Шууд Chart

“Сайн малчин” мэргэжлийн ангийн оюутнууд 5 сар суралцана

2016-05-03 10:47:35

Өнгөрсөн долоо хоногт Ховд аймгийн “Хөгжил” политехник коллежид “Сайн малчин” мэргэжлийн анги нээгдэж байгаа талаарх товч мэдээллийг хүргэж байсан.

Манай улсад малын тоо толгой нэмэгдэж, 50 гаруй саяд хүрсэн гэлээ ч мал маллах сонирхолтой залуу малчдын тоо жилээс жилд буурч байгаа нь энэ салбарын тулгамдсан асуудлын нэг болоод байгаа талаар судлаачид хэлдэг. 

Хөдөө аж ахуйн салбар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18 орчим хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний 30 орчим хувийг ажлын байраар хангадаг. Гэтэл өнөөдөр мэргэжлийн боловсрол, сургалтын есөн байгууллагад эрчимжсэн мал аж ахуйн фермер мэргэжлээр 157, малын эмчээр 57, малын асаргаа мэргэжлээр 38 хүн сурч байна. Энэ нь уламжлалт мал аж ахуйн сургалт үндсэндээ хаагдаад байгаагийн нэг илрэл гэж үзсэн учир Засгийн газраас малчдын залуу халааг бэлтгэх, мал аж ахуйн салбарт залуусыг татах замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх үүднээс ийнхүү “Сайн малчин” мэргэжлийн анги нээсэн ажээ.

“Сайн малчны анги”-д Ховд аймгийн сум бүрээс залуус ирсэн байна. Нийт 25 суралцагчтай хичээлээ эхэлж буй энэ ангийн хамгийн залуу нь  14, хамгийн ахмад нь 39 настай. Тэд бүгд хөдөө мал малладаг. Хэдийгээр аав, ээжээсээ малчны арга ухаанд суралцаж байгаа ч мал маллагааны орчин үеийн арга технологи, мал эмнэлэг, эмнэл зүйн ухаанд суралцах, малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар үр өгөөжийг хэрхэн ашиглах гээд олон зүйлийн мэдлэгийг суралцах хугацаандаа авахаар энэхүү сонголтыг хийсэн гэдгээ ярьж байлаа.

“Сайн малчин” мэргэжлийн ангид эрчимжүүлсэн байдлаар ердөө таван сар суралцаад төгсөнө. Энэ хугацаанд малаа хэрхэн эрүүлжүүлэх, тарилга туулгад хамруулахын ач холбогдлын талаар түлхүү зааж сургахын хамт олон жил мал малласан хашир туршлагатай малчдын мал маллах арга ухаанаас өвлүүлэх, нутаг орныхоо онцлогт тохируулан бэлчээрээ хэрхэн хуваарилах, үржил селекцийн ажлын талаар ч тодорхой мэдлэг өгөх юм байна. Түүнчлэн малаа өсгөж үржүүлэхээс гадна хэрхэн эрүүлжүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлж зах зээлд нийлүүлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулах гэхчлэн мэргэжлийн түвшний олон зүйлийг заах ажээ.

Нэмж мэдээлэхэд,“Сайн малчин” мэргэжлийн ангийг Ховд аймгаас гадна Баянхонгор, Дорнод гэх мэт бүс бүрт байгуулахаар төлөвлөжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

“Сайн малчин” мэргэжлийн ангийн оюутнууд 5 сар суралцана  
Үзсэн: 1173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй