
Сүүлийн үед Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, тод манлай уяач, “Ажнай” галын ахлагч Д.Даваахүүгийн талаарх олон сөрөг мэдээ, яриа гарах болсон. Энэ талаар өөрөөс нь лавласан юм.
-Сайхан намаржиж байна уу, та?
-Сайхаан. Та бүхэн тарган тавтай намаржиж байна уу.
-Сайхан байна. Уулзангуутаа маргаантай ярианы талаар асуух гэж байгаадаа юуны өмнө хүлцэл өчье. Гэхдээ энэ талаар асуухгүй бол болохгүй нь. Таны морийг унасан хүүхдийн ээж саяхан нэгэн телевизээр “Миний хүүгээр Д.Даваахүү гуай хурдны морио унуулж байгаад унагааж, хөлийг нь хугалсан. Тэгээд гэрийнхэндээ хүртэл битгий хэлээрэй гэсэн байсан” гээд ярьж байсан. Энэ ер нь үнэн юм уу?
-Харин тийм яриа гарсан. Долоон жилийн өмнө би партизаны сангийн аж ахуйд явж байхдаа морь унах хүүхэд харж явсан юм. Тэр үед Майжаргал гэдэг танил маань надад Говь-Алтай аймгаас гаралтай тэр хүүхдийг зааж өгсөн. Ингээд гэр бүлийнхэнтэй нь уулзахаар очиход ээж нь гээд хөл муутай хүүхэн гарч ирсэн. Амьдрал нь жаахан ядруу байгаа бололтой байхаар нь “Би хоёр хүүгээр чинь морио унуулъя. Танай амьдралыг ч өөд нь татъя” гээд гэр бүлээр нь “Өлзийт” хороолол руу нүүлгэсэн.
-Тухайн үед тэр хоёр хүүхэд таниас цалинждаг байсан уу?
-Цалинжина. Миний морийг унасан ч, унаагүй ч сард 30-50 мянган төгрөгийн цалин авна. Тэр үед морины хүүхдийн цалин үүнээс ч бага байсан л даа. Гэхдээ би аль болох боломжийн ханшаар урамшуулдаг байлаа. Тэднийх партизанаас ирээд манай хашаанд гурван жил хэртэй амьдарсан. Дараа нь би гэрийнхээ хойд талд газар авч өгч, хашаа хатгаад гэрийг нь бариулсан. Тэр хүүгийн ээж хөл муутай болохоор би “Улаан загалмайн нийгэмлэг”-т ажилладаг Шуурай гэдэг хүнтэй уулзаж, хөлийг нь эмчлэх гэж хүртэл явж л байсан. Гэвч тэр хүүхэн “Эмч нар миний хөлийг эмчлэгдэхгүй гэж хэлсэн” гээд зөвшөөрөөгүй.
-Тэдний хүүхдүүд танайд хэдэн жил морь унасан бэ?
-Гурван жил гаруй унасан. Өвөл болж байх үед тэд гэнэт “Бид хоёр танай морийг унахаа болилоо” гэж хэлээд манай хашааг даваад гүйсэн. Тэгэхээр нь би “Өөр газар морь унах гэж байгаа юм байлгүй” гэж бодоод л үлдсэн. Гэтэл сүүлд сонсох нь ээ Монгол Улсын манлай уяач Г.Баттөмөр ахын морийг унасан юм билээ. Тэд “Өлзийт” хорооллын дунд сургуульд сурдаг байсан тул Г.Баттөмөр ах тэр сургуулиар явж, морины хүүхэд хайж байхдаа таарч уулзсан гэсэн. Гэхдээ тэд Г.Баттөмөр ахад манайд морь унаж байсан гэж хэлээгүй байсан. Нэлээн сүүлд Г.Баттөмөр ах хэн нэгнээс сонссон юм байлгүй надтай утсаар холбогдож энэ тухай лавласан.
-Тэр хүүхдүүдийг хэн, хэн гэдэг вэ?
-Бид томыг нь Шар, багыг нь Бор гэж дууддаг байсан. Тэднийг манайхаас явсны дараа нутгийнх нь н.Мөнхбат гэдэг хүн надтай уулзахдаа яриан дундаа их л эвгүй үг хэлсэн. Тэгээд намайг тийм балай юмнуудтай та яагаад таарчихав гэдэг байгаа. Огт тийм зүйл бодож байгаагүй хүн гэнэт сонсохоор эвгүй болдог юм билээ. Тэр хүү хүний үг хүлээж авахдаа муу.
-Г.Батөмөр гуайнд морь унаж байхдаа бэртэж, гэмтээгүй биз дээ?
-Үгүй гэсэн. Тэднийхээс яваад нэлээн удсаны дараа хөл нь гэмтэж, ГССҮТ-д хэвтлээ гэж сонсогдсон. Тэгэхээр нь би хөгшнийгөө “Нэг хашаанд хэдэн жил болсон юм байна. Тэгээд ч ядарсан юм. Чи хүүг нь эргэчихээд ир” гээд явуулсан. Манай хүн буцахдаа 200 бил үү, 300 мянган төгрөг эмчилгээндээ хэрэглэ гээд өгсөн гэсэн.
-Эхнэр тань юунаас болж хөлөө гэмтээснийг нь асуугаагүй юм уу?
-Асуусан гэсэн. Цана гэл үү, чарга гэл үү аль нэгнээр нь гулгаж байгаад унаж, хөлөө хугалсан гэж хэлсэн байна билээ.
-Харин телевизээр гарсныг нь та өөрөө үзсэн үү?
-“Eagle” телевизээр гарч байсан. Би үзсэн. Өнгөрсөн цагаан сарын үеэр гарсан юм. Тэр үед би бага насны хүүхдээр морь унуулахгүй байя гэж ярьдаг хүмүүс захиалгаар тийм худлаа зүйл гаргуулж гэж бодоод нэг их тоогоогүй. Гэтэл саяхан дахиад гарсан гэсэн. Тэрийг нь би үзээгүй ч харсан хүмүүс надад утсаар хэлсэн. Тэгэхээр нь би үнэнийг нь хэлж, нэр төрөө сэргээх гэж ийнхүү ярьж сууна. Энэ ер нь улс төрийн явуулга ч байж магад.
-Яагаад улс төрийн явуулга гэж ...
-МАН-ын дарга М.Энхболд ММСУХ-ны ерөнхийлөгч шүү дээ. Холбооных нь хамгийн том уяач нь би. Тэгэхээр надаар дамжуулж, М.Энхболдын нэр хүндэд бас халдах гэсэн оролдлого байж болох юм. Тэгээд ч хорхой хүртэл биендээ юм хүргэхээр атирдаг биз дээ. Би нэр хүндээ сэргээхийн тулд ингэж ярьж байна.
-Тэр хүүхдийн шинжилгээний хариу юу гэж гарсан байна вэ?
-Хугарсан л гэсэн. Тэгээд ч тэр бэртэл нь түүнийг манайхаас яваад гурван жил хэртэй болсны дараах явдал. Гэтэл тэр хүүгийн ээж Х.Цэндээ гэдэг хүн телевизээр “Миний хүү Д.Даваахүү гуайн морийг унаж байгаад хөлөө хугалсан. Гэтэл тэр хүн тэмээний унгасаар хөлийг нь боож, шээсээр шавшаад ээждээ битгий хэлээрэй гээд явуулсан байна билээ” гээд ярьж байсан. Би юу гэж тэгж хэлэх вэ дээ. Тэгээд ч тэмээний унгасаар боож болдог ч үгүй.
-Одоо тэр хүүгийнх хаана амьдарч байгаа вэ?
-“Өлзийт” хороололд. Өнгөрсөн цагаан сараар манайд ирж, надтай золгоод гарсан. Тэгэхэд нь би “Та нар юу яриад яваад байгаа юм” гэхэд “Учир нь олдоно биз” гэнэ билээ. Миний бодож буйгаар тэдэнд хэн нэгэн мөнгө өгч, телевизээр яриулсан байх.
-Та ээжтэй нь уулзаагүй юу?
-Уулзаагүй. Эхлээд хэн тэднийг ингэж яриулсныг олчихоод уулзъя гэж бодож байна. Хүн хүний ачийг мэдэхгүй юм даа. Эргэж мөрөө харах л хэрэгтэй. Тэднийх хэрвээ өнөөдөр партизаны сангийн аж ахуйд байсан бол ядаж өнөөдрийнх шиг өөрийн гэсэн хашаа хороотой байхгүй л байсан байх.
-Танай галд морь унадаг уралдаанч хүүхдүүд бэртэж, гэмтэж байсан уу. Энэ тухай л ярьж байгаа болохоор үүнийг асууя?
-Хүүхэд мориноосоо унаж, хөл гараа шалбалах үе хаана ч бий. Харин эд эрхтэнээ гэмтээж байсан тохиолдол байхгүй. Тэгээд ч би хүүхдийг анх морь унаж сурахад нь сайн заадаг.
-Тэр хоёр хүү танай морийг унаж байхдаа түрүүлүүлж, айрагдуулж байсан уу?
-2010 онд “Амарбаясгалант хийдийн бумбын тахилга бүсийн наадам”-д их насны морь унаж, айргийн дөрөвт оруулсан. Гурван жил болохдоо нэг айраг хүртээсэн нь тэр. Ер нь түрүү, айраг түртээх нь хамаагүй л дээ. Хамгийн гол нь тэгж муухай худлаа ярьж явдаг нь л дэмий байгаа юм. Би тэднийхийг аль болох өөд нь татах гээд л явж байсан даг.
Д.Даваахүү: Би нэр хүндээ сэргээлгэнэ | ||
Үзсэн: 14498 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.