Шууд Chart

“Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулна

2016-03-25 15:00:00

Төв аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын Урлагийн Ажилтны Холбоо хамтран Б.Дамдинсүрэн, Д.Нацагдорж нарын “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдаан”-ыг долоо дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулах гэж байна. 

Энэ удаагийн уралдаан гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хот болон Төв аймагт гурван үе шаттайгаар явагдана. Гурван шатнаас шалгарсан оролцогчид УДБЭТ-т гуравдугаар сарын 30-31-ний өдрүүдэд 18:00 цагаас “Учиртай гурван толгой” дуурьт тоглож эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцох юм. Гала тоглолт дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Төв аймгийн "Монгол туургатан" театрт болно.

Уралдаанд Ховд, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Төв аймаг зэрэг төв, орон нутгийн мэргэжлийн театр, чуулгууд болон ОХУ-ын Буриад улсын ДЭТ-ын дуучид, мэргэжлийн их, дээд сургуулиудын III, IV дамжааны оюутан гээд нийт 60 гаруй уран бүтээлч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Үүнээс Юндэнд 25, Балганд 12, Нансалмаад 13, Хоролмаад 13 уран бүтээлч авьяас хүчээ сорих юм байна.

Монголын Урлагийн Ажилтны Холбооны дуулаачийн нийгэмлэгийн тэргүүн, УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдаан 1990 оноос эхэлж байсан түүхтэй. Энэ жилийн уралдаан өргөн хүрээг хамарч байгаа. Манай уралдааны болзлоор 1983 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн уран бүтээлчид, эсвэл мэргэжлийн сургууль төгсөөд хувиараа ажиллаж байгаа хүмүүс хамрагдана. Уралдааны нэг онцлог нь гуравдугаар шатандаа бүтэн дуурьт уран бүтээлчид маань дуулдаг” гэв. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулна  
Үзсэн: 1061 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй