Шууд Chart

ҮХЦ "улстөржсөн" дүгнэлт гаргасан гэв

2016-04-29 15:41:54

МАХН, ИЗНН, МҮАН-ын удирдлага, гишүүн, дэмжигчид Чингисийн талбайд “Шударга сонгуулийн төлөө” нэрийн доор Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлаас гаргасан дүгнэлтийг эсэргүүцэн өнөөдөр тайван жагсаал хийлээ. Жагсаалд МАХН-ын Дэд дарга Э.Эрдэнэжамъян, Нарийн бичгийн дарга Н.Удвал, Г.Бямбасүрэн болон ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг зэрэг намын удирдлагууд оролцсон юм.

Үндсэн хуулийн Цэц дөрвөн жилийн өмнө буюу 2012 онд “хувь тэнцүүлсэн /пропорциональ/ Сонгуулийн тухай хуулийн ”, “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...” гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн талаарх иргэн Н.Ариунболдын гомдлыг хүлээж аваад Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн Сонгуулийн тухай хуульд тусгагдсан намын жагсаалтаар УИХ-д сонгогдох буюу пропорциональ тогтолцоо нь Үндсэн хууль зөрчсөн гэж энэ оны өнгөрөгч нэгдүгээр сард иргэн Г.Баярсайхан Цэцэд гомдол гаргахад, хүлээж аваагүй.

Харин өнгөрсөн баасан гарагт буюу тавдугаар сарын 22-нд Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаа хийж, УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...” гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэн, хүчингүй болгосон юм.

2016 оны сонгууль болоход 60 хоног дутуу, сонгуулийн өдөр тулсан байхад ҮХЦ-ийн дунд суудал өмнө гаргасан шийдвэрээ үгүйсгэж, Монгол Улсын улс төрд халтай шийдвэр гаргасныг МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян онцолж байв. Тиймээс энэ шийдвэрийг МАХН, ИЗНН “улстөржсөн дүгнэлт” гэж үзэж ийнхүү жагсаал хийж байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

ҮХЦ "улстөржсөн" дүгнэлт гаргасан гэв  
Үзсэн: 1205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй