Шууд Chart

Цахим сүлжээнээс эм худалдан авахгүй байхыг анхааруулж байна

2016-10-03 11:58:04

Сүүлийн жилүүдэд сошиал орчин тэр дундаа фэйсбүүк хуудсаар дамжуулан эм, эмийн бүтээгдэхүүн худалдаалах нь ихэссэн. Энэ нь нэг талдаа манай улсад мөрдөгддөг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна. Тодруулбал, тус хуульд Эмийн зар сурталчилгаа гэсэн бүлэгт:

“27.1.Жоргүй олгох эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг мэргэжлийн хэвлэл болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилж болно.

27.2.Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны агуулгыг эмийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянана.

27.3.Эмийн зар сурталчилгааны мэдээлэл нь эмийн хэлбэрээс үл хамааран эм судлалын үзүүлэлт, эмнэлзүйн судалгааны дүнд үндэслэсэн байна.

27.4.Эмийн зар сурталчилгаанд Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас гадна дараахь зүйлийг хориглоно:

       27.4.1.эмийг импортлох, худалдах зорилгоор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах;

       27.4.2.хүүхдэд хандсан эмийн сурталчилгаа явуулах;

      27.4.3.жороор олгох эмийг сурталчлах;

      27.4.4.эмчийн зөвлөгөө, эмчилгээ, мэс ажилбарыг үгүйсгэх ойлголт төрүүлэх мэдээлэл өгөх;

      27.4.5.эмийг ховор, чухал, цорын ганц, маш өндөр идэвхтэй, үр дүн нь бусад эмээс илүү, аюулгүй, гаж нөлөөгүй, шинэ эм, патентлагдсан гэж хэрэглэгчийг төөрөгдүүлэх;

      27.4.6.эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтад урамшуулал олгох буюу үнийн хямдрал үзүүлэх тухай нийтэд сурталчлах” хэмээн заасан байна.

Мөн энэ хуулийн заалтыг зөрчсөн иргэнийг 200.000-300.000 төгрөгөөр, албан тушаалтныг 300.000-500.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.000.000-1.5000.00 төгрөгөөр торгох хуулийн зааллттай юм.

Үүнээс гадна сошиал орчинд сурталчилгаа хийгдэж, борлуулагдаж буй бүтээгдэхүүнүүд чанар аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байж болох учраас эмийг зөвхөн зөвшөөрөгдсөн газраас буюу эмийн сангаас авч байх хэрэгтэй гэдгийг сануулж байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Цахим сүлжээнээс эм худалдан авахгүй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 2264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй