
Монголын чөлөөт бөхийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй гэж Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зарлажээ. Энэ талаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, МЧБХ-ны эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяртай ярилцлаа.
-Манай улсын чөлөөт бөхийн тамирчдыг олон улсын тэмцээнд тодорхой хугацаагаар оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос гаргажээ. Энэ үнэн үү?
-Шийтгэл ирэх нь тодорхой болсон байх аа. Гэхдээ би яг албан ёсны мэдэгдэл хараагүй л сууна.
-Яг ямар шалтгаанаар вэ?
-Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнарангийн барилдаантай холбоотойгоор юм билээ. Гэхдээ хамаг учир түүнд биш хоёр дасгалжуулагчид нь байгаа. Манай хоёр багш хэр хэмжээнээс хэтэрсэн үйлдэл гаргасан л даа. Би гавьяат тамирчин, дасгалжуулагч Ц.Цогтбаяр багшийг ойлгож байгаа. Шавь нь медаль авах алдаад буцаана гэдэг хэцүү мөч. Тиймээс тэр өөрийгөө хянах чадваргүй болтлоо уурласан. Тэгээд ч цамцаа тайлсан. Харин Б.Баяраа багш даарин дээр давс хийчихэв үү дээ. Өмдөө хүртэл тайлаад гэж бодсон.
-Тэмцээн болохоос өмнө буюу наймдугаар сарын 13-нд "Кариока-2" ордонд техникийн зөвлөгөөн болсон гэсэн. Тэнд хориглосон, шинэчилсэн зүйлүүдийг дасгалжуулагчдад хэлдэг. Тэр хуралд манайхаас хэн суув?
-Ц.Цогтбаяр багшаас гадна орчуулагчаар Э.Мөнхбилэг гэдэг Монголын ширээний теннисний холбооны залуу, бас нэг дасгалжуулагчийн хамт суусан. Ер нь техникийн зөвлөгөөн гэдэг маш чухал. Тухайн тэмцээнд дүрмийг яаж хэрэглэх талаар мэдээлэл өгдөг. Тэр үеэр Г.Мандахнарангийн барилдаан шиг барилдааныг жишээ болгож бичлэгээр үзүүлсэн байсан. Мөн зохион байгуулагчид нь нухацтай анхааруулсан.
-Хаана болсон, ямар улсын бөхчүүдийн барилдааныг жишээ болгон тайлбарласан байна?
-2015 онд АНУ-ын Лас Вегаст болсон ДАШТ-ий 57 кг-ын жингийн шигшээ наймд хүч үзэж байсан ОХУ-ын бөх Виктор Лебедев, Энэтхэгийн Амит Кумар нарын барилдаан байсан. Хоёр бөх 1:1 харьцаатай байхад Энэтхэгийн бөх цаг дуусахаас 17 орчим секундийн өмнөөс зугтаж эхэлсэн. Ингээд сүүлийн хэсэгт илт зугтсан учраас 5:57 минутад Энэтхэгийн бөхийг торгож, ОХУ-ын бөх ялалт авсан.
-Г.Мандахнарангийн хувьд хэдэн секунд зугтсан гэх дүгнэлт гарсан юм бол... ?
-18 орчим секунд. Тодруулбал, цаг 5:42 минутын хугацаа болж байхад зугтаж эхэлсэн гэж үзсэн. Энд нэг асуудал байгаа юм л даа.
-Ямар?
-Техникийн зөвлөгөөний дараа Ц.Цогтбаяр багш тамирчдадаа энэ талаар зөвлөмж анхааруулга өгсөн үү, өгөөгүй юу гэдэг. Уг нь өгсөн бол Г.Мандахнаран тэгж илт зугтмааргүй юм. Дасгалжуулагчид тэр зөвлөгөөнд яах гэж суудаг вэ гэхээр дүрмийг яаж хэрэглэх гэж байна вэ гэдгийг л эцсийн байдлаар мэдэх. Дараа нь тэрийгээ тамирчдадаа зөвлөмж болгон анхааруулах. Мөн түүндээ таарсан тактик боловсруулах. Ер нь Г.Мандахнаранд буруу байхгүй шүү. Дүрмээ л мэдээгүй байсан байх.
-Барилдааны сүүлийн секунтэд торгох, тэр торгууль барилдааны хувь заяаг шийдвэрлэхээр байвал эсрэг этгээд заргалдаж болно гэсэн байдаг байх аа?
-Тийм. Тэгээд манайх заргалдаж, онооны харьцааг 8:7 болгосон. Гэтэл зарим хүн хоёр дасгалжуулагчийг хувцсаа тайлж байгаад авлаа гэж бодсон байна билээ. Тэднээс болж оноо өгөх нь битгий хэл улаан картаар торгосон. Ингээд шүүлтэд ямар нэг дүрмийн бус луйврын шинжтэй зүйл гараагүй гэж үзсэн юм билээ.
-Манай улсын чөлөөт бөхийн холбоо шийтгэл хүлээх нь тодорхой болсон юм байж. Харин хэдий хэрийн хугацаагаар вэ?
-Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ёс зүйн хороогоор орж шийдэгдэх байх. Тэдний шийдвэрийг гартал тодорхойгүй хугацаагаар хасагдсан болов уу.
-Тэгвэл ёс зүйн хороо хэзээ хуралдах бол?
-Тэрийг ах нь мэдэхгүй байна аа.
-Нэмэлт асуулт тавихад танай холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж ажлаа хүлээлгэж өгнө гээд твиттэрээр жиргэсэн байсан?
-Энэ талаар би бас л мэдэхгүй байна. Өөрөө тэгсэн байсан бол тийм юм байлгүй дээ. Уг нь “Рио-2016” олимпийн наадам руу явахдаа Япон, Дагестан руу тус бүр гурван хүүхэд явуулахаар ярьчихлаа гэсэн өөдрөг сэтгэлтэй байсан юм сан. Ер нь Г.Мандахнарангийн буруутанг хайгаад холбооны ерөнхийлөгч Д.Дагвадоржийг чичилсэн олон хүн байна. Амжилтад хүрэхээрээ хамаагүй, арга нь барагдахаараа хамаатай гээд бахираад байж болохгүй л дээ.
-Тун удахгүй Залуучуудын чөлөөт бөхийн ДАШТ болно. Үүнд манайхан оролцох уу?
-Мэдэхгүй байна. Үүнийг дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос яаралтай асуух л хэрэгтэй байна. Гэхдээ албан бичгээр.
Б.Батбаяр: Манай холбоо шийтгэл хүлээх нь тодорхой болсон | ||
Үзсэн: 23868 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.