Шууд Chart

МАН: Мандатаа 16:18 гэх мэтээр хувааж болно

2016-05-09 14:18:21

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж сонгуулийн тойрог байгуулах зэрэг хэдэн хэдэн асуудлыг хэлэлцжээ.  Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар мэдээлэл хийлээ.  МАН-ын бүлэг нийт 30 гишүүнтэй болсныг бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллийн эхэнд онцоллоо. Өнөөдрийн бүлгийн хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар оролцсон байна.

Бүлгийн дарга С.Бямбацогт, сонгуулийн тойрог байгуулах асуудлаар “Тойрог, мандатын тоог тогтоохдоо Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо зэрэг хүчин зүйлийг харгалзаж тогтоох ёстой гэж Монгол улсын Үндсэн хууль болон Сонгуулийн хуулинд заасан байдаг. Үүнээс үүдэн манай бүлэг жагсаалтын 28 мандатын  20-ыг нь хөдөөд, хотод наймыг нь хувиарлах гэсэн зарчмыг баримталж байсан. Харамсалтай нь АН-аас хөдөөд 14, хотод 14 гэсэн хатуу шаардлагыг тавьж байгаа. Гэхдээ бид буулт хийж болох юм.  Хөдөөгийн нэг мандаттай бүх аймгууд хоёр мандаттай болох ёстой гэж манай бүлэг үзэж байна. Тэгэхээр 16-18 мандатыг хөдөөд, 10-12 мандатыг хотод хувиарлагдах ёстой гэж ярьж болох юм” гэлээ.

Үүнээс гадна өнөөдөр МАН-ын бүлгийн хурлаар Прокурорын байгууллагын тухай хууль,  Татварын багц хуулиудын талаар хэлэлцжээ. Прокурорын байгууллагын тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг завсарлага авсан юм. Энэ талаар тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Өнөөдрийн парламентын бүрэн эрх дуусах гэж байна. Мөн сонгууль болох гэж буй энэ үед уг хуулийг алдаа, мадаггүй батална гэдэг эргэлзээтэй. Өнөөдөр барьсан хуулиар хуулийн байгууллагын ажиллагаанд улс төрчид орох боломж нээгдэж байна. Хууль зүйн сайд хавтаст хэрэгтэй танилцана гэх заалтуудыг тусгасан байна. Энэ мэт олон ноцтой асуудлууд байна. Тиймээс уг асуудлыг дараагийн чуулганаар хэлэлцэж батлах ёстой гэж МАН-ын бүлэг үзсэн” гэв.

Харин Татварын багц хуулиудтай холбоотой асуудлаар тус бүлгийн дарга С.Бямбацогт “Татварын ерөнхий хууль, ААН-ийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль, НӨАТ-ын тухай хуулиуд энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганаар хэлэлцэгдэхээр тавигдсан байгаа. Энэ асуудал дээр бид ямар байр суурь илэрхийлэхээ ярилцлаа" гэсэн юм.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

МАН: Мандатаа 16:18 гэх мэтээр хувааж болно  
Үзсэн: 1125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй