Шууд Chart

Махны экспорттой холбоотой асуудлаар БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүсэлт тавьжээ

2016-09-19 11:31:16

БНХАУ-ын Хяналт, Шалгалт, Хорио Цээрийн Ерөнхий Газар Монголын  үхэр, хонины  мах болон холбогдох махан бүтээгдэхүүнийг экспортлох эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан талаар http://beeftochina.com сайтад мэдээлжээ. Ингэснээр  энэ оны есдүгээр сарын 14-нөөс хойш Монгол Улсаас БНХАУ руу тээвэрлэсэн үхэр, хонины махыг буцаах, эсвэл устгал хийх болж буй юм.  Махны экспортыг ямар шалтгааны улмаас зогсоох шийдвэр гаргасан нь одоогоор тодорхойгүй ч манай улсад саяхан дэлгэрсэн  малын өвчинтэй холбоотой байж магадгүй гэж таамаглаж байна.

Тодруулбал, энэ оны долоодугаар сарын 16-нд  Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд малын шүлхий өвчин гарч, нийт 43 үхэр малын шүлхийгээр өвчилснөөс гурав нь үхсэн. Өмнө нь 2015 оны 11 дүгээр сарын 23-нд малын шүлхий өвчний тохиолдол гарсан билээ. Мөн Ховд аймагт малын онц ноцтой халдварт өвчин болох мялзан төст өвчин илэрснийг энэ сарын 9-нд  Монгол Улс  Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн байгууллагад мэдээлсэн бөгөөд тус аймагт нийт 1400 ямаа, 430 хонь  өвчний вирус тээж байгаагаас 27 ямаа, есөн хонь үхсэн бөгөөд дөрвөн ямааг устгалд оруулсан гэж тус сайтад мэдээлжээ.

Бид энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулгаас тодруулахад “Бид энэ талаарх мэдээллийг дээрх сайтад тавьсных нь дараа харсан. Одоогоор ямар шалтгааны улмаас ийм мэдээлэл цацагдсан талаар тодорхой тайлбар авахаар БНХАУ-ын Элчин сайдын яам руу албан хүсэлт явуулсан, хариугаа хүлээж байна” гэлээ.

Манай улсаас БНХАУ руу хөлдөөсөн үхрийн мах экспортлох эрхийг зургаан компани аваад байгаа юм.

Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Махны экспорттой холбоотой асуудлаар БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүсэлт тавьжээ  
Үзсэн: 2324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй