийн үнэлэмжийг эрс нэмэгдүүлсэн үйл явдал болсон. Гадны өндөр хөгжилтэй орны жишгийг даган дээш дэвших, доош унах систем хэрэгжиж эхэлсэн нь өөрөө бодит үр дүнгээ өгч тоглолт бүрийг үнэ цэнэтэй болгох хэрэгсэл болов.
Өнгөрсөн жилийн “Хүрхрээ” үндэсний нэгдүгээр лигт “Баянгол ФС”, “Континенталь” болон “Хангарьд Сити” гэсэн гурван клуб сүүлийн тойрог хүртэл өрсөлдөж эцсийн мөчид “Континенталь”, “Хангарьд Сити” багууд “Хүрхрээ” үндэсний дээд лигт дэвшин орох эрхтэй болсон. Дээд лигт орно гэдэг асар том хариуцлага. Үүнийг дагаад шагналын тоо ч хэд дахин өсөх юм. Саяхан болсон “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслол дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Хандивын спорт хэзээ ч хөгждөггүй. Спортыг хөгжүүлэхийн тулд цаашид бизнес болгох хэрэгтэй” гэсэн билээ. Үүнийг онцлох болсон шалтгаан нь ирэх жил дээд лигт орох нь тодорхой болсон ч ямархуу амжилт үзүүлэх нь тийм ч тодорхой биш байсан “Хангарьд Сити” баг худалдагдлаа. Өөрөөр хэлбэл, өөрсдийн багийн нэрээ тэд “МТ” групийн охин компани болох “Эй Ар Би” ХХК-д 15 сая төгрөгөөр худалдлаа. “Эй Ар Би” ХХК-ийн захирал М.Дашням тус клубийг худалдан авч “Улаанбаатар Сити” болгож буй бөгөөд 300 сая төгрөгөөр хүчээ сэлбэж ирэх онд “Хүрхрээ” үндэсний дээд лигт цахиур хагалахаар төлөвлөж байна. Хөлбөмбөг сонирхогч бид бүхэн хагас жил хүрэхгүй хугацааны дараа “Их хотын нийслэл Улаанбаатар”-аар нэрлэгдсэн дөрвөн багийн ширүүн өрсөлдөөнийг харна.
“Хангарьд Сити” баг 15 сая төгрөгөөр худалдаалагдлаа | ||
Үзсэн: 461 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.