
“Улирал ба зохиолч” сэтгүүлийн 11 дэх дугаар хэвлэгдэн гарчээ. Иймд тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Дан.Нямаатай ярилцлаа.
-Энэ оны гурав дахь буюу намрын дугаар уншигчдынхаа гар дээр дэлгэгдлээ. Уран зохиолын шинэ, содон, шидээвэр бүтээл гардаг сэтгүүлийнхээ талаар ярина уу?
-Энэ дугаарт зохиолч Д.Урианхайн “Хөөрхий дөө, чи хэний нохой вэ” шинэ бүтээл гарсан. Түүнчлэн төрийн гурван удаагийн шагналт зохиолч Ц.Дамдинсүрэн агсны “Шаргалжуут” рашаан сувиллын газар хэрхэн амарч байсан тухай сонирхолтой дурсамж, яруу найрагч Б.Баттулгын шинэ шүлгүүд, ХХ зууны Оросын утга зохиолын түүхийг судалдаг, Москвагийн их сургуулийн профессор, А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн ректор, нийтлэлч, хэл судлаач, нэрт зохиолч Алексей Николаевич Варламовтой хийсэн уран зохиолын тухай хөөрөлдөөн, зохиолч, сэтгүүлч, хэл бичгийн ухааны доктор Г.Ловор агсны тэмдэглэлийн дэвтрийн хуудсанд үлдсэн сонирхолтой баримт, шүүмжлэлт реализмын томоохон төлөөлөгч болох Английн зохиолч Чарльз Диккенсийн өгүүллэг гээд яриад байвал сэтгүүлийнхээ бүх л хуудсыг нэг бүрчлэн эргүүлэх хэрэг гарна.
-“Захидал”, “Сүүтэй дөрөө”, Монгол туургатны яруу найраг, “Сондор”, “Аян замын тэмдэглэл”, “Гэрэл зураг - он цаг” гээд уншигчдын унших дуртай булан хэвээрээ байгаа биз дээ ...
-Ер нь уламжлалт булан хуудас бүгд бий. Тухайлбал, “Сондор” булангаас эрдэмтэн зохиолч Д.Цэдэвийн “Сэвтээ нь үгүй сэтгэл” дууг МЗХ-ны яруу найргийн зөвлөлөөс батлагдсан тэр л эх хувиар нь унших боломжтой. Мөн сэтгүүлч, дипломатч Д.Баярхүүгийн Иран орны тухай бичсэн аян замын тэмдэглэл нэн сонирхолтой.
-Таны эрхэлдэг сэтгүүл гурав дахь жилийнхээ намартай золгож байна. Уран зохиолын амьдралд хэр зэрэг оролцож байна вэ?
-Анхны жилээсээ оролцож эхэлсэн дээ. “Утгын чимэг” наадмын тусгай байрыг болон “Мөнгөн цом” яруу найргийн наадмын тэргүүн шагналтныг байлж байлаа. Зохиолч С.Пүрэвт туслах аяныг зохион байгуулалцаж, зохиолч Ж.Заяабаатар агсны хандивын тоглолтод сэтгүүлээсээ хандив өргөж оролцсон. Ер нь уран зохиолын амьдралаас “Улирал ба зохиолч” сэтгүүл хол байх боломжгүй л дээ.
-Танайх шилдэг бичлэгийн шагналаа хэрхэн тодруулдаг вэ. Хэн, хэнд олгож байв?
-Уншигч, захиалагчдынхаа саналаар дараа оных нь гуравдугаар сарын 21-нд тодруулдаг юм. Тухайлбал, 2016 оны шилдэг бичлэгийн шагналтан 2017 оны гуравдугаар сарын 21-нд тодорно гэсэн үг. 2014 оны шилдэг бичлэгийн шагналыг С.Пүрэв “Аргагүй амраг” туужаараа, яруу найрагч Т.Галсан “Хилийн овооны нууц” найраглалаараа, орчуулагч, яруу найрагч Г.Лхагвадулам дэлхийн сонгодог зохиолчдын ярилцлагын цуврал орчуулгаараа хүртэж байв. Харин 2015 оны шагналыг “Бэр нь хүргэнээ, хүргэн нь бэрээ зодсон нь” эсээ-нийтлэл бичсэн Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Л.Түдэвт олгосон.
-Уншигч, захиалагчдын уулзалт хэрхэн болдог вэ?
-Уншигч, захиалагчдаа нэмэгдүүлэх зорилгоор янз бүрийн л арга хайх юм. Энэ зун л гэхэд л уншигч захиалагчдынхаа уулзалтыг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 70 жилийн ойн баярын үеэр хийсэн бол түүнээс хагас сарын дараа Хэрлэнгийн хөдөө арал дахь нэрт археологич, авьяаслаг зохиолч, яруу найрагч Х.Пэрлээгийн хөшөөний өмнө хийсэн.
-Зохиолчдын мэндэлсний ойд сэтгүүлийн алтан хуудсаа зориулдаг даа ...
-Тэгдэг ээ. Гарснаасаа хойш 11 зохиолчийн мэндэлсний ойд энэ хуудсаа зориулж зураг хөргийг нь багтааж, намтар цадигаас нь тодруулж, дурсамж дуртгал, шүлэг зохиолоос нь нийтэлсэн. Энэ онд олон алдарт зохиолчийн ой тохиож байна. Сэтгүүлийнхээ зөвлөлөөр ярилцаж байгаад мэндэлснийх нь ой тохиож байгаа Д. Нацагдоржийн 110, Ж.Бадраагийн 90, Р.Чойномын 80 насны ойг онцоллоо. Өвлийн дугаартаа Д.Сэнгээгийн 100 жилийн ойг онцлох болно. Жилд дөрөвхөн дугаар гардаг болохоор өөр аргагүй. Гэхдээ ой нь тохиож байгаа бусад зохиолчдодоо зай талбай харамгүй зориулдаг аа. Цаашид ч зориулна.
-Энэ дугаарын онцлох зохиолчоор хэнийг тодруулав?
-Онцлох зохиолчоор МЗЭ-ийн болон уран бүтээлийн “Алтан өд” шагналт зохиолч, яруу найрагч, шүүмжлэгч П.Батхуяг, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шог зохиолч, яруу найрагч, хошин шогч И.Цэрэнжамц нарын номыг тодрууллаа.
Д.Нямаа: Уншигчдынхаа хүсэн хүлээдэг сэтгүүлийн шинэ дугаарыг хэвлүүллээ | ||
Үзсэн: 2985 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.