
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Санжийн Пүрэв баавай сахарын өвчнөө БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо эмчлүүлэх болжээ. Иймд зохиолыг нь шимтэн унших дуртай бидний тус дэм одоо л хэрэг болсон тул “Хаан” банк 503 4402 911, “Төрийн банк” 103 200 150 992 гэсэн дансаар хандив илгээнэ үү. Мөн түүний бичсэн номыг худалдан авч болох юм.
Тэрбээр “Эх газрын чулуу”, “Эргүүлэг”, “Цагийн урсгал”, “Усны гудам”, “Алаг заяа” зэрэг арваад роман, "Уулын намар", "Их усны хаялга", "Гурван говийн зэрэглээ", "Сүүдэр догшрох цаг", "Айлын бүсгүйг мартахгүй", "Гэрэлт маргаашаа угтахсан", "Ухаарч амьдрах орчлон", "Тэнгэрийн сум зүрхэнд тусдаг", "Тоглоомын тойрог" зэрэг уянгын тууж, "Азын цэнхэр уул", "Усаа дагаж жаргана", "Дайны жилийн хүүхэд нас", "Гандиймаа нутагтаа бий" зэрэг зуу зуугаар тоологдох өгүүллэг бичсэн. Эдгээрийн зарим нь Орос, Хятад, Англи, Франц, Испани, Вьетнам, Япон зэрэг хэлнээ орчуулагдсан юм.
Мөн Монголын уран зохиолын дээжис 108 ботийн 77 дахь дугаарыг түүний шилмэл туужуудаар бүрдүүлэн “Гурван говийн зэрэглээ" нэртэйгээр баринтаглагдсан билээ.
С.Пүрэвийн "Суварган цэнхэр уул", "Загийн алим", "Мартагдсан дууль", "Салж чадашгүй хайр", "Тэнгэр мэднэ" бүрэн хэмжээний уран сайхны кино, "Хувьсгалын өлгий нутаг", "Илч гэрлийн эзэн", "Нарны орон Алтай" зэрэг уран сайхны болон баримтат киног бид бүхэн бараг цээжилтлээ үзсэн билээ.
Уран зохиолын олон төрөл зүйлээр туурвидаг түүний "Ням гариг", "Бөглүү газар", "Уйлах миний жаргал гэж үү", "Явган цэргийн зовлон" зэрэг радио жүжиг, тууж, өгүүллэгээр Монголын радиогийн хамт олон зохиомжит жүжиг бэлтгэн “Алтан сан”-д хадгалуулсан байна.
Түүний шилдэг бүтээлүүдийг нь үнэлж 1980 онд МЗЭ-ийн, 1989 онд МҮЭ-ийн, Монголын хэвлэл мэдээллийн болон МҮОНРТ-ийн тэргүүний ажилтан цол, 1996 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1999 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2002 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн юм.
Тэр "Уулын цуурай" 1971, "Эх газрын чулуу" роман 1973, "Оноо илүүдэхгүй" 1974, "Уулын намар" туужууд 1977, "Эх газрын чулуу" роман, "Сэтгэлийн илч" 1979, “Гурван говийн зэрэглээ" 1982, "Азын цэнхэр уул" 1983, "Зүрхний өчил", "Цаг цагийн урсгал” 1986, "Усаа дагаж жаргана” 1987, “Шинэ өдөр" 1988, "Эргүүлэг” 1989. "Сүнс сүүдэр", "Усны гудамж" роман, "Чулуун хаалга" роман 1990, "Буурал бүрий" 1992, "Их усны хаялга", "Алаг заяа" роман, “Гурван говийн зэрэглээ" МУЗД 69-р боть, "Уул усны дуудлага" 2001, "Азын цэнхэр уул” шилдэг өгүүллэгүүд 2003 зэрэг ном бүтээжээ.
Энэ чинь хэн нэгэн биш С.Пүрэв баавай шүү дээ | ||
Үзсэн: 3168 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.