Шууд Chart

Улаан бурханы эсрэг вакцин хийлгээгүй бол 20-30 мянган төгрөгөөр торгоно

2016-05-25 10:40:40

Энэ онд улаан бурханы өвчлөл залуусын дунд нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас нэмэлт хөрөнгө гаргаж 18-30 насны залууст вакцин хийж эхэлсэн.

Нэмэлт дархлаажуулалт энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд товлосон хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Гэвч өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нэмэлт дархлаажуулалтад хамрагдах ёстой нийт залуусын 74 хувь нь буюу 466 мянган иргэн хамрагджээ. Тиймээс Засгийн газраас орон даяар хийж буй нэмэлт дархлаажуулалтын хугацааг энэ сарын 31-нийг хүртэл сунгасан байна.

Орон нутагт хийгдэж буй нэмэлт дархлаажуулалтад Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймгийн залуус идэвхтэй хамрагдаж байгаа бол Завхан, Архангай, Сүхбаатар аймгийн иргэд идэвх муутай байна.

Нийслэлийн тухайд вакцинд хамрагдах ёстой нийт залуусын 50 хувь нь амьдарч байгаа юм. Тодруулбал, албан ёсоор оршин сууж буй 306 мянган залуу, түүнчлэн хөдөө орон нутгаас ирж суралцаж буй харьяаллын бус 70 мянган иргэн вакцинд хамрагдах ёстой аж. Харин өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт залуусын 76 хувь нь хамрагдсан байгаа юм. Тиймээс нийслэлд улаан бурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтын хугацааг ирэх зургаадугаар сарын 1 хүртэл сунгасан.

Өнгөрөгч 2000 онд батлагдсан Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу иргэд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх үүрэгтэй. Хэрэв энэ заалтыг зөрчсөн бол 20-30 мянган төгрөгөөр торгох заалттай. Түүнчлэн хэрэв нэмэлт дархлаажуулалтад хамрагдаагүй бол заавал нөхөн дархлаажуулалтад хамруулах бөгөөд эндээс гарсан зардлыг мөн иргэнээс төлүүлэх юм.

Харин аж ахуйн нэгж байгууллагын хувьд хуулийн дагуу ажилчдаа нэмэлт дархлаажуулалтад бүрэн хамруулах үүрэгтэй. Мөн шаардлагатай бол нэмэлт вакцин хийлгээгүй хүмүүсийг ажилд шинээр авахгүй байх эрхтэй юм.

Тиймээс 18-30 насны залуус өөрсдийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө товлосон хугацаанаас өмнө улаан бурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна.

Нэмж мэдээлэхэд, 18-30 насны оюутан залуус харьяалал харгалзахгүй өөрт хамгийн ойрхон өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, албан байгууллагууд эсвэл  их, дээд сургуулиудад байрших дархлаажуулалтын түр цэгүүдэд очиж вакциндаа хамрагдах боломжтой юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

Улаан бурханы эсрэг вакцин хийлгээгүй бол 20-30 мянган төгрөгөөр торгоно  
Үзсэн: 3759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.26.xxx [122.201.26.xxx] 2016-05-25 12:39
энэ хуулиар хүлээлгэсэн үүрэг бус, журамт үүрэг. Хийлгэх үгүй нь тухайн хүний ухамсрын асуудал. Торгох хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй шүү. Асуудлаа судалж байж мэдээ бичээч дээ сэтгүүлч минь. Эрүүл мэндиын байгууллагын шаардлагаар үүрэг үүснэ гэж байхгүй.

Бидэнтэй нэгдээрэй