Шууд Chart

Эвслийн бүлэг тарсан нь Засгийн газарт нөлөөлөхгүй

2016-05-06 09:48:32

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч буй талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Харин өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд бүлгийн гишүүдийн тоо нь хуульд заасан шаардлагыг хангахгүй болсон тул УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн үйл ажиллагаа өнөөдрөөр албан ёсоор дуусгавар болж буйг мэдэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор эвслийн бүлэг тарж, Засгийн газрын эрх зүйн чадамжид нөлөөлж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан. Энэ асуудалд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өчигдөр мөн тайлбар хийсэн юм.

Тэрбээр “Энэ бол хоёр өөр асуудал. Засгийн газрыг бүрдүүлэх асуудал бол УИХ-ын сонгуульд оролцсон субъектүүдийн хооронд яригддаг. Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намын хооронд байгуулсан гэрээнүүд хүчин төгөлдөр байгаа. Сонгуульд оролцсон субъектүүдийн хувьд  Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намд өөрчлөлт ороогүй учраас Засгийн газрын үйл ажиллагаа, чадамжийн хувьд ямар ч асуудал гарахгүй. Сонгуульд оролцсон субъектээрээ асуудал тайлбарлагдах учраас Засгийн газар эрх зүйн чадамжтай.

Хоёр дахь асуудал бол УИХ-ын хуультай холбоотой асуудал. УИХ-д наймаас дээш гишүүнтэй нам, эвсэл бүлэг байгуулах хууль зүйн зохицуулалттай. “Шударга ёс” эвслийн бүлэг анх 11 гишүүнтэй байсан. Үйл явцын дунд тухайн эвслээс таван гишүүн гарч өөр намуудад орсон учраас “Шударга ёс” эвслийг төлөөлж УИХ-д зургаан гишүүн үлдсэн. Тиймээс бүлэгтэй байх чадамжгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цаашид “Шударга  ёс” эвслээс нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон бүлэггүй гишүүд гэж ойлгож болно. Эвслийн бүлэггүй болж байгаа ч “Шударга ёс” эвслийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа учраас Засгийн газрын чадамжид ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Засгийн газрын үйл ажиллагаанд оролцох, УИХ-ын бүлэгтэй байх нь хоёр өөр асуудал. Тиймээс Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх эрх зүйн чадамжтай” гэж хэллээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Эвслийн бүлэг тарсан нь Засгийн газарт нөлөөлөхгүй  
Үзсэн: 1253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2016-05-06 11:05
О.Баасанхүү гэдэг чинь Оймс Бассанхүү гэсэн үг шүүдээ, оймс ч оймс боллоо доо

Бидэнтэй нэгдээрэй