Шууд Chart

Н.Мөнгөншагай: Аавыгаа санахдаа би хүнээс далд уйлдаг байсан

2016-04-25 13:06:58

Дуучин Н.Мөнгөншагайг уншигчид “Гангараа” дуугаар нь мэднэ. Энэ удаад би түүнтэй уран бүтээл бус, хүний дээд аав хүний тухай ярилцлаа.

-Аавын тухай яриа эхлэхээр танд юу бодогддог вэ?

-Үр хойчоо хүний зэрэгт хүргэхийн төлөө явдаг хүний нэг бол аав. Гэхдээ тэд минь “Хайр нь дотроо, хал нь гаднаа” гэдэг үгийг бодитоор харуулдаг. Ялангуяа Монгол аав хүн тэс өөр юм шиг санагддаг. Жишээ нь, Япончууд хүүхдүүдээ амьдралтай нь дөнгөж залгуулаад л орхидог гэсэн. Хүүхдүүд нь заримдаа аавтайгаа уулзах гээд ирэхээр гэрийнхээ үүдэнд уулзчихаад явуулчихдаг гэж сонссон. Харин Монгол аавууд маань хэзээ ч тийм зан гаргахгүй шүү дээ.

-Та аавыгаа хэр сайн мэдэх вэ?

-Би хар багадаа аавыгаа алдсан. Тэр үед зургаан настай байлаа. Дунд сургуульд сурч байхад дэргэдүүр үеийн хүүхдүүд аавтайгаа хөтлөлцөөд, тоглоод явж байхыг хараад хүмүүсээс далд очоод уйлдаг байсан. Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат ахын “Аавын нутаг” дууг их дуулдаг байлаа. Аав маань Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат хүн байсан л даа. Аавыг бурхан болсон болохоор ээж биднийг дагуулаад Төв аймаг руу шилжиж ирсэн юм. Тэр үеэс хойш аавынхаа төрсөн ах, дүү нараас бид холбоо тасарсан. Гэвч гурван жилийн өмнөөс авга ах, эгч нартайгаа дахин холбогдож, уулзалдаж байгаа. Мөн аавынхаа төрж өссөн нутгийн уул, овоог тахиж, морь уралдуулсан. Аавдаа хэрэндээ л буян үйлдэх гэж хичээж байгаа минь тэр.  

-“Гангараа” дуугаа та аавдаа зориулж бүтээсэн гэсэн үү?

-Тийм. Аавыг маань Г.Норовцэмбэл гэдэг байсан. Нутгийнхан “Ганган Цэмбэл”, “Тэнэг хүрэн” гэдэг байж. Нутгийн ах нар аав шиг болохыг хүсдэг байсан гэсэн. Аав маань аймгийн заан цолтой, эмнэг хангалд гаргууд байж. Тухайн үед би бага байсан болохоор сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ би аавдаа сайхан уран бүтээл зориулах юмсан гэж бодож яваагаа Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ ахад хэлэхэд “Гангараа” дууны шүлгийн санааг хэлж, яруу найрагч Б.Болорцэрэнгээр бичүүлж, аяыг нь хөгжмийн зохиолч О.Эрдэнээ ахаар бүтээлгэсэн. Энэ дууг би бусад уран бүтээлчидтэй хамтарч хийсэн ч тэнгэрийн орноос аав минь надад илгээсэн юм биш байгаа гэж боддог. Авга ах, эгч нар “Миний дүү аавдаа зориулж ийм сайхан уран бүтээл хийсэн мундаг хүү” гэж байсан. Тэд минь ч их баярласнаа тэр үгээрээ илтгэж байна билээ. Энэ дашрамд би ээжийнхээ тухай яримаар санагдлаа. Миний ээжийг Ё.Лавдмаа гэдэг. Энэ дуунд ээж минь их хайртай. “Миний хүү аавдаа ийм сайхан бүтээл зориулсан” гээд л эрхлүүлдэг. Мөн намайг уран бүтээлч болоход их тус болсон. Тиймээс би энэ мэргэжлээ улам өндөрт авч явбал тэдний минь сэтгэл амрах байх аа. Ээж минь ааваас хойш олон бэрхшээлийг туулсан ч хүүхдүүддээ хойд эцгийн гар харуулалгүй өдий зэрэгт хүргэсэнд бид маш их баярладаг.    

-Багаасаа аавгүй өссөн та аав болоод ямар мэдрэмж амссан бэ?

-Сайн аав байхын тулд маш их хичээдэг юм билээ. Аав минь одоо байсан бол надад юу гэж захиж байгаа бол, намайг хүүхдүүдээ яаж хүмүүжүүлэхийг зөвлөх байсан бол гээд л  бодож билээ.  

-Та аавтайгаа адилхан уу. Зургийг нь хараад юу гэж боддог вэ?

-Би хоёр ах, нэг эрэгтэй дүүтэй. Авга ах, эгч нар бидэнд “Та нар бүгд аавтайгаа адилхан” гэдэг. Дүү маань үсчин мэргэжилтэй. ДАШТ-ий мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медальтай, Европ тивийн аварга үсчин болж байсан.  

-Таны үсийг ч засдаг гэсэн биз дээ. Тав гэзэг гэдэг нь энэ мөн үү?

-(Үзүүлэв). Яг ч биш л дээ. Торой засалт гэж л хэлнэ. “Гангараа” тоглолтынхоо рекламын  зураг авалтыг Алтан-Овооны хормойд авсан юм. Тэр үед жүжигчин Г.Золбоот ах хамт явж байхдаа тэгж хэлсэн юм. Тэгэхээр нь би хөшөөнийх нь дэргэд очихдоо харсан чинь төстэй харагдсан.     

-Аавтайгаа байсан үеэ хэр сайн санадаг вэ?

-Сайн мэддэггүй юм аа. Зүүд шиг л юм дурсагддаг. Ямартай ч би хамгийн хайртай хүү нь байсан юм шиг ээ. Тэр үед манайд нэг модон авдаг байдаг байлаа. Одоо ч би тэр авдрыг хүндэтгэн гэртээ байрлуулдаг. Тэрэн дотор аав маань хамаг нандин зүйлээ хийнэ. Янз бүрийн амтат чихэр тухайн үед “палантай боов” гэж ярьдаг байсан биранаг хүртэл хийнэ. Тэгсэн хэрнээ тэр авдрынхаа түлхүүрийг миний хүзүүнд зүүчихдэг байсан. Аав тэндээс юм авахаар бол намайг дуудаж байгаад цоожоо онгойлгочихоод буцаагаад зүүчихнэ. Надад ч аминчилж тэдгээр амттанаасаа ганц нэгийг өгдөг байв. Тийм болохоор ах нар надад атаархдаг ч юм уу бүү мэд, аавыг эзгүйд ах нар намайг дээрэмдэж түлхүүр аваад өнөө хамаг байдаг юмыг нь идчихээд явчихна. Одоо бодоход “Алтан өргөө” кинонд гардаг шиг юм болж байжээ. Тэр үед манайх адуу мал олонтой байлаа. Зарим үед адуу алга болчихоор аав надаас “Адуу нь хаашаа явсан бол. Миний хүү л хэлнэ дээ” гээд онгироохоор нь би хаашаа ч хамаагүй заачихна. Яг үнэндээ миний заасан зүг рүү явдаггүй байсан ч намайг багаас минь өөртөө итгэх итгэлтэй, биеийг нь даалгах гэдэг байж дээ. Эцсийн эцэст энэ бол маш том ухаан шүү. Саахалт айлуудаар намайг байнга дагуулж явахдаа үеийн хүүхдүүдтэй үргэлж барилдуулна. Өөрөө бөх байсан болохоор сонирхол нь хөдөлдөг байсан юм байлгүй дээ. Мөн гарын уртай. Дээл, зодог шуудгаа оёдог, модон сийлбэр урладаг, ерөөл магтаал сайн хэлдэг, хонины гэдэс хүртэл арилгадаг байсныг нь ээжээс сонссон. Тэр сайхан гарын болон ухааных нь ур манай үсчин дүүд өвлөгдсөн байх. Тэгээд ч дээрх олон шагналыг хүртэж дээ.    

-Тэгвэл танд юу нь өвлөгдсөн бол?

-Амьдралд хандах хандлага нь. Үүнийг ээж надад хэлсэн. Мөн аав маань хоол сайн хийдэг байсан гэсэн. Би бас тэр авьяасыг нь өвлөсөн юм шиг байгаа юм. Ямар сайндаа манай хүүхдүүд “Аав янз бүрийн хүнс нийлүүлээд гоё хоол болгочих юм” гэдэг. Би ээжийгээ ч хэрэндээ баярлуулж байгаа. Ах нар маань дандаа охин хүүхэд төрүүлсний дараа намайг хүүтэй болоход ээж маань “Удам залгах хүүтэй боллоо” гээд их хөөрсөн. Одоо би Завхан аймгийн бүх суманд “Гангараа” тоглолтоо өргөн барих гэж байна. Энэ ажилд минь ч аавын минь хэлсэн цөөхөн ч болтугай үг харамгүй тус болох юм даа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Мөнгөншагай: Аавыгаа санахдаа би хүнээс далд уйлдаг байсан  
Үзсэн: 6272 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.31.xxx] 2016-09-24 14:03
хайртай шүү чамдаа
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-04-26 12:07
сайхан ярилцлага болжээ. Уран бүтээлчид амжилт. У.Баярсайна сэтгүүлч их сайхан ярилцлага хийх юмаа. Өндрөөс өндөр амжилт

Бидэнтэй нэгдээрэй