Шууд Chart

1072 хувьцааг зарж, борлуулах ямар ч боломжгүй

2016-05-03 11:53:44

Сүүлийн өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэн бүрт эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааг худалдан борлуулж байгаа талаарх мэдээлэл ихээр цацагдсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 11:00 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газар, Санхүүгийн зохицуулах хороо болон Үнэт цаасны хороо хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэдний хэлж буйгаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гараас гарт дамжуулан худалдах ямар ч боломжгүй юм.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгийн хэлснээр одоогоор нийслэлийн дөрвөн байршилд хувьцаагаа худалдах гэсэн иргэд ихээр бөөгнөрч байгаа аж. Түүнчлэн хувьцаа борлуулсан, худалдаж авсан гэх хэргийг ямар зорилготой болохыг тогтоохоор хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа аж.

Харин Санхүүгийн зохицуулах хорооноос “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг арилжаанд оруулах эрх хаалттай байгаа гэдгийг хэлсэн юм.

Түүнчлэн өнөөдөр болсон хэвлэлийн бага хуралд “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөл ирсэн. Тэдний хэлж буйгаар одоогоор иргэдэд шилжүүлсэн хувьцааны 80 гаруй хувь нь Засгийн газрын мэдэлд байгаа. Тиймээс Засгийн газраас зөвшөөрөл олговол хувьцааг эргэлтэд оруулах бүрэн боломжтой ажээ. Түүнчлэн иргэдийн зүгээс 1072 хувьцаагаа эргэлтэд оруулах хүсэлтийг ихээр тавьдаг гэдгийг ч хэлж байсан юм.

Нэмж мэдээлэхэд, үнэт цаасны хувьцааг арилжаалж мөнгө болгохын тулд брокер дээр очиж данс нээлгэж, арилжааны захиалга өгдөг. Хөрөнгийн бирж хувьцааг нь арилжиж байж мөнгө болдог. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа Хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороон дээр бүртгэлгүй байгаа. Өөрөөр хэлбэл, арилжаанд ороогүй хувьцаа гэсэн үг юм. Гэтэл иргэд энэ хувьцааг өнөөдөр брокер диллерийн компани дээр очиж данс нээлгээд мөнгө болгоно гэж бодож байгаа нь ташаа ойлголт гэдгийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөлөл хэлж байна.

Түүнчлэн иргэдийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны хувьд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 350 дугаар тогтоолын 2.3-т Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг түүний хоёр дахь зах зээл нээгдэх хүртэл бусдад худалдах, шилжүүлэхгүй байхаар заасан ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

1072 хувьцааг зарж, борлуулах ямар ч боломжгүй   
Үзсэн: 1249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй