Шууд Chart

МАН: Шаардлагатай бол Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ёстой

2016-05-02 13:00:10

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлынхаа талаар бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар мэдээлэл хийлээ. Тодруулбал, МАН-ын бүлэг Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны үйл ажиллагааны тайлан болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.

Бүлгийн дарга С.Бямбацогт “Сонгуулийг хуулийн хугацаанд явуулах бэлтгэл ажлыг хангах ёстой. Нэр дэвшигчдийг тодруулах ажлыг энэ долоо хоногт явуулах ёстой. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээ хурдан шийдэж, шаардлагатай бол Сонгуулийн хуульд холбогдох өөрчлөлтүүдийг хийж, сонгуулийг цаг хугацаанд нь шударга, ил тод, олон нийтэд нээлттэй явуулах ёстой гэж үзэж байна” гэлээ.

Мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Тариаланчдад тулгамдаж байгаа санхүүгийн асуудал бий. Банкнаас зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө шаардлагатай байгаа. Үүнийг зохицуулах нэрийн дор Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, тариалангийн газраа барьцаалаад банкнаас зээл авах асуудлыг судлаад үзэхээр газрын тухай хуулиар газар эзэмших эрхээ барьцаалах эрхзүйн орчин нээлттэй байгаа. Энэ өргөн барьсан нэмэлт өөрчлөлтөөр давуу эрх гэж хуулийн зөрчилтэй ойлголтыг тусгасан байна. Өмчлөх эрхээс гадна бусад газар нутаг төрийн өмчид байдаг. Тэгэхээр давуу эрх гэдгийг нь юу гэж ойлгох вэ гэх мэт судалж үзэх шаардлагатай гэж үзсэн" гэсэн юм.

Эрүүл мэнд, спортын яам сайдгүй зургаан сар болж байгаа. Тиймээс энэ салбарын сайдыг яаралтай томилохыг МАН-ын бүлэг Ерөнхий сайдаас хүсч байгаа ажээ. Энэ талаар тус бүлгийн гишүүн О.Содбилэг “Өнгөрсөн сард Эрүүл мэнд, спортын сайдыг яаралтай томилох саналыг Засгийн газарт хүргүүлж байсан ч тодорхой шийдвэр гараагүй байна. Тиймээс энэ салбарын сайдыг яаралтай томилохыг дахин шаардаж байна” гэлээ.

Үүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлэг АТГ-ын даргыг яаралтай томилох нь зүйтэй гэж үзэж байгаа ажээ. Учир нь сонгууль дөхөж байгаа энэ үед хууль хүчний байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байх ёстой гэж үзэж байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

МАН: Шаардлагатай бол Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ёстой  
Үзсэн: 1109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй