Шууд Chart

Монгол Улсын Мэргэн цолтон хоёр төрлөө

2016-07-12 16:57:36

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам хоёр дахь өдрөө дэлгэр сайхан үргэлжилж байна. Энэ өдөр шагайн харваанд Булган аймгийн харваачид өнгөтэй сайхан наадаж, тэргүүн байрыг эзэлсэн бол Сурын харваанд Завхан, Өвөрхангай аймгийн харваачид өнгөтэй байж шинээр хоёр мэргэн цолтон төрсөн юм.
 
Энэ жилийн сурын харваа нэлээд онцлогтой болж эрэгтэй, эмэгтэй харваачид бүгд тэргүүн байрын төлөө товх харвасан. Тодруулбал, эрэгтэй харваачдаас Монгол Улсын мэргэн Б.Ёндон, спортын мастер Д.Дэлгэрсайхан нар товх харваа хийж, залуу харваач Д.Дэлгэрсайхан Монгол Улсын Мэргэн цолыг хүртсэн бол эмэгтэй сурын харваанд Увс аймгийн Тэс сумын харваач, Монгол Улсын мэргэн Д.Норжмаа, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харваач, спортын мастер Б.Пунсалмаа, Дорнод аймгийн харваач спортын мастер Ч.Гандаваа нар товх харваж, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харваач, спортын мастер Б.Пунсалмаа оноо мэргэн байж тэргүүн байр эзлэн Монгол Улсын Мэргэн цол хүртлээ.
 
Энэ жилийн сурын харваа нэлээд онцлогтой болж эрэгтэй, эмэгтэй харваачид бүгд тэргүүн байрын төлөө товх харвасан.
Монгол Улсын мэргэн харваачдын тоог нэмсэн залуу харваач Д.Дэлгэрсайхан "Би зургаа дахь жилдээ улсынхаа баяр наадамд харваж байна. Зургаан жил цолоо ахиулж ирсэн. Өнөөдөр ийнхүү түрүүлж, Монгол Улсын Мэргэн цолыг хүртсэндээ баяртай байна. Миний хувьд Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат "Хүч" спорт хороо, "АПУ трейдинг" ХХК-ийн харваач Монгол Улсын хошой мэргэн Б.Баасанхүү багшийнхаа анхны шавь. Өнөөдөр надтай товх харвасан Б.Ёндон мэргэний маань аав. Нутгийн ахтай товх харвасандаа үнэхээр их баяртай байна. Багш нараараа үнэхээр их бахархлаа. Үүнээс гадна надад тусалж дэмжиж байдаг "Эрдэнэт" үйлдвэрийнхээ хамт олонд талархал илэрхийлье" гэлээ.
 
Харин Спортын мастер, залуу харваач, шинэ Мэргэн цолтон Б.Пунсалмаа "10 гаруй жил нум сум харваж байна. Таван жил улсынхаа баяр наадамд оролцож байна. Багш, дасгалжуулагч болоод хамт олондоо талархлаа илэрхийлье. Товх харваж байхдаа "Ямар өмнө нь товх харваж үзээгүй биш дээ" гэж л өөрийгөө тайвшруулж байлаа. Би өнөөдрийн наадамд хоёр сартай хүүхэдтэйгээ ирсэн. Хүүхдээ хөхүүлчихээд л их тайван харвалаа" гэж ярилаа.
Нийтэлсэн: Монгол наадам 2016

Монгол Улсын Мэргэн цолтон хоёр төрлөө  
Үзсэн: 2075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Админд [103.26.195.xxx] 2016-07-13 07:34
Дэмбэрэлсайхан гэсэн шүүүдээ

Бидэнтэй нэгдээрэй