Шууд Chart

Нөлөөтэй толь

2021-06-05 12:42:23

Тэр явдал ингэж эхэлсэн юм. Хөзөр тоглож шуугилдах хүмүүсээс жаахан холдох санаатай хажуу өрөөнд орлоо. Нар шингэчихсэн. Яг л харуй бүрий болж байсан учраас өрөөнд ч гэсэн харанхуй. Гэрэл асаах санаатай хэд алхтал хувцасны том шүүгээний хажууд хэн нэгэн хүн сууж байгааг олж харав. Босоо захтай бор цамцтай, үсээ ардаа боосон охин. Гэвч би түүний насыг яг тэд гэж оноож чадсангүй. Нүүрээ даран явган суух охиныг харан самгардаж, “Хий үзэгдэл, ад чөтгөр” гэх бодол намайг эзэмдэж, өрөөнөөс ухасхийн гарах гэсэн боловч хөдлөж чадсангүй. Би түүн рүү харсаар... Тэр доошоо харж суусаар... Их л удах шиг санагдав.

Өөрийн эрхгүй салгалж байсан гар хөл гэнэтхэн сулхайн унжиж, надад өөрөө өөрийгөө захирах ямар ч тэнхэл үлдсэнгүй. Гэхдээ айдас маань бага багаар нимгэрч байгааг л мэдэж байлаа. Хөдлөх ч үгүй хөшиж орхисон бие тавирч эхэлсэн ч тэр харанхуй өрөөнөөс гарч гүйгээгүйдээ би одоо ч өөрийгөө гайхдаг юм. Үл таних охин гэнэтхэн огцом дээш харлаа. Түүний царайг би сайн харсан хэрнээ юу ч олж харсангүй. Тэр гэхийн тэмдэггүй, нүүр нь ямар ч сэтгэл хөдлөлгүй, харц нь ямар ч өнгөгүй. Гэхдээ л амьд хүн биш гэдэг нь улам бүр мэдрэгдсээр...

-Энэ хэн юм бол гэсэн бодол тархинд орж иртэл охин гэнэтхэн
-Та намайг хараад л зогсоод байх юм уу хэмээн сул дуугаар шивнэх нь тэр.
-Чи хэн бэ? гэвэл тэр юу ч хариулсангүй.
-Та намайг хараад л байх юм уу... хэмээн өмнөх асуултаа давтлаа.
-Тийм ээ би чамайг харж байна гэвэл охин гунигтайгаар толгойгоо сэгсэрснээ
-Намайг хэн ч харж чаддаггүй юм гэв. Саяхан л цээж дараад байсан айдас гэнэтхэн ор мөргүй замхарсаар...Охинтой ярилцахыг туйлын их хүсэж байгаагаа мэдрэв. Үнэндээ би түүнтэй ярилцахыг хүсээд байна уу? Эсвэл тэр надтай ярилцахыг хүсээд байна уу? гэдгийг ч би одоо хүртэл мэддэггүй юм.
-Энд манай аав, ээж амьдардаг юм. Гэвэл тэр
-Мэднээ. Тэд намайг хэзээ ч хардаггүй. Харин би тэднийг үргэлж хардаг гэв.
-Би л лав чамайг харж байна гэвэл тэр гайхах мэт чимээгүй болсноо
-Харах ёсгүй, харахыг хүсэх ч хэрэггүй зүйл зөндөө л байдаг юм даа гэх нь тэр. Охины яриа миний сонирхолыг улам бүр татсаар...
-Харин би бүхнийг харахыг хүсэж байна гэв. Охин дахиад л хэсэг чимээгүй болсноо
-Шал дэмий хүсэл гэснээ буруу харлаа.
-Би чин сэтгэлээсээ хүсэж байна. Юм болгоны гадна талыг л хардаг. Харин дотор талыг нь бид хардаггүй. Нүүрийг нь л хардаг, цаад талд нь юу болж байгааг харж чаддаггүй шүү дээ гэтэл охин
-Дараа нь харамсана даа гэж хэлэхдээ яг л миний хүслийг биелүүлэх үү болих уу гэж эргэлзэж тээнэгэлзэж байгаа юм шиг дуугарлаа.
-Бүх зураг хүний нүдэн дээр бууж үлддэг. Би лав нүдэн дээр чинь байгаа зургийг харж байна гэснээ охин дахиад л чимээгүй болов. Тэр хэсэг дуугай хурааснаа
-Яахав хүсээд байгаа бол Та бүхнийг харж болно. Харин ...
Би түүний үгийг гүйцээж сонсож чадсангүй. Гаднаас пижигнэтэл гүйлдэж орж ирсэн ахын маань хоёр охин намайг харснаа муухай хашгирав.
-Хүүе чимээгүй л дээ хэмээн уцаартай дуугартал
-Та хүн айлгаад хаячих юм аа. Харанхуй өрөөнд юунд ганцаараа зогсож байгаа юм бэ? гэх дуутай зэрэгцэн гэрэл мэлсхийтэл асав. Өнөөх охины зогсож байсан зүг сандран харвал тэр алга. Жижигхэн сандал дээр овоолж хаясан хэдэн хувцаснаас өөр юу ч байсангүй.
-Тэр үнэхээр энд байсан.
-Үгүй хэн ч байгаагүй. Зүгээр л сандал дээрх хувцасыг л би харсан юм байна.
-Үгүй хүн байсан. Тэр надтай ярьсан.
-Гэхдээ тэр яриаг чамаас өөр хэн ч сонсоогүй.
-Зүгээр л би хий юм харж...
-Гэхдээ түүний дууг би сонссон.... хэмээн өөрөө өөртөөгөө ярьсаар... Эцэст нь аргаа барж, жижигхэн сандал дээрх хувцаснуудыг ор руу авч шидээд ганцаараа баахан суув. Хэн нэг нь миний бодлыг уншаад байгаа юм шиг нэг л хачин санагдана. Тэнд хэр удаан сууснаа мэдсэнгүй. Гэнэтхэн
-Энд ганцаараа юу хийгээд суугаад байгаа юм бэ? гэх эхнэрийнхээ дуугаар цочин өндийж харангуутаа би хөдлөж ч чадсангүй. Тэр намайг гайхан ширтэж байлаа. Гэхдээ түүний нүдэнд дөрвөлжингийн тамга тэргүүтэй хөзөрнүүдийн дүрс тод харагдав. Сандарсандаа хөдлөж ч чадсангүй, өвдөг чичирч, гар салгалж байгааг мэдэрч байлаа. Миний гөлгөр, бас айдас, сандрал дүүрэн царайг харсан эхнэр маань гайхсан бололтой. Над руу том харахад өнөөх дүрс улам тодрох нь тэр.

-Хүүе. Чи чинь эрүүл биз дээ. Бие чинь өвдсөн юм уу гэхэд дуугарах гэсэн боловч дуу гарсангүй. Удаан зогсов. Эхнэр намайг нэвт ширтсээр... Би түүний нүд рүү цоо ширтсээр... Эцэст нь арай хийн ярих тэнхээтэй болж
-Чиний нүдэн дээр дөрвөлжингийн тамганы зураг байна гэвэл эхнэр гайхан харснаа
-Галзуурчихаагүй биз. Битгий тэнэгтээд бай. Явж машин тэргээ янзал гэснээ нүдээ хурцлав. Түүний нүдэн дээр гартаа барьж байсан хөзрөө над руу шидэх гэснээ болиж байгаа зураг тодоос тод үзэгдээд гэнэтхэн алга болчихлоо. Нүдэн дээрх зураг... Үүнд хэн ч итгэхгүй гэдгийг түүний харц, дуу хоолойноос л шууд мэдрэв. Энэ тухай хэнд ч юу ч хэлээд нэмэргүй. Тэд намайг зүгээр л “Галзуурсан” гэж оношлоно гэдэг тодорхой. Бас тэр өдрөөс хойш би хүний нүд рүү эгцэлж харахаас айдаг боллоо. Хүний нүд рүү анхааралтай удаан харах юм бол нүднээс нь тэр хүнийг юу хийж байсныг бас юу бодож байгааг мэдэж чадаж байгаагаараа эхлээд нууцхан бахархдаг байлаа. Хажуугаар өнгөрсөн сайхан бүсгүй саяхан хөөстэй онгоцонд нүв нүцгэн хэвтэж байсныг, бас захирал эр хэрхэн нарийн бичиг дарга хүүхэнтэй ширээн дээр янаг амрагийн ажил хийснийг гээд надад мэдэхгүй зүйл нэг ч үгүй болж хувирав. Тэр нэг үдшийг хүртэл надад зугаатай байв. Гэртээ нилээд оройтож ирсэн эхнэр маань
-Хурал хийх гэж бөөн ядаргаа. Жилийн эцсийн тайлан баланс ярина гээд баахан худлаа суулгачихлаа хэмээн үглэх зуур нь түүний нүд рүү удаан харлаа. Гэтэл түүний нүдэн дээр тас хар өтгөн үстэй, царайлаг залуугийн дүр тодоос тод харагдах нь тэр.

Эхнэр маань их л аядуу зөөлхөн болчихож. Гэхдээ миний танихгүй залуутай зөөлхөн ор хөнжилд жаргалаа эдлэж байсан тухайгаа бодсоор байгаа нь илт. Түүний нүдэн дээр энэ тухай бодол нь яг л зураг шиг хөвөрсөөр...Тэр намайг хуурч байна. Тэр нууц амрагтай болчихож гэдэг бодол цээж нухаж, яг л хашгирмаар санагдав.

-Битгий худлаа яриад бай. Чи юун залуутай хаагуур заваараад байгаа юм. Тэр өдөн дэр, ягаан торгон хөшиг хаана байдаг юм хэмээн өөрийн мэдэлгүй хашгирвал эхнэр гайхсан мэт над руу харснаа
-Битгий солироод бай хэмээн хашгирав. Надад эргэлзэх зүйл байсангүй. Гэвч түүний нүд яг л хутга шиг хурц болсноо
-Солиотой амьтан. Чи мэдрэл муутай хэмээн хашгирч гарлаа. Тэр яг цүнхээ шүүрч аваад гарах гэж байгааг нь нүдэн дээрээс нь олж харав. Дахиад тэр эргэж ирэхгүй. Бүрмөсөн явна гэдэг нь ч тодорхой. Тиймээс надад хэлэх ч үг үлдсэнгүй. Эхнэр хашгирч хашгирч байснаа унтлаганы өрөөнд ороод таг болов. Цээж нухах бөөн гомдол, бухимдал үерлэсээр...

Гэхдээ надад хэлэх үг алга гэдгийг мэдэх тусам нэг л харамсалтай. Тэр яваг. Бүүр яваг. Биднийг холбох үр хүүхэд байх биш хэмээн бодсон ч гэсэн цээж нэг л хөндий хоосон оргиод болдоггүй. Маргааш өглөө нь эхнэр надтай дуугарсангүй. Тэр өдрөөс орон гэр нэг л хөндий хоосон болж хувирах нь тэр. Тэртэй тэргүй түүнийг хаана хэнтэй явж байгааг нь, юу хийж байгааг нь мэддэг болсноос хойш бидний харьцаа улам бүр хөндийрсөөр... Би ихэнх цагийг ажил дээрээ, эсвэл найзуудтайгаа өнгөрүүлдэг боллоо. Гэвч тэд намайг далдуур юу гэж муулж, юу ярьж, миний тухай юу бодож байгааг мэдсэн тэр өдрөөс хойш бас л тэднээс ч гэсэн хөндийрч эхлэв. Ажилдаа ч явахаас дургүй хүрнэ. Бүгд хуурамч, хий хоосон... Бүгд багтай. Үнэн дүр төрхөө хуурамч инээмсэглэлийнхээ цаана нуусан өөдгүй шаарнууд... Бүгдээс хол хөндий байх нь надад сайхан санагдаж байлаа. Гэвч хүмүүс надаас улам бүр хөндийрсөөр...Тэр тусам би ганцаардаж байгаагаа л мэдэрдэг болов. Саяхан л намайг харахаараа инээмсэглэдэг байсан эхнэр маань нэг л өдөр хамаг хувцсаа аваад яваад өгчихөж. Хуурамч, бүгд хуурамч, сайхан зүйл юу ч байхгүй хэмээн хөндий хоосон гэртээ ганцаараа үлдчихээд баахан хашгирлаа. Гэвч хэн ч хариу өгсөнгүй. Харин өнөөх үл таних охины
-Дараа нь харамсана даа... гэсэн үг л чихэнд сонсогдож байлаа.
Тэр өдрөөс хойш миний нүдэнд сайхан зүйл харагдахаа байв. Хүмүүсийн үнэн дүрийг, бас бодож байгаа бодлыг харах гэдэг үнэхээр хүсэх зүйл биш байж. Би ажилдаа ч явахаа байлаа. Үс сахалдаа дарагдаж, навсайж нооройсон хувцастай, гуниг нэвт шингэсэн нүдтэй хүн өдөржин дэмий тэнэдэг байлаа.

- Галзуурчихсан юм гэнэ лээ. Ажил төрөл ч үгүй ингээд л тэнэж байдаг юм хэмээн байрны гадаа нарлах авгайчууд шивэр авир хийнэ. Гэвч намайг дөхөөд очихоор
-Сайн уу хүү минь. Ажил сайн уу хэмээн худлаа инээмсэглэнэ. Тэдний нүдэнд айдас ил байсаар байхад түүнийгээ нууна. Тэд өрөвдөхгүй байгаа хэрнээ өрөвдсөн царай гаргах гэж жүжиглэх гэж ядна. Хуучин найзуудтайгаа уулзана.

-Хүүе миний найз хэмээн дуу алдан уулзах ч
-Энэ галзуу яах гэж ирсэн юм бол гэдэг болгоомжлол нүдэн дээр нь дурайгаад л гараад ирнэ. Энэ бүхнээс би үнэндээ залхаж байлаа. Хамгийн сайхан зүйл үхэх. Зүгээр л хуурамч бүхнээс зугатаах нь л хэтэрхий сайхан санагдаж эхлэв. Өндөр дээр гараад, хоёр гараа дэлгээд яг шувуу шиг нисэхийг, бас хуурамч бүхнийг дээрээс нь харахыг хүсэж байлаа. Би мацаад л байв. Мацаад л байлаа. Салхинд хормой дэрвэж, толгой эргэж байвч доош харахыг хүссэнгүй. Арван зургаан давхар байшингийн орой дээр гарлаа. Бүгд ил харагдаж байв. Одоо доошоо ниснэ. Тэгээд хуурамч энэ хүний орчлонгоос бүрмөсөн явна. Дахиад муу бүхнийг харахаа, сонсохоо болино гэдэг миний хувьд хэмжээлшгүй их баяр жаргал авчирч байлаа. Доош нислээ.

-Хөөрхий минь. Гэнэтхэн л галзуурчихсан юм. Амиа хорлочих ч гэж дээ хэмээн хэн нэг нь миний дээрээс тонгойн хэлэхийг хальтхан сонслоо.
-Би нээрээ галзуурчихсан байсан юм болов уу? гэж бодох зуур өнөөх охин яг дэргэд минь сууж байгааг олж харав.
-Бүхнийг мэдэх хэрэггүй гэж би танд хэлсэн биз дээ. Хүний нүд гэдэг нөлөөтэй толь гэхдээ тэр охин инээмсэглэж байв. Энэ үг миний сонсох сүүлчийн үг гэдгийг би мэдэрч байлаа.

Б.Цоожчулуунцэцэг

Нийтэлсэн: Б.Цоожчулуунцэцэг

Нөлөөтэй толь  
Үзсэн: 5304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй