Шууд Chart

Үлэмжийн чанар дор нэгдэхүй

2016-04-13 11:18:53

“...Хорол тоонон дор аргал түлсэн нүүдэлчин
Хорвоогийн сонгодог цэцнийг ариун сүүгээрээ угжсаныг
Хорин зууны түүхэнд алтан бэхээр тэмдэглэж
“Хоосон ядуу Дулдуйтын Данзанравжаа “ гэж бичсүгэй”

                                                                             Р.Чойном

Дулдуй барьж гуйлга гуйн дуулж хуурдан амиа зогоодог нэгэн эр төрсөн нэрээ гээж төөрсөн нэрээрээ дуудагдах хүү хожмын  билиг танхай  говийн  ноён  хутагтыг  дагуулан хөтлөн явахаа хэрхэн тааж мэдэх билээ.
Мажигханд бүсгүйтэй ханилаад төрсөн ганц үр  нь тэр ажээ. “Борви хээр”-ийн  домог түүний тухай сонирхолтой түүх  болох  болов уу.
Ноён хутагтын урд дүр гэж болох эрхэм  Бээжинд шийтгэгдэн суухдаа нутгаа санагалзан хээр зүсмийн морь сэтэрлэж шадар ламдаа намтраа сайтар  захин үлдээжээ. Жигжидгончиг ламтан нууцыг чандлан сахисаар суутал тэртээ олон жилийн дараа  нэгэн ядуу хүү “Борви хээр “ минь  хаана байна” гэж  асууснаас хойш жаал хүүгийн “зиндаа” хутагтын  эрэмбэнд очтол өсчээ.
Ийнхүү ноён хутагт  арван хэдэн  наснаасаа Бадгар Чойлон хийдэд сууж, буддын судар, эрдэмт мэргэдийн чинад нууцад нэвтэрчээ.
Жаалхүүгийн авьяас билэг 7-8 наснаас тодорч, жасаа даллагын үеэр аавынхаа хамт айлын найр бараадан үүдэнд сууж байтал гэнэт  ширүүн бороо асгарчээ. Гэрийн хоймор талын бүрээс сайн боловч нэвт норж үүдэн тал сиймхий нимгэн ч гуйлгачин хүүгийн дээр бороо дуссангүйд айлын хүмүүс басаж шоглох  өнгөөр  бяцхан хүү бороонд нороогүйн учрыг тавлан асуухад тэрбээр цовоо цолгин дуугаар:
Үүл гараад бороо орохын цагт
Үүд гэмээнэ хоймор юуны ялгаа вэ
Үйл нь ирээд үхэхийн цагт
Хөгшин гэмээнэ залуу юуны ялгаа вэ
гэж шууд шүлэглэн хэлсэн нь одоогийн  импровазация мэт үзэгдэл юм.
Ариун идээт хаан эцэг нь Буддад шавь орсон шиг ноён хутагтын аав Дулдуйт хожим хүүдээ шавилан сүсэглэх болсон гэдэг. Тэрбээр ариусгал бясалгалаа шингээн лагшин зассаар Хужиртын халуун рашаан, Түшээт хан, Түшээ гүн  хавьд хаваржин Туул голыг өгсөн Хэрлэн мөрнийг захлан нутагласаар байжээ.
Морилсон газар бүхнээ дэлхийн шороог ариусган найр наадам үүсгэн, дуу хуур цангинуулан, түм түжигнүүлж, бум бужигнуулан номын их өглөг буян хайрласаар явжээ.
Цэцэг ногоо, нар  хур жигдэрсэн хулгана жилийн /1840 он/ дэлгэр  зун ноён хутагтыг  Их хүрээ чиглэн айсуйг сонссон хүрээний ихэс дээдэс олны сэтгэлийг урвуулахаас илтэд болгоомжлон  Их хүрээнд орохыг эрс хоригложээ.
Тэгэхээр нь тунгалаг Туулын хөвөөнд буудаллан хол ойроос зорин ирсэн гийчидтэй  “цэнгэн хөгжилдөж” байхдаа
Түвшин сайхан сэтгэлтэн
Түмэн зүгээс цуглаад
Төвтэй сайхан найрлаад
Юутай сайхан цуглаан бэ
гэж эхэлдэг “Түвшин сайхан” дуугаа эгшиглэн зохиосон гэдэг.
Хөлгүй их найрын үеэр хангай нутгаас ирсэн өнгө зүс, ааль ялдам Балжидмаа бүсгүйтэй танилцан утгын чимэгтээ уран эгшиглэн нэмсээр хэд хоног саатан дотносчээ.
Тэрээр бурхан шашны улааны талыг баримталдаг нэгэн байсан тул наадан цэнгэх, нанчид зооглох, эхнэр авах зэрэг жирийн хүмүүний ердийн үйлээс татгалздаггүй байв.


 
Ноён хутагтын ховор гэрэл зураг

Хутагтын йог бясалгалын үндэс нь буддын дандрын ёсны охь шим болох Дэмчигийн ёс байжээ. Энэхүү ёс бол эхийн үндэс буюу арга билгийн үүднээс билгийн хувь болгодог эм талын эрчимд төвлөрөн гэгээрэх онцгой чиглэл ажээ.
Тиймээс ноён хутагтын дэргэд Дадишуари, Буяндэлгэр /Буян-Очир/ тэргүүтэй дуу хуур, ном бясалгалын авьяас билиг төгөлдөр бүсгүйчүүд ойр дотно шадарлан суудаг байжээ. Тэд ноён хутагтын олон сайхан эгшиг сургаалд уран тансаг бүжигчин, жүжигчний дүрээр амилан хувирч байсан төдийгүй Дадишуари нар ч өөрсдөө гүр дуу зохиож байсан гэдэг.


 
“Үлэмжийн чанар“ дуунд зориулсан суварга


 
Очсон зочид энэ сайхан суваргын өмнө “Үлэмжийн чанар” дууг хүндэтгэлтэйгээр  дуулдаг юм билээ.

Мөн “Үлэмжийн чанар “-ыг Ноён хутагтын шавданд зориулж шадар бүсгүйчүүдээс нь хүслийн таван эрдмийн тахил болгон өргөсөн гэх яриа бас байдаг ажээ.
 “Үлэмжийн чанар” шүлэгтээ
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт сайхан царайг чинь
Үзвээс лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ  

гэж  Дандины “Зохист аялгууны толь”-д хүслийн таван эрдэнээр гоо бүсгүйг магтах шиг тэрээр дурлалын утгын оньсыг чагталж чаджээ.
Ноён хутагт ”Миний “Үлэмжийн чанар”-ыг нэг дуулбал мянган дарь-эх уншсантай тэнцэнэ” гэж айлдаж байсан гэдэг.
Ц.Дамдинсүрэн гуай энэ дууны тухай “...Дуу, шүлгийг аль тохиолдох уран үгийг холбож, аль тохиолдох уран утгыг хэлхэж бичсэн бус гүн ухааны онолын үндэстэй, нарийн зохиомжтой бичсэн юм” гэж бахдан хэлсэн байдаг.
Их хутагт сурган хүмүүжүүлэх зорилгоор “Хүүхдийн дацан” нэртэй сургууль байгуулан эр, эм, лам, хар ялгалгүй эрдэм мэдлэг олгож, улмаар хөгжимчин, хөрөгчин /зураач, жүжигчин/, хөл гарын дохиочин /бүжигчин/, хэл хоолойн дохиочин /уран уншигч, дуучин/, урлалчин үйлчин, жас ахуйн /менежер/ хүмүүсийг бэлтгэдэг байжээ.
Эрдэм  ном  заахдаа Ноён хутагт утга уянгыг мэдэрдэг хүүхдийг цааш тэтгэн хөгжүүлж номын жинхэнэ дотоод үйлчин болгон бэлтгэдэг бол  мэдрэмж багатайг нь  тэгсхийгээд  аж ахуйн ажилд шилжүүлдэг байсан байна.
Хутагт багштан зураг урлалын ухааныг хүүхэд багачуулд зааж сургаснаас гадна өөрөө бурханы тэг зургийг баримтлан олон сайхан зургуудыг зурж үлдээсний дээр “Хүмүүн заяа судар”-ын чимэг зургийг гайхалтай бүтээн үлдээсэн байдаг.
Тэрээр өөрийн үүсгэн байгуулсан сургуулийг амжилттай төгсөгчдөд одоогоор бол боловсролын гэрчилгээ болох “Оюуны лянхуа дэлгэрсэн” хэмээх дардсын хэвийг даавуун дээр барлан хэвлэж олгодог байжээ.
Ноён хутагт яруу найрагч төдийгүй жүжгийн зохиолч, соён гийгүүлэгч олон талын төгс авьяастай нэгэн байжээ.


 
Тэрээр 1830-аад оны үеэр “Саран хөхөөний намтар” хэмээх дуулалт жүжгийг зохион найруулж, дэглэн говийн Тулгат, Хамрын хийд, Галбын гурван хийд зэрэг газруудаар нүүдлэн тоглож, олон түмнийг сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг байжээ.
Жүжигт орсон шүлэг дууллын гуравны хоёрыг нь түүний өөрөө зохиосон дуу, шүлэг эзэлдэг байна. Жишээ нь, жүжигчдийн дуулах дууг “Зээргэнтийн шил”, “Арын өндөр”-ийн аяар дуулахыг  заасан байх ба Монгол ёс заншлыг түгээмэл оруулж өгсөн байдаг.
“Саран хөхөөний намтар”-ыг тоглуулахын тулд тусгай “Намтар дуулах сүм”-ийг /театр/ бариулан хоёр давхар тайзтайгаар засаж, хөгжимчдийн суух байрыг тусгайлан бэлддэг байсан байна.
Жүжигчид  заавал урьдчилан нямба, бясалгал үйлдээд намтар дуулах сүмийн тогтоосон гороог хэн хүнгүй дураар алхан орох хориотой.
Гороог санамсаргүй давж алхсан засаг ноён ч шийтгүүлж байсан гэдэг.
“Саран хөхөөний намтар” нь хөхөөнд хувилсан Энэтхэгийн их ид шидтэний бодит түүх гэж үздэг бөгөөд гагцхүү их хутагт баяжуулан дэлгэрүүлсээр жүжгийн зохиол болгон найруулан дэглэжээ.
“Агнистийн гэгээ цуврал”-ыг эрхлэн гаргагч П.Бадрал энэ жүжгийн талаар ”Саран хөхөө бол гүн утга төгөлдрөөрөө дорно дахины Фауст юм. Гэхдээ өрнийн сонгодогууд дан ганц оюуны туйлшралаар амьдралын хуурмагт тулж очиж, тэнцвэргүй болон давчуу халилд унах гутрал эмгэнэлээр дүүрэн байдаг бол дорнын сонгодогууд  хүний зүрхэн чинадын мэдрэмж, бясалгалаар хөглөгдөн тэрхүү хуурмаг оршихуйг даван, гэгээрлийн баяр баясгалант ертөнцөд халин гардаг өөдрөг бадрангуй шинжтэй. Түүний жишээ нь “Саран хөхөө” ажгуу” гэж онцлон дүгнэсэн байна.      
Тус жүжигт бие бялдар царай зүс сайтай, дуулж, бүжиглэх чадвартай Монгол бичиг мэддэг лам, хар, эр, эм хүмүүсээс сонгон шалгаруулж тоглуулдаг байв. Тэрээр үүсгэн байгуулсан сургуулийнхаа сурагчдыг ч хуран цугларсан олны дундаас танин шилж авдаг байжээ.
Мөн жүжгийн үйл явдал, оролцогч бүрийн дуулах, хэлэх үг, бүжгийн хөдөлгөөн бүрийг нарийн тодорхой бичсэн “Сценари”-ийг тусгайлан бичсэн дэвтрүүд байдаг ажээ.
Ноён хутагт олон сайхан дууныхаа аяыг өөрөө зохиогоод зогсохгүй  нотыг хүртэл дорно дахины аргаар тэмдэглэн үлдээсэн байдаг. Энэ дуулалт жүжиг 1920-иод он  хүртэл уламжлал болон тавигдаж ирсэн юм.
Билиг танхай тэрбээр хутагтын өндөр сууринд байнга залран сууж бясалгал үйлдэхийг чухалчилж байсангүй. Их хүрээ, Долон нуур, Хөх хот болон Утай, Бээжин зэрэг газар орноор явж буян үйлдэж, ном гүрэм айлдан, эм засал хийн цэвжүү хурал болон  цаг үеийн аясад нийцэн дуу зохион, наадан цэнгэж, цам дэглэн очсон газар бүхнээ хөгжөөсөр иржээ.


 
Хамрын хийд

Манай аяллын  баг


 
 
Бас тэмээлэг...

Мөн Хамрын хийд, Галбын гурван хийд зэрэг олон дацангийн суурийг тавьж ховор нандин үзмэр, бурхан ном судрыг цуглуулж хойч үедээ уламжлан үлдээжээ.
Тэрээр 1842 онд Хамрын хийдэд тусгай сүм бариулан өөрийн цуглуулга, хаад ноёдын бэлэглэсэн  зүйлсээр “Гиваа дин равжаа лин” нэрт үзмэрийн сүмийг байгуулжээ.
Сүмийн дотор талыг олон бүсгүй хүний сийлбэр дүр бүхий цагаан чулуугаар доторлосон байв. Тэдгээрийн гарт нь цөгц бариулсан бөгөөд үзмэрийг хүмүүст үзүүлэх үед зул асаан бүхэлдээ гэрэлтдэг байсан тул нутгийн ардууд Цагаан сүм гэж нэрлэдэг байжээ.


 
Ноён хутагт сүмийн үзмэрээ өөрөө хүмүүст тайлбарлан ярих дуртай байсан гэдэг.

Манж Чин улсын хаан, X Далай лам Чүлтэмжамц болон Хятадын болон Монголын дээд язгууртнууд түүнийг гүнээ хүндэтгэн бэлэг сэлт илгээж  байсан нь ямар нэр хүндтэй байсныг нь бэлхэнээ гэрчилж байгаа юм.
Ноён хутагтыг жанч халсны дараа шарилыг нь занданшуулан уг үзмэрийн сүмд залснаар 1858 оноос “Шарилын сүм” гэж нэрлэгдэх болжээ.
Энэхүү үзмэрийн сүмийн эд зүйлсийг хариуцан их хутагтаа мөнхлөн олонд түгээх учиртай анхны тахилч Балчинчойжоо /номын нэр Иш-Лодон/ үзмэрийг хадгалах тусгай жаягийг бий болгон өөрийн хүү Ган-Очирт уламжлуулжээ. Ган-Очир хүү Наръяадаа, Наръяа нь хүү Онгойд удам залган ухаант өтгөс  хадгалсаар иржээ.

 
Ноён хутагтын эд зүйлсийг хадгалж байсан агуй  

1938 онд нүүрлэсэн устгал, егүүтгэлийн их шуурганд хутагтын байгуулсан ”Хүүхдийн дацан”, ”Намтрын сүм”, “Номын өргөө”, “Үзмэрийн сүм”-ийг бүрэн устгажээ.
Гагцхүү  Онгойн хүү Түдэв гуай өөрийн амь насаараа дэнчин тавин байж 60 гаруй авдар эд зүйлсийг нуун хадгалсаар ардчиллын он жилүүдтэй золгожээ.
Их хутагтын музейг 1991 онд Сайншанд хотноо байгуулсан байдаг.

Ноён хутагт "Ирээдүйн хэдэн жилийн хойно болох газрын эрдэм шимийг гаргаж, олон амьтныг цөөн хоногоор тэжээхийн дэмбэрэл болгон нэгэн авдар мөнгө хэмээн нэрийдэв. Үүний зүүн хагас их говийн баруун хойно ойрхон буйг хоёр авдар мөнгө хэмээн нэрийдэв” хэмээн товч намтартаа дурдсан газруудаас түүний зөгнөл ёсоор Зүүнбаян, Оюутолгойн  баялаг ордууд нээгдсэн байдаг. Оюутолгойн орд газрын  хойхно түүний цогцлоон босгосон Дэмчигийн хийдийн туурь бий.
Тэртээ арван есдүгээр зуунд их хутагт зөн билгээрээ оношлон мэдээд йогийн бясгалгалын өргөө босгож байсан газрыг сансраас авсан зургаас харахад энергийн асар их хуйлрал байдаг нь тогтоогджээ.

Уг нь аль ч музейд  зураг авахыг зөвшөөрддөггүй л дээ. Батаа дүү маань авхаалж гарган  хутагтын намтар түүхтэй холбоотой хэдэн сайхан зураг дараад амжжээ.

Уг нь аль ч музейд  зураг авахыг зөвшөөрддөггүй л дээ. Батаа дүү маань авхаалж гарган  хутагтын намтар түүхтэй холбоотой хэдэн сайхан зураг дараад амжжээ. Талархая

Уг нь аль ч музейд  зураг авахыг зөвшөөрддөггүй л дээ. Батаа дүү маань авхаалж гарган  хутагтын намтар түүхтэй холбоотой хэдэн сайхан зураг дараад амжжээ. Талархая

Уг нь аль ч музейд  зураг авахыг зөвшөөрддөггүй л дээ. Батаа дүү маань авхаалж гарган  хутагтын намтар түүхтэй холбоотой хэдэн сайхан зураг дараад амжжээ. Талархая

Уг нь аль ч музейд  зураг авахыг зөвшөөрддөггүй л дээ. Батаа дүү маань авхаалж гарган  хутагтын намтар түүхтэй холбоотой хэдэн сайхан зураг дараад амжжээ. Талархая

Уг нь аль ч музейд  зураг авахыг зөвшөөрддөггүй л дээ. Батаа дүү маань авхаалж гарган  хутагтын намтар түүхтэй холбоотой хэдэн сайхан зураг дараад амжжээ. Талархая

Уг нь аль ч музейд  зураг авахыг зөвшөөрддөггүй л дээ. Батаа дүү маань авхаалж гарган  хутагтын намтар түүхтэй холбоотой хэдэн сайхан зураг дараад амжжээ. Талархая

Уг нь аль ч музейд  зураг авахыг зөвшөөрддөггүй л дээ. Батаа дүү маань авхаалж гарган  хутагтын намтар түүхтэй холбоотой хэдэн сайхан зураг дараад амжжээ. Талархая

Уг нь аль ч музейд  зураг авахыг зөвшөөрддөггүй л дээ. Батаа дүү маань авхаалж гарган  хутагтын намтар түүхтэй холбоотой хэдэн сайхан зураг дараад амжжээ. Талархая

Уг нь аль ч музейд  зураг авахыг зөвшөөрддөггүй л дээ. Батаа дүү маань авхаалж гарган  хутагтын намтар түүхтэй холбоотой хэдэн сайхан зураг дараад амжжээ. Талархая


Үлэмжийн чанар дор нэгдэхүй  
Үзсэн: 12022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2016-04-13 13:56
Үнэхээр сонирхолтой.Лумодоо баярлалаа.

Бидэнтэй нэгдээрэй