Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монголчуудаа наадмаа ч сайхан хийе, ажлаа ч сайн хийе

2016-07-11 15:47:13

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их наадмыг нээж, үг хэллээ.

Тэрээр,

"Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Хүндэт зочид, гийчид ээ,

Наадамчин олны уухайн түрлэг дуурссан Монгол наадмын энэхүү хоймроос эрхэм хүндэт Та бүхэнд Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 105, Ардын хувьсгалын 95 жилийн ойн  Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

Монгол түмний түүхийн дөрвөн тэгш ой тохиосон их баяр наадам маань өнгө төгөлдөр эхэлж байна. Манай үндэсний наадам бол бидний бахархалт түүх, өнөө, ирээдүйг илтгэсэн их ёслол юм. Монголчуудын бүтээсэн гайхамшигт соёл, ёс заншлын ундрага дүүрэн эх булаг юм.

Наадмын өмнө төрийн ээлжит сонгууль боллоо. Ард түмний сонголтоор Улсын Их Хурал, Засгийн Газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөж шинэчлэгдэж байна. Харин асуудал, сорилт бүхэн хариулт шийдлээ хүлээн үлдэж байна. Монголчууд бид нэг эх оронтой, нэг хувь заяатай. Хүн бүр ажил амьдралдаа дор бүрнээ эзэн болж, Монгол гэсэн нэгэн эрх ашгийг дээдэлж урагшаа тэмүүлж ажиллацгаая.

Эрхэм наадамчид аа,

Монгол түмнийхээ цэнгэлийн манлай – үндэснийхээ их баяр наадмыг би энэ жил найм дахь удаагаа нээж байна. Найман хүү төрүүлж өсгөсөн малчин ээж аавын эгэл хүүгийн хувьд би энэ их билигшээл хүндэтгэлд сүслэж, Монгол түмнийхээ их буян заяа, босоо хийморьт үеийн үедээ залбирч явах болно.

Энэ жилийн наадам улам их өргөн дэлгэр болж байна. Газрын хол, усны уртаас олон зочид ирж байна. Энэ бөмбөрцгийн хоёр их тив – Ази, Европын төр засгийн удирдлага, тэргүүн гийчид Монголын зүг жолоо залж байна. Түрүүч нь ирж, ар араасаа уяан дээр бууж байна. Монголчуудаа наадмаа ч сайхан хийе, ажлаа ч сайн хийе. Нэрээ хичээе. Өндөр дээд зочидоо хүндлэн угтая. Дэлхий биднийг харж байгаа. Өвөг дээдэс маань бас харж байгаа.

Энэ өдрүүдэд Монгол хүн байгаа манай гарагийн газар бүр наадам болж байна. Дэлхий ч Монгол наадмыг сонирхож байна. Хүчитний мэх улам уран, хүлгийн давхил улам төгөлдөр, харваачдын цэц улам ончтой байг ээ. Зон олон Монголчууд маань заяа тэгш сайхан наадаг ээ. Өндөр төрийн маань их цагаан сүлд улам ихээр цэнгэн баясаг ээ.

Монгол наадам ийнхүү ерөөл дүүрэн эхэлж байгааг даяар олноо тунхаглан зарлая.

Хотол олноороо сайхан наадаарай.

Хурай, хурай, хурай" хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр наадмыг нээж үг хэлсний дараагаар Төрийн есөн хөлт их цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.

Төрийн тэргүүн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээний төвд залсан Төрийн есөн хөлт их цагаан тугийг нар зөв тойрсны дараа туганд мэхийн ёсолж хүндэтгэв. Үүний дараа тэрээр Есөн хөлт их цагаан тугийг тойрон бөхийн дэвэлтээр дэвсэн юм.


Нийтэлсэн: Монгол наадам 2016

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монголчуудаа наадмаа ч сайхан хийе, ажлаа ч сайн хийе  
Үзсэн: 3193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [103.23.51.xxx] 2016-07-11 15:58
МОНГОЛ ЭР ХҮН ТӨРИЙН ТУГАА ТОЙРЧ ДЭВЭЭ Л БИЗ....БУРУУТГАХ ЮМ АЛГА............ЭР ХҮН ХҮҮХЭД БАЙХААСАА Л БАРИЛДАЖ НОЦОЛДОЖ ДЭВЭЖ ӨСДӨГ ШҮҮДЭЭ
Зочин [202.179.11.xxx] 2016-07-11 15:51
МУ-н ерөнхийлөгч минь. Төрийн 9 хөлт тугандаа уг нь мөргөдөг байтал юунд дэвээд байв даа. Арай арай. Төрт ёсоо дээдлэх ёстой тэргүүн их муухай харагдлаа. Хүний өмнөөс ичнэ гэдэг ямар хэцүү юм бэ.

Бидэнтэй нэгдээрэй