
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн 12 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж 2016 оны ажлаа аймгийн удирдлагуудад тайлагналаа. Тус аймаг хүн амын тооноос хамааран өвчлөлтөөрөө улсад дээгүүрт бичигддэг. Ялангуяа хавдар, сүрьеэ, ДОХ бэлгийн замын өвчлөл эмч мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Тиймээс энэ хүрээнд 2016 онд ДОХ бэлгийн замын халдварт өвчнийг бууруулахын тулд ЭМЯ, НҮБ-тай хамтран 15.3 сая төгрөгийн төслийг хэрэгжүүлж, 15-35 насны 3000 гаруй залуусыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ. Хавдрын чиглэлээр олон ажлуудыг өрнүүлсний нэг нь Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран “Хавдраас урьдчилан сэргийлье” аяныг зохион байгуулсан явдал юм. Тус аянаар 11 хортой хавдрыг илрүүлэн, эмчилж байна. Мөн энэ жил 7000 гаруй иргэнийг эрүүл мэндийн сургалт, сурталчилгаанд хамруулахаас гадна эмч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах ажлуудыг зохион байгуулжээ.
Ирэх онд буюу 2017 онд дээрх ажлуудаа илүү үр дүнд хүргэхийн тулд хавдар, сүрьеэ, ДОХ бэлгийн замын өвчлөлийн чиглэлээр орон нутагт дэд хөтөлбөрүүдийг боловсруулах дүгнэлтийг энэ өдрийн хурлаар гаргалаа.Түүнчлэн цэргийн насны залуусын эрүүл мэндийг сайжруулахад анхаарч ажиллах юм байна.
Эрүүл мэндийн байгууллагууд өвчилсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх ажлыг илүү их хийх ёстой. Гэтэл энэ тал дээр дутмаг ажиллаж байгааг хурлын үеэр шүүмжилж байсан юм. Иргэдийн дунд ч хоол хүнс, агаарын бохирдол болон тэдний амьдралын буруу хэвшлээс шалтгаалсан өвчлөл их байдаг нууц биш юм. Тиймээс аймгийн Эрүүл мэндийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнээс холбогдох байгууллагуудтай хамтран эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх томоохон ажлыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа аймгийн удирдлагуудад илэрхийлэв.
М.Гүнжинлхам
2017 онд эрүүл мэндийн дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 835 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.