Шууд Chart

ЭХЭМҮТ түүхэндээ анх удаа тоног төхөөрөмжөө бүрэн шинэчиллээ

2016-03-30 18:11:25

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 90 гаруй жилийн түүхэндээ анх удаа эмчилгээний тоног төхөөрөмжөө иж бүрэн шинэчиллээ. Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл болох 7 сая еврогоор 105 нэр төрлийн 297 тоног төхөөрөмжийг хүлээн аваад байна. Ингэснээр иргэд үр хүүхдээ гадагшаа эмчлүүлэхээр явах шаардлагагүй болж байна. Тоног төхөөрөмж хүлээн авах арга хэмжээнд УИХ-ын дарга болон Шадар сайд, бусад албаныхан оролцлоо. 

Энд манай улсад өмнө нь огт байгаагүй тоног төхөөрөмжүүд ч бий. ЭХЭМҮТ анх удаа "Филифис" брэндийн 128 зүсэлт хийх хүчин чадалтай компьютер томографийн аппараттай болж байна. Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт нь л  гэхэд мөн л анх удаа суурин дижитал рентген аппараттай боллоо. Эдгээр бүх тоног төхөөрөмжийг 2015, 2016 онд үйлдвэрлэжээ. 

Орчин үеийн жишигт нийцсэн эмнэлгүүд тоног төхөөрөмжөө байнгын бэлэн байдалд байлгаж, эвдрэл гэмтэл гарлаа гэхэд тэр дор нь оношилдог. Тэгвэл яг ийм тоног төхөөрөмжүүдийг ч ЭХЭМҮТ хүлээн аваад байна. 

ЭХЭМҮТ нь эх барих эмэгтэйчүүд, ураг нярай, хүүхдийн чиглэлээр оношилгоо, эмчилгээ үзүүлдэг гуравдугаар шатлалын ганц байгууллага. Энд жилд 12 мянга орчим мэс засал хийгдэж, 40 орчим мянган хүн хэвтэн эмчлүүлдэг. Ийм төвийн тоног төхөөрөмж сайжирч байгаад Австри улсын засгийн газрын төлөөллүүд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.  

Энэ үеэр Бээжин дэх Австрийн элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч Майкл Тэнкситс "Өнөөдөр чухал үйл явдал болж байна. Нэгдүгээрт, энэ тоног төхөөрөмжүүдийг Австри улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр нийлүүлж байна. Хоёрт энэ бүх тоног төхөөрөмжийг дэлхийн 77 оронд төлөөлөгчтэй Австрийн экспортын томоохон компани нийлүүллээ. Бид хөнгөлөлтэй зээлийг цаашид үргэлжлүүлэх талаар ярилцаж байгаа" гэв.

ЭХЭМҮТ өнөөдөр ч Австри улсад найман эмч, мэргэжилтнээ сургаж байгаа юм байна. Засгийн газрын хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлийн үр өгөөжийг өнөөдрөөс ийнхүү хүүхэд, эмэгтэйчүүд хүртэж эхэллээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

ЭХЭМҮТ түүхэндээ анх удаа тоног төхөөрөмжөө бүрэн шинэчиллээ   
Үзсэн: 1638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй