
Монгол Улсын гавьяат багш Цэдэвсүрэнгийн Гүррагчаатай дэлхийн багш нарын баярын өдрийг тохиолдуулан ярилцлаа.
-Юуны өмнө танд дэлхийн багш нарын өдрийн баярын мэнд хүргэе?
-Баярлалаа. Энэхүү баярыг жил бүрийн аравдугаар сарын 5-нд буюу өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлдэг болоод нэлээн хэдэн жил болж байна. Гэхдээ манай улсын янз бүрийн мэргэжлийн ахмад багш “Залуу үе амьдрал” нэртэй байгууллагын шугамаар ОХУ-ын нийслэл Москвад тэмдэглэж байсан. Миний хувьд тэгж яваагүй ч, оролцоод ирсэн хүмүүстэй нь уулзаж, сургалтад нь суухад маш сайхан зохион байгуулалттай тэмдэглэдгийг мэдсэн. Ингэж л би Дэлхийн багш нарын холбоо, дэлхийн багш нарын өдөр гэж байдгийг мэдэж байлаа. Гэхдээ түүнээс өмнө Монголын багш нарын өдрийг 1966 онд тэмдэглэдэг болсон. Тэр үед би Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын дунд сургуулийн зургаадугаар ангид сурч байлаа. Харин өнөөдөр тэр баяр 50 дахь “настайгаа” золгож байна.
-Гэхдээ энэ баярыг жил бүрийн хоёрдугаар сарын эхний ням гарагт тэмдэглэдэг байсан байх аа?
-Тийм. Цагаан сар, багш нарын баяр хоёр хэдхэн хоногийн зөрүүтэй болдог байсан. Саяханаас Дэлхийн багш нарын баярын өдрийг тохиолдуулан намар тэмдэглэдэг болов. Үүнтэй зэрэгцээд ахмадын баяр ч болж байна. Тэгэхээр надад “Нэг сумаар хоёр туулай буудна” гэдэг болоод зүгээр ч юм уу гэж санагдлаа. Манай улсын багш нар анх мэргэжлийн секцийн хүрээнд тэмдэглэж, хэн нэгнийхээрээ айлчилж очдог байсан бол дараа нь сургууль, дүүргийн хэмжээнд авч үзэж, өндөр зохион байгуулалттай хийдэг боллоо. Гэхдээ энэ баяр нь багш болсных юм уу, хүндэтгүүлэх гэж байгаагийнх юм уу, дайллага цайллагад уригдахыг хэлж байгаа юм уу. Хамгийн гол нь тухайн жилдээ хэн юу хийв, ямар ололт амжилт гаргав гэдэг л чухал болохоор үүнийг үнэлж, дүгнэдэг. Би энэ баярыг 42 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Нэг ёсондоо багш хэмээх алдрыг зүүгээд өдий хугацааг өнгөрүүлж.
-Та хими, биологийн багш хүн. Энэ мэргэжлийг яагаад сонгосон юм бэ?
-Анх 17 настай байхдаа бага ангид цөөхөн жил ажиллаад, УБИС-ийн хими, биологийн ангийг 1979 онд төгссөн. Тэр үед Ардын боловсролын яам багш нарт томилолт өгдөг байхад би нийслэлийн лаборатори нэгдүгээр сургуульд ажилласан. Гэхдээ химээр бага, биологиор олон жил багшилсан.
-Биологи судалж, заана гэдэг хэцүү байх даа?
-Хэцүү. Энэ мэргэжлийг би зорьж сонгоогүй, тохиолдлоор л эзэмшсэн. Бага байхдаа багш болно гэсэн хатуу зорилго өөртөө тавихдаа зураг хөдөлмөрийн, эсвэл Орос хэлний багш болно гэдэг байлаа. Учир нь би бага байхын л зурдаг, модоор аахар шаахар юм хийдэг байсан болохоор тэр л дээ. Ээждээ хүртэл жижигхэн шүүгээ хийж өгсөн. Мөн дунд сургуульд сурч байхдаа Орос хэлний хичээлдээ ихэвчлэн онц дүн авдаг байсан минь хэлний авьяастай байсных болов уу. Тухайн үед конкурсын шалгалт өгөхөд Орос хэлний шалгалт заавал өгдөг байлаа.
Намайг төгссөн жил зөвхөн хими, биологийн багшийн хуваарь л ирсэн байсан. Миний бодож байсан зураг хөдөлмөр, Орос хэлний багшийн ангийн хуваарь ирээгүй. Ингээд шалгалтаа өгөхөөс өөр арга үгүй юм чинь хими, биологийн ангийн багш мэргэжлийг сонгож, шалгалт өгөхөд химийн шалгалтдаа хамгийн бага оноо авсан. Өмнө нь бэлдэж байгаагүйн зэрэгцээ сайн сурдаггүй байсан юм чинь арга ч үгүй л дээ. Харин Орос хэлний шалгалтаа 15 буюу хамгийн өндөр оноог нь авч, нийлбэр дүнгээрээ тэнцчихсэн. Ингээд л би хүссэн хүсээгүй хими, биологийн багш мэргэжилтэй болсон.
-Сургуульдаа орсны дараа ангиа сольж болоогүй юм уу?
-Тийм бодол төрж байсан л даа. Гэхдээ би хэрхэн хөөцөлдөх арга замаа мэдэхгүй болохоор тэр чигт нь л өнгөрүүлсэн. Анх хичээл заахад төвөгтэй санагдаж байсан ч багш нартайгаа улам дэлгэрэнгүй ярилцаж, судлахаар өөрийн мэргэжлээ ямар их сонирхолтой вэ гэдгийг ойлгосон.
-17 настайдаа багшлахад хэцүү байв уу?
-Завхан аймгийн Цагаанчулуут сумын дунд сургуульд багшилсан. Тэгэхэд тэр сумынхан намайг бага настай гэлгүй том албан хаагч шиг л хүлээж авсан. Намар очсон болохоор морь унуулж бригадууд руу явуулж, сургуулийн насны хүүхэд авч ирэх, өвс хадланд туслуулах зэрэг ажил оноосон. Багшийн сургууль төгссөн болохоор заах аргаа тодорхой хэмжээгээр эзэмшсэн тул биеэ барих талд гайгүй байсан. Өөртөө ч их итгэлтэй байлаа. Тэгээд ч бага ангийн хүүхдүүд гэдэг чинь гэнэн юм болохоор хөөрхөн санагдсан.
Харин дунд сургуулийн багш болоход өөр байсан шүү. Нийслэлийн лаборатори нэгдүгээр бүрэн дунд сургууль хэмээх улсдаа алдартай сургуульд ажиллахдаа би өөрийгөө илүү их дайчлах хэрэгтэйг мэдэрсэн. Учир нь тэр сургуулийн хүүхдүүдийн өссөн орчин, соёл, хүмүүжил, мэдлэг өмнөх сургуулийн хүүхдүүдээс илүү байсан болохоор би тэдэнтэй харьцахдаа өөрийгөө дутмаг байгаа юм шиг санаж байсан.
-Хэрвээ зураг хөдөлмөр, Орос хэлний багш болсон бол яах байсан бол гэж одоо боддог уу?
-Үгүй. Биеийн тамирын хичээлдээ муу байсан болохоор энэ хичээлийн багшаас бусад аль ч ангийг сонгосон би багш гэдэг мэргэжлийг сураад л төгсчихнө.
-17 настайдаа багшлахдаа өөрөөсөө ах настай хүүхдэд хичээл зааж байв уу?
-Тэр үед би хоёр жил л хичээл заасан. Тэгэхэд ихэвчлэн найман настай хүүхэд нэгдүгээр ангид орж байсан. Зарим нь есөөс 11 настай ч байлаа. Гэхдээ 14 настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд байсан. Надаас гурваар л дүү гэсэн үг. Гэхдээ багш л бол багш. Харин 1950, 1960-аад оны үеийн багш нар өөрөөсөө олон ах, эгч хүнд хичээл зааж байсан гэдэг.
-Нийслэлийн болон орон нутгийн хүүхдүүдэд хичээл заахад үг хүлээж авахдаа аль нь илүү вэ ?
-Сахилга бат, соёл, ёс суртахуун талд нэг их зөрүү байхгүй ч хөдөө торнисон хүүхдүүд илүү даруу төлөв, бүрэг талдаа. Харин хотын хүүхдүүд ялангуяа нэгдүгээр сургуулийн хүүхдүүд нээлттэй, боловсон байсан. Мэдээлэл авах талд яривал мөн л өөр. Хөдөөний хүүхдүүд цөөн хэдэн сонин, радиогоос сонин хачин уншиж, сонсдог байсан бол хотынхон төрөл бүрээс мэдээлэл авна.
Танин мэдэхүй, сэтгэлгээний хөгжлийн хувьд бол жинхэнэ байгальд өсч, биеэрээ мэдэрсэн хөдөөний хүүхдийн мэдрэхүй сайн байдаг. Нэг ёсондоо байгаль нь аль хэдийнээ багш болчихсон байдаг гэсэн үг. Халуун элсэн дээр гишгэвэл ямар мэдрэмж авдаг вэ, шүүдэр дундуур хөл нүцгэн гүйвэл яах вэ гэдгийг тэд хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Тиймдээ ч тэдний дундаас олон алдартай зохиолч, яруу найрагч, зураач зэрэг авьяастан төрдөг байх.
-Нийслэлийн нэгдүгээр дунд сургуульд хамгийн олон жил ажилласан хүний нэгээр таныг нэрлэгддэг юм билээ. Ямар тохиолдлоор тэнд ажиллах болов?
-Найрамдал агаарын онцгой бүсэд залуу боловсон хүчнийг шууд томилдог байлаа. Тэгэхэд намайг өмнөх сургуульд багшилж байхад Эвлэлийн төв хорооноос дуудаад тэнд гурван жилийн хугацаатайгаар ажилла гэсэн үүрэг өгсөн. Би нэгдүгээр сургуульд 11 жил багш, 10 гаруй жил хичээлийн эрхлэгч, 13 орчим жил захирлаар ажилласан. Ямарваа юманд үүсэл гарал, уг үндэс гэж бий. Хүнээр яривал удам угсаа. Үүнтэй адил байгууллагад ч ялгаагүй байдаг. Нэгдүгээр сургууль маань ардын засгийн газрын шийдвэрээр шинэ үеийн сургуулийг байгуулах зорилготойгоор бий болсон. Тухайн үед дөрвөн жилийн сургууль байсан ч хүүхдүүдийг үүнээс дээш сургах шаардлагатай гэсэн үүднээс дунд сургуулийг 1923 оны хоёрдугаар сарын дунд үед хоёр багш, 40 сурагчтайгаар эхлүүлсэн түүхтэй.
Гэхдээ тэр 40 хүүхдийг тухайн үеийн дөрвөн жилтэй сургуулиудаас сонгож, анхны дунд сургуульд элсүүлсэн. Харин 1929 оноос томоохон аймгуудад дунд сургуулийг нээж эхэлсэн. Нэгдүгээр сургууль нь 1933 онд үлгэр жишээ, 1938 онд арван жилийн дунд сургууль, 1940 онд Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит сургууль болж, 1941 онд анхны аравдугаар ангиа төгсгөсөн. Харин 1942 онд МУИС байгуулагдсан. Энэ бүхнээс харахад тэр үед манай улсын Засгийн газар боловсролын талд нэлээн дээгүүр авч үзэж, алсыг харж, төлөвлөгөөтэй явуулж байсан нь харагддаг юм.
Тухайн үед манай нэгдүгээр сургуулийн удирдлагууд айлын хүүхдийг алагчлалгүй сурах хүсэлтэй л бол хэнийг ч хамаагүй сургуульдаа элсүүлдэг байж. Хаа холын Завхан, Ховд аймгийн хүүхдүүд зөвхөн нэгдүгээр дунд сургуульд сурахын тулд аян замаас шантралгүй ирж суралцдаг байжээ. Тэгэхээр шинэ Монголын анхны сэхээтнүүд энэ сургуулийн босгоор алхсан байгаа биз. Тэр байдлыг Монгол Улсын анхны гавьяат багш, дипломатч, зохиолч Д.Цэвэгмид “Сурагч Ганбат” зохиолдоо буулгасан байдаг. Тухайн үед тэрээр Увс аймгийн дунд сургуульд багшилж байсан юм билээ.
-Тэр үед ХБНГУ, Франц руу хүүхдүүд сонгон шалгаруулж явуулдаг байсан гэх юм билээ?
-30 хүүхэд явуулсан гэдэг. Тодруулбал, зохиолч Д.Наваанюүндэн, ардын зураач Н.Намхайсүрэн, ардын багш Г.Батсүх, “Герман” Гомбо, Төрийн шагналт, зохиолч Д.Намдаг, доктор Ч.Дүгэрсүрэн. Мөн Монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдорж ч явж байсан гэдэг. Гэхдээ харамсалтай нь тэднийг сургуулийг нь төгсгөж амжуулалгүй хоёр жилийн дараа буцаан татсан гэдэг.
-Яагаад?
-1930-аад онд дэлхий даяар дайны түгшүүртэй болсон болохоор тэр. Үүгээр ч барахгүй тэдний олонхийг барууны, Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлсэн байгаа юм.
-Бүх аймагт дунд сургууль нээгдсэн нь хэдэн он бэ?
-Дайн дажин өнгөрсний дараа буюу 1955 онд бүх аймагт дунд сургууль нээгдсэн. Гэхдээ нэгдүгээр дунд сургуульд БНХАУ-ын ӨМӨЗО-ноос 40 хүүхэд сурахаар ирж байсан гэдэг. Тэдний ихэнх нь ч манай улсын дээд сургуулийг төгсөж, гадаад руу мэргэжлээ дээшлүүлсэн байдаг.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Манай улсын өнөөгийн багш нарын ур чадвар танд ямар санагддаг вэ?
-Нийгмээ дагаад хөгжиж л байна. 1950, 1960, 1970 онд тухайн үедээ сайн гэж хэлэгдэхээр боловсон хүчин бэлтгэгддэг байсан. Өнөөдөр ч ялгаагүй. Гэхдээ нэг асуудал байна аа. Аливаа юманд яс чанар гэж байдаг. Ийм чанар одоо цагт муу болж. Дээхэн орон тоо бага байсан болохоор оновчтой, их сүрхий сонгодог байж. Ядаж шүлэг, яруу найраг уншдаг хүн ховор болж.
-Шүүмж хэлэх амархан. Гэхдээ сүүлийн үед дунд сургуулийн хүүхдийн сурах бичигт арай байж болмооргүй өгүүллэг, үлгэр, шүлэг сонгогдсон байх юм?
-Энэ талд би санаа нийлж байна. Хэдэн үеэрээ уншмаар бүтээлийг сурах бичигт сонгож оруулах хэрэгтэй. Жишээ нь, Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг. Нөгөө талаар сүүлийн үеийн зохиолч, яруу найрагчдынхаа бүтээлийг оруулах нь зөв л дөө. Гэхдээ сонголтоо зөв хийх хэрэгтэй. Үүнийг тухайн баталж байгаа хүмүүстэй нь холбож үзэх хэрэгтэй. Хяналт, редактор их муу байгаа нь ч ажиглагддаг.
Уг нь социализмын үед Боловсролын яамны дэргэд Сурах бичгийн редактор гэсэн биеэ даасан байгууллага байдаг байлаа. Харин одоо Зохиогчийн баг гэдэг нэртэй байгууллагад хэсэг бүлэг хүн ажилладаг бололтой.
-Сурагчдад арай сонирхолтой болгох үүднээс ядаж дэлгэцээр хичээлийг нь заавал ямар байх бол?
-Одоогийн хэрэглэж байгаа арга бол уламжлагдсан. Үүнийг хэзээ ч өөрчилж болохгүй. Гэхдээ цахим сургалтын арга гэж бий. Энэ аргыг манайхан хэрэглээд нэлээн хэдэн жил боллоо.
-Та 40 гаруй жил багшлахдаа ядаж нэг хүүхдийг “Хичээлээ хийсэнгүй” гээд тоншоод авсан л байлгүй. Тэглээ ч тэд таны өөдөөс юм хэлээгүй байх. Харин өнөөдөр хэн нэгэн багш сурагчдаа хатуу шаардлага тавьж шугамдаад авбал “Хүний эрх зөрчлөө” гээд аав, ээждээ “алтан хошуу” хүргэдэг болж. Энэ байдлыг та хараад юу гэж боддог вэ?
-Энэ нэлээн том асуудал л даа. Нэг талаас нь онол ярьж болно. Хамгийн гол нь сургагч, сурагч хоёр харилцан бие биеэ хүндэтгэсэн байх ёстой. Ийм үед тэдний дунд зөрчил бага гарна. Тэгэхээр өнөөдөр хэн хэн нь ийм байдлыг бий болгож чадахгүй байна. Сурагч ямар ч авир гаргасан багш нар гар хүрч болохгүй гэсэн хууль эрхзүй бий. Харин хүний хөгжил, хүн яавал хөгждөг юм бэ гэдгийг бодит байдлаас авч үзвэл өөр хариулт гардаг.
Хэн нэгэнд хатуу шаардлага, шахуур, дэг журам зайлшгүй шаардлагатай. Үүнийг туулсан хүн хөгждөг, амжилтад хүрдэг. Үүнээс улбаалж “Хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс цаашгүй” гэсэн үг гарсан болов уу. 1921 онд Ардын хувьсгалын дараа Гэгээрлийн яамыг анх байгуулж манай улсын боловсролын салбарыг үүсгэн байгуулсан Эрдэнэбатхаан ОХУ, хуучнаар ЗХУ руу зохиолч М.Горькийд захидал илгээхдээ “Бидний Монголчууд таны зохиолоос ямрыг нь орчуулж, уншуулбал зохиолтой вэ” гэсэн байдаг.
Гэтэл тэрээр хариуд нь “Миний бодоход танай Монголын талаар ойлгосон зүйл бол идэвхтэй зарчмыг баримталсан зохиолыг хүргэвэл зохилтой болов уу” хэмээж.
Тэгэхээр “Идэвхтэй зарим” гэдэг үгийг бодох хэрэгтэй. Тэгээд ч хатуу чанга зарчим дээхэн байсан гэр сургалтад байсан. Сурахгүй бол багш нар нь ямар нэгэн хэмжээгээр шийтгэдэг. Үүнийг та киноноос ч үзсэн байх. Тухайн сурагчийнхаа хоёр гарын алгыг дэлгэж байгаад шугамаар алгаддаг, сураар ташуурддаг, гарыг нь өргүүлж зогсооно, гар дээр нь сунайлгана, галуун цуваагаар алхуулна. Хөндлөнгийн хүн харахад шийтгэж байгаа боловч угтаа бол биеийн тамирын дасгал хийлгэхээс гадна тэсвэр тэвчээртэй болгож байгаа юм. Ийм үйл ажиллагаанаас халширсан хүүхэд хичээлдээ илүү шамдаж, сурдаг.
Тэгэхээр зөв ёсны, үнэн сэтгэлийн шийтгэл байх ёстой. Хамгийн гол нь багш хүн сурагчдаа хэзээ ч ялгаварлан үзэж болохгүй. Би нэгдүгээр сургуульд багшилж байхдаа хичээл хийдэггүй хүүхдүүдийг суниалгадаг байсан. Дээхэн багшдаа зодуулаад очсон хүүхдийг аав, ээж нь “Багш чинь зөв юм хэлсэн байгаа. Чиний л буруу” гээд нэмээд зоддог байлаа шүү дээ. Би нэг зүйл сонин болгож ярья.
-Бололгүй яах вэ?
-Хятадууд сүүлийн үед “Бар ээжийн сургалт” хэмээх арга барил бий болгож. Үүнийг би Өвөрмонгол багшаас сонссон юм. Тэд хүүхдүүддээ багаас нь маш хатуу шаардлага тавьж ажилладаг болсон гэнэ. Би хүүхдүүдээ аваад олон улсын олимпиадад оролцуулахад ихэнх байрыг Хятад хүүхдүүд эзэлдэг. Тэгэхээр тэр сургалт нь зөвөөр нөлөөлж байх шиг. Манайхны зарим залуус амжилтад хүрснийхээ дараа “Тэр багш маань намайг тэгж шахаж, шаардсаны эцэст би өнөөдөр өдий зэрэгтэй явна” гэдэг. Тэгэхээр ер нь багш хүн зөв, хатуу шаардлагыг сурагчдадаа тавьж байх нь зүйтэй. Гагцхүү хөрөнгө чинээ, царай зүс, биеийн галбиртай нь холбож, доромжилж болохгүй.
-Ярилцсанд баярлалаа.
Ц.Гүррагчаа: Багш хүн сурагчдаа хэзээ ч ялгаварлан үзэж болохгүй | ||
Үзсэн: 10874 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.