Шууд Chart

150 кг муудсан мах хурааж, устгажээ

2016-07-12 15:46:09

Үндэсний их баяр наадмын үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Чингисийн талбай, Хүүхдийн парк гэсэн 5 таван байршилд 400 гаруй улсын байцаагч ажиллаж байна. Тэд аж ахуйн нэгжүүдэд худалдаа, хоол хүнсний чиглэлд болон хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаанд хяналт тавьж ажиллах юм.

Төв цэнгэлдэх хүрээлэнд 619 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүнд хуушуурын 365, айраг 7, хүнсний худалдаа 138, хүнсний биш бараа 134 цэг ажиллаж байна.

Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр:

Наадмын эхний өдөр 17 цагийн байдлаар Хүй долоон худгаас 80 кг, Төв цэнгэлдэхээс 30 кг муудсан махыг хураан авч устгалд оруулсан бол өнөөдөр 40 кг махыг хурааж устгалд оруулсан байна. Наадмын хуушуур хийж буй зарим үйлчилгээ эрхлэгчид өмнөх өдөр нь махаа амталж хонуулсан, хөргөгч байхгүйгээс ийм зөрчил гаргажээ.

Түүнчлэн гар дээрээс өндөг худалдаалах 2 удаагийн оролдлого, зөвшөөрөлгүй, гарал үүсэл нь тодорхойгүй хөөсөн чихрийн худалдаа, нэг удаагийн савтай шарсан тахиа худалдаалж байсан иргэдийн үйл ажиллагааг газар дээр нь зогсоосон байна.

Баяр наадмын өдрүүдэд явуулын хоёр лабораторийг ажиллуулж, хуушуур болон айрганд шинжилгээ хийж ажиллаж байна.

Эмчилгээний чанарын хяналтын чиглэлээр:

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 5, 17 дугаар секторт ЧЭМТ, БГЭМТ тоноглосон машинтай эмчилгээний тусламжийн хэсэг ажиллаж байна. Яаралтай түргэн тусламжийн бэлтгэл байдал хангагдсан байна.

Эрчим хүчний хяналтын чиглэлээр:

Төв цэнгэлдэх хүрээлэнд 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд 25 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, 177 газар эрчим хүчний холболтыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн хоол үйлдвэрлэлийн цэгүүдэд суурилуулсан шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж хэрэглэгч аж ахуйн нэгж иргэдийн хий ашиглалтын байдлыг шалгаж, хийтэй баллоноо дүрмийн бус байрлалд хэвтүүлэн ашиглаж байсныг таслан зогсоож, холбогдох дүрмийг мөрдөж ажиллахыг зөвлөлөө. Дашваанжил, Горгаз ХХК, М-СИ-Энержи ХХК-ийн инженер техникийн ажилтнууд хэрэглэгчдэд хяналт тавьж, тогтмол үзлэг хийж, мэдээлэл өгч байна.

Байгаль орчны хяналтын чиглэлээр:

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд байгаль орчны цэвэрлэгээнд хяналт тавьж ажиллаж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 утсаар мэргэжилтнүүдтэй холбогдож, мэдээлэл зөвлөгөө авч болох юм.

Нийтэлсэн: Монгол наадам 2016

150 кг муудсан мах хурааж, устгажээ  
Үзсэн: 1366 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй