Шууд Chart

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаарх гишүүдийн байр суурь

2016-05-04 10:50:26

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд цэцийн дүгнэлтэд ямар байр суурьтай байсныг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Үндсэн хуулийн их суудлын хуралдаанаас гарсан шийдвэр эцсийнх байдаг. Гэтэл дунд суудлын хуралдаанаас энэ шийдвэрийг өөрчлөх гэж байна. МАН 2012 онд өөрсдөө сонгуульд орохын талд жагсаалтаар ордог байх өөрчлөлт оруулчихаад одоо болохоор дахиад сонгууль дөхсөн үед үүнийгээ буцаах гэж байна. МАН захиалгаар хууль өөрчилж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: МАН өөрсдөө олонх байхдаа холимог тогтолцоог сонгодог хувилбар гэж тайлбарлаж байснаа одоо үүнийгээ буцаах гээд байгаад гайхаж байна. Нөгөө талаас жагсаалтыг байхгүй болговол нийгмийн төлөөлөл болсон хүмүүс их хуралд орж ирэх боломжгүй болно. Мөн үүнийг дагаад эмэгтэй гишүүдийн квотыг устгах асуудал яригдаж байгаа. Тиймээс энэ талаар эмэгтэй гишүүд тууштай явна.

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж: Үндсэн хуулийн цэцтэй холбоотой шуугиан сүүлийн нэг жилд маш их гарч байна. Цэцийн шийдвэр амьдралтай зөрчилддөг. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө явах хэрэгтэй. Тэрнээс аль нэг нам захиалсан, тойргоос сонгогдсон гишүүдийн талаар ярих хэрэггүй. Жагсаалтаар сонгогдсон гишүүдийг муулж хэлэх шаардлага байхгүй, өнөөдөр жагсаалтаар сонгогдоод байнгын хорооны дарга болоод явж байгаа хүмүүс ч байгаа. Энэ дүгнэлтийн тухайд бол ҮХЦ сонгуулийг шударга явуулах тухай биш зөвхөн ард иргэдийн дунд өөрсдийнхөө нэрийг өсгөхийн тулд л гаргасан гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах ёстой, учир нь нийгмийн захиалга тийм байгаа юм. Яг эрх зүйн дагуу яривал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарчихсан учраас жагсаалтаар сонгогдсон 28 гишүүний эрх түдгэлзчихсэн байгаа. Даанч нөгөө 28 гишүүн нь мэдээгүй юм шиг суугаад байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Цог : Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас өөр арга байхгүй. Монгол Улсад холимог тогтолцоо байхгүй, тэгэхээр Цэц хуулийн дагуу л шийдвэр гаргасан. Зарим гишүүд Цэцээс хоёр дүгнэлт гаргасан мэтээр яриад байна, гэтэл яг үнэндээ хоёр шийдвэр гараагүй.  Тэрийг ухаж олж унших хэрэгтэй. Мөн Цэц захиалгаар ийм шийдвэр гаргалаа гээд байх юм, үнэндээ бол энэ чинь жил гаруйн өмнө иргэний гаргасан гомдлын дагуу хэлэлцсэн. Р.Гончигдорж гишүүн өөрөө Үндсэн хуулийн цэцийн дарга болох гээд яваад байж ийм зүйл ярьж болохгүй.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Өнөөдөр бид жагсаалт Үндсэн хуулийг зөрчсөн талаар ярилцаж байна. Нэгэнт цэц дүгнэлтээ гаргачихаад байхад бид цаг алдвал сонгууль хойшлоход хүрнэ. Ардчилсан намын гишүүд цэцийн дүгнэлтийг хүлээж авах дургүй байр шиг байна. Үнэндээ АН-ынхан өнгөрсөн дөрвөн жил Засгийн газрыг самарсан. МАН захиалгаар Үндсэн хуулийг өөрчлүүлж байгаа мэтээр дэмий зүйл яриад байх юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Би цэцийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжиж байгаа. Гэхдээ энэ дүгнэлт ирээдүйд ямар нэг ноцтой байдал үүсэхэд нөлөөлж магадгүй. Өнөө долоодугаар сарын нэгэн гэдэг гашуун туршлага бидэнд бий.

Нийтэлсэн: О.Энхмаа

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаарх гишүүдийн байр суурь  
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй