
Олон улсын цанын холбооны энэ жилийн сноубордын дэлхийн цомын тэмцээн АНУ-ын Калифорниа мужид болж, ангилал тус бүрийн шилдгүүд тодорсон байна.
Маммот уулын цанын баазад энэ сарын 21-нд эхэлж, өнөөдөр өндөрлөсөн тус тэмцээнд "slopestyle" болон "halfpipe" ангилалд нийт зургаан орны 40 гаруй тамирчин хурд хүчээ сорин өрсөлджээ. Өчигдөр halfpipe ангиллын шигшээ тоглолтод эрэгтэй 10 тамирчин, эмэгтэй 6 тамирчин өрсөлдсөн юм.
Эрэгтэйчүүдийн төрлийг энэ ангиллын аварга гэгддэг 2014 оны дэлхийн аварга Япон улсын тамирчин Рио Аоно тэргүүллээ. Тэрээр сүүлчийн гараанд амжилттай газардаж, нийлбэр дүнгээр 91.20 оноотой болж, уулын цанын спортын сноубордын гранпри тэмцээний аварга болсон юм.
Тэмцээний хоёрдугаар байрт АНУ-ын тамирчин Чэйс Жооси /Chase Josey/ шалгарлаа. Тэрээр гурван гарааны дараах нийлбэр дүнгээр 90.20 оноо авч, шалгарсан юм. Харин гуравдугаар байрт мөн АНУ-ын тамирчин Гэйб Фергюсон /Gabe Ferguson / 85.80 оноотойгоор шалгарчээ.
Уулын цанын спортын сноуборд ангиллын хоёрдугаар гарааны дараах байдлаар Япон улсын тамирчин Аоно 1450 оноотой тэргүүлж байгаа бол АНУ-ын тамирчин Чэйс Жооси 1090 оноотой удаалж байна. Эмэгтэйчүүдийн halfpipe ангиллыг эхний гурван байрыг зохион байгуулагч орны тамирчид эзэлсэн юм. Тус ангилалд 2002 оны өвлийн олимпийн наадмын аварга, 2010, 2014 оны олимпийн наадмын хүрэл медальт АНУ-ын шилдэг тамирчдын нэг Келли Кларк тэргүүллээ. Тэрбээр гурван гарааны дараах байдлаар нийт 93.80 оноо авч, тэмцээнийг хошуучилсан юм.
Түүний араас АНУ-ын тамирчин Хлоя Ким /Chloe Kim/ шалгарлаа. Өдгөө 15 настай Хлоя Кимийг АНУ-ын ирээдүй гэж харж байгаа гэж тэмцээний үеэр дасгалжуулагч нь мэдэгдсэн байна. Харин гуравдугаар байрт Мэдди Маестро нийлбэр дүнгээр 83.20 оноотойгоор шалгарсан юм. Уулын цанын спортын сноуборд ангиллын эмэгтэйчүүдийн төрлийг АНУ-ын тамирчин Келли Кларк 1400 оноотой тэргүүлж байгаа бол БНХАУ-ын тамирчин Хуетонг Цай 500 оноотой байна.
Уулын цанын сноуборд ангиллын шилдгүүд тодорлоо | ||
Үзсэн: 924 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.