
Зам, тээврийн сайд, УИХ-ын гишүүн М.Зоригт өнгөрсөн лхагва гарагт Замын-Үүдэд ажиллаад ирлээ. Тэрбээр тус боомт дахь улс хоорондын тээвэрлэлтийн үйл ажиллагаа, төмөр замын шилжүүлэн ачих терминал, “Авто тээврийн төв” ТӨҮГ-ын Замын-Үүд дэх салбар, АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй Бүс нутгийн логистикийн төв барих төслийн хэрэгжилт, төлбөр хураах цагийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр сайдаас дараах асуултад хариулт авлаа.
М.Зоригт: Замын-Үүдийн боомтод тулгардаг олон асуудлыг ирэх онд зохицуулна
-Замын-Үүдэд ажилласан гол зорилго тань юу байв?
-Зарим хүн намайг “Эндхийн ажил байдалтай танилцаж эсвэл шалгаж байна” гэсэн. Тэгвэл би тэс өөр зорилготой ирсэн. Монголын зам тээврийн салбар болон Ази, Европын зах зээлийн талаар холбогдох хүмүүстэй нь санал бодлоо солилцох гэж ирсэн. Эхний хугацаанд ОХУ-аас манайхаар дамжигдаж БНХАУ руу очих 3.2 сая тонн түүхий нефть Замын-Үүдийн боомтод хэдхэн хоногийн өмнө ирлээ. Цаашид бид нэмж тээвэрлэж чадахаар байвал үргэлжлүүлнэ. Түүнчлэн Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр замын хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар Замын-Үүдээр дамжин өнгөрч байгаа ачаа тээврийн ажиллагааны хурдыг түргэсгэхээр боллоо. Ажил байдалтай нь ч танилцлаа. Өмнө нь хоёроос гурван цаг хүлээж гардаг байсан бол энэ нь ирэх оноос хэдэн минутын л ажил болно.
-Тэгвэл зорчигчдод ямар нэмэлт үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн бэ?
-Зорчигчид УАЗ-469 машинаар хил гардаг. Заримд нь хүндрэлтэй ч байдаг гэсэн. Тиймээс ирэх оноос эхэлж зорчигчид Улаанбаатараас хөдөлсөн вагоноороо хилээр шууд гарах боломжтой болно. Замын-Үүдэд бууж хугацаа алдахгүй гэсэн үг. Түүнчлэн автобусны компаниуд ажиллаж байна. Тэгэхээр зорчигчид УАЗ-469 машинаар гарах уу, эсвэл вагон, автобусаар хил нэвтрэх үү гэдгээ өөрсдөө шийднэ. Хамгийн гол нь тэднийг сонголттой болгохын зэрэгцээ ая тухтай байлгах гэж л ийм ажил эхлүүлээд байгаа юм. Үнийн хувьд автобус, вагон хоёр ижил.
Бас Соёлын төвийн асуудлыг шийдэж өгөөч гэж байна. Ер нь энэ бүхэн цаашлаад нийгмийн асуудал болох учир хамтаараа шийдэж байна гэсэн үг. Боломж ч бий.
-Вагон, автобус нэмэгдсэнд УАЗ-469 машины жолооч нар дургүйцэж байна?
-УАЗ-469 машины жолооч нартай би уулзсан. Тэд энэ арга барилаараа нэг хэсэгтээ ажиллана гэсэн. Хүний л амьдрал хойно дургүйцэх нь ойлгомтой. Гэхдээ бид хамгийн гол нь зорчигчдынхоо аюулгүй байдал, тав тухыг эрхэмлэнэ. Замын-Үүдэд хүн тээвэрлэдэг 500 орчим УАЗ-469 машин байдаг юм байна. Тэдний 200 орчим нь өдөр бүр ажилладаг гэнэ. Гэхдээ энэ гурван тээвэрлэгч өөр өөрийн гэсэн онцлогтой гэдгийг зорчигчид мэдэх хэрэгтэй. Хамгийн гол нь энэ их өрсөлдөөнийг дагаад чанар нэмэгдэнэ.
-Та онгоцны түлш агуулах хэсгээр орсон. Тэнд юу яригдав?
-Хямд үнээр дотооддоо ашиглах талд ярилцаж, тохиролцлоо. Шатахуун үнэтэй байвал онгоцны тийз төдий чинээ үнэд хүрдэг. Тиймээс шатахууных нь үнийг багасгавал агаараар зорчигчдод бага ч гэсэн ашигтай.
-Хадгалалт нь ямар байна вэ?
-Шинэ хэв маягаар хадгалж байна. Өмнө нь манайх ОХУ-ын арга барилаар хадгалж, саваа ч шинэчлэхгүй байснаар шатахууны бохирдолттой болсон. Үүнээс нь үүдэж онгоцны мотор болон бусад төхөөрөмж эвдрэх аюултай байв. Харин одоо гайгүй болно байх.
-Дэд бүтцийн талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Аж ахуйнууд нь хэтэрхий хол юм шиг санагдлаа. Харин танд ямар бодол төрөв?
-Дээхэн би энэ суманд дөнгөж ирээд буцсан. Тэгэхэд буудлагын шороо шиг сэндийчлэгдсэн харагдсан. Энэ удаа ч талын нэг тараасан шагай шиг санагдлаа. Гэхдээ би ганцхан өдөр ажиллачихаад дүгнэнэ гэдэг хэцүү. Нутгийнх нь удирдлагууд үүнд бодлоо чилээдэг байлгүй дээ.
-Замын-Үүд, Эрээн хот хэдхэн км-ийн зайтай мөртлөө хөгжил нь тэс өөр. Манайд боломж нь байхад яагаад ийм удаан хөгжилтэй байдаг юм бэ?
-Би Эрээний хөгжлийг харж байгаагүй. Гэхдээ Замын-Үүд хөгжиж л байна шүү дээ. Сумын төв гэхэд хүн амтай нь харьцуулахад мундаг байна. Бүртгэлтэй иргэн 17 мянга байгаа бол бүртгэлгүй нь мөн л энэ анзааных болох нь. Үүн дээр дамжин өнгөрч байгаа хүмүүс нэмэгдэхээр асар их тоо гарахаар байна.
Ч.Эрдэнэдалай: М.Зоригт сайд зам тээврийн ажилтай танилцаж, сайн үнэлгээ өгсөн
Улаанбаатар төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал, хамгаалалт хариуцсан орлогч дарга Ч.Эрдэнэдалайгаас дараах асуултад хариулт авлаа.
-Сайд та бүхний ажилд ямар үнэлгээ өгөв өө?
-Бид Улаанбаатар төмөр замын ажлаа танилцуулахаар сайдтай нэг вагонд хамт сууж ирсэн. Сайд замдаа зорчигчидтой ч уулзаж санал бодлыг нь сонссон. Замын-Үүдэд ирээд зам тээврийн бүх ажилтай нь танилцаж, сайн үнэлгээ өглөө.
-Та нарт хэд хэдэн ажил гүйцэтгүүлэх үүрэг өгсөн. Хамгийн түрүүнд алийг нь эхлэх гэж байна вэ?
-Монголын төмөр зам төрийн өмчит ажлын тээврийг шилжүүлэн ачуулах байгууламжийг Улаанбаатар төмөр зам түрээсийн гэрээгээр ашиглах хэрэгтэй гэсэн. Тиймээс бид 2016 оноос өмнө энэ тухай гэрээ байгуулна. Сайдын зүгээс бидэнтэй маш олон ажилд хамтрахаа ч амласан.
-Танай салбарт хамгийн хүндрэлтэй ямар асуудал байна вэ?
-Сайдад уламжлаад гүйцэтгүүлэх ажил одоогоор алга. Дотоод ажлаа өөрсдөө шийднэ.
-ОХУ-аас манайхаар дамжин БНХАУ руу 3.2 сая тонн нефть нэвтрэн өнгөрөхөөр эхний туршилтын буултыг хэдхэн хоногийн өмнө Замын-Үүдэд хийсэн. Ер нь манай талд техникийн болон бусад талд гарах хүндрэл бий юу?
-Байхгүй. Бүрэн боломж бий. Харин вагоноос вагон руу шилжүүлж ачихыг Хятадын тал хариуцахаа амласан.
-Зорчигчдын урсгал одоогоор ямар байгаа вэ?
-Хэвийн үзүүлэлттэй байна. Энэ нь улсын эдийн засгийн хүндрэлтэй ч холбоотой байх. Харин Цагаан сар дөхөх, хичээл орох үед ачаалал нэмэгддэг. Тэгвэл бид вагоны тоог нэмнэ.
-Улаанбаатараас гарсан вагон Замын-Үүдэд хилийн боомт нээгдэхээс 40 минутын өмнө ирдэг. Үүнд зорчигчид дургүйцээд байгаа. Тиймээс танай байгууллага үүнд зохицуулалт хийж цагийн зөрүүгээ өөрчлөх боломжтой юу?
-Асуудлыг судална. Хөдөлгөөн зохицуулалтынхантай ч ярилцана. Энэ бол сайдын бидэнд өгсөн үүрэг даалгаврын нэг.
М.Зоригт: Замын-Үүд хөгжиж л байна | ||
Үзсэн: 512 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.