Шууд Chart

АН: 28 мандатаа хот, хөдөөд тэнцүү хуваах нь зүйтэй

2016-05-09 14:09:15

АН-ын бүлэг хуралдаж Сонгуулийн тухай хуулинд оруулах өөрчлөлт тэр дундаа тойргийн асуудлыг голчлон хэлэлцэж саналаа нэгтгэжээ. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, тус бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Бүлгийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд жагсаалтын 28 мандатыг хот хөдөөд тэгш хувиарлаж өгөх нь зүйтэй гэж үзсэн. Тодруулбал, хотод 14 мандат, хөдөөд 14 мандат байх нь хамгийн оновчтой хувилбар гэж үзлээ. Ийнхүү хувиарлах нь пропорциональ хувилбарыг хадгалсан “шударга” хувиарлалт юм” гэлээ.

Мэдээлэл хийсний дараа бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас дараах асуултад хариулт авлаа.

-Мандатаа 14, 14 гэж хуваасан үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Өмнө нь жагсаалтын 28 гишүүнийг сонгохдоо үндсэндээ Монгол Улсын нэг тойрог гээд нийт ард иргэдээс санал авсан гишүүд байсан гэж АН үзсэн. Тиймээс энэхүү хувилбарыг хадгалаад 14, 14 гэсэн тэнцвэртэй хувилбарыг сонголоо. Энэхүү хувилбар нь хүн ам, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжтэй уялдсан хувилбар юм.

-Аль аймгийн мандат нэмэгдэх вэ?

-Бидний тооцоолж байгаагаар 10-аад аймгийн мандат нэмэгдэх байх. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаад тогтоолоо албажуулаад оруулж ирсэн тохиолдолд намууд тухайн хувилбар дээр ажиллах байх.

-Засгийн газарт өөрчлөлт орох уу? 

-Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орохгүй. Учир нь Засгийн газрыг АН бусад намуудтай зөвшилцөн гэрээ байгуулахдаа "Засгийн газрын 51 хувиас дээшийг АН бүрдүүлэх ёстой. Үлдсэн хувьд нь хамтарч байгаа  бусад намууд орох боломжтой" гэсэн учраас хөдөлгөөн хийгдэхгүй. АН-ын бүлгийн гишүүдийн тоо  ч нэмэгдэж байна.

-ИЗНН-ын хоёр гишүүн АН-д орж магадгүй гэсэн мэдээлэл байна?

Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. 

-Баярлалаа.

Нийтэлсэн: О.Энхмаа

АН: 28 мандатаа хот, хөдөөд тэнцүү хуваах нь зүйтэй   
Үзсэн: 1037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй