Шууд Chart

Омогшуулж, огшоосон Монгол наадам

2016-07-11 15:56:09

Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт 11 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр эхэллээ. Энэ жилийн баяр наадам өнгөрөгч жилүүдийг бодвол илүү үндсэрхэг, түүх соёлоо нэхэн санасан олон нийтийн омогшлыг төрүүлсэн боллоо гэж наадамчин олон дүгнэж байсан юм. Ингээд уншигч та бүхэнд наадамчин олны сэтгэгдлийг хүргэе.

Баянзүрх дүүргийн иргэн С.Бүслүүр:

-Энэ жил анх удаа наадмынхаа нээлтийг үзлээ. Их сайхан болж байна. Ер нь наадмынхаа нээлтийг телевизээрээ л үздэг байсан. Энэ жил зорьж ирж үзэж байна. Одоо Төв цэнгэлдэх хүрээлэнгээ нар зөв тойрно доо. Хийморь сэргэдэг юм.

Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Намдаг:

-Энэ жилийн наадмын нээлт өмнөх жилүүдээс онцлогтой сайхан боллоо. Сайхан найруулсан байна. Түүхийн бүх үеийг харуулж, дэг журамтай найруулжээ. Миний хувьд жил бүр нээлтийн арга хэмжээг үздэг. Энэ жил өмнөх жилүүдээс илүү үнэхээр сайн  найруулсан байна гэх дүгнэлтийг хийгээд явж байна даа. Оройхон тийшээ Хүй долоон худаг орж, морь харна. Тэгээд маргаашнаас Төв цэнгэлдэхдээ суугаад бөхөө үзнэ дээ. Бас наадмын өдрүүдэд өндөр настай ээж дээрээ очиж, ах дүүсээрээ хорхог хийж, хүүхдүүдээ агаар салхинд гаргадаг заншилтай. Энэ жил нэг ийм л маягаар наадамлах санаатай байна даа.

Чингэлтэй дүүргийн иргэн М.Жигжидмаа:

-Энэ жилийн наадам үнэхээр сайхан болж байна. Нар хур тэгширсэн ийм сайхан наадмыг ойрд үзсэнгүй. Өнөө жил байгаль дэлхий хураа хайрлаж их сайхан наадлаа. Одоо цэнгэлдэх хүрээлэнгээ тойроод жаахан алхах санаатай. Миний хувьд наадам гэхээр хурдан морь, нум сум, шагайн харваа санаанд ордог.

Баянгол дүүргийн иргэн Ц.Өлзийхүү:

-Өмнөх жилүүдийг бодвол сэтгэл хөдөлгөсөн сайхан нээлт боллоо. Би гэр бүлийнхэнтэйгээ гэртээ телевизээр наадмын нээлтийг үзэж байсан чинь бүр сэтгэл хөдлөөд сая Төв цэнгэлдэхдээ ирж үзээд дуусгаад гарч ирж байна. Энэ  жилийн наадмыг Төрийн соёрхолт Б.Наранбаатар найруулсан гэсэн. Монголын түүхийг хэсэгчлэн харуулж чадсанаараа гадаад болоод дотоодын наадамчдын нүдийг нээсэн сайхан үйл явдал боллоо гэж бодож байна. Ер нь наадмын нээлт жил ирэх бүр цэгцтэй, утга агуулга төгс сайхан болдог болжээ. Иргэд маань үндэсний хувцсаараа гангарч, наадамдаа их хүндэтгэлтэй ханддаг болсон байна. Олон нийтдээ хандаж хэлэхэд хоггүй, цэвэрхэн сайхан наадаарай.

Нийтэлсэн: Монгол наадам 2016

Омогшуулж, огшоосон Монгол наадам   
Үзсэн: 2413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй