Шууд Chart

Монгол цэргийн дүрэмт хувцасны хөгжил

2017-02-14 13:11:01

Монгол цэргийн дүрэмт хувцас манай улсад хэрхэн хөгжиж ирсэн тухай түүхэн мэдээлэл хүргэе. Монгол цэргийн түүхэнд ХХ зуунаас орчин үеийн цэргийн цолыг хэрэглэж эхэлсэн байдаг. Олноо өргөгдсөн Монгол Улсын цэргийн үе болох 1914 оноос нийт цэргийг зэрэг дэвтэй болгосон нь өнөөгийн цэргийн цол үүссэн гэж үздэг. Монгол цэргийн анхны дүрэмт хувцас урдаа хүрд хээтэй, баруун зүүн мөрөн дээрээ улаан шар өнгийн мөрдэстэй, мөрдэс дээрээ маанийн үсэгтэй байсан. Энэ дүрэмт хувцсыг 1919 он хүртэл өмссөн байдаг.

Үүнээс хойш 1921 онд цэргийн дүрэмт хувцасны малгайн тэмдэг таван хошуутай, ханцуйн дээрээ ромбо, хас тэмдэгтэй, 1936 онд дахин өөрчлөлт оруулж гимнастёрк ялгах тэмдгэндээ үндэсний уламжлалыг шингээх зорилгоор өлзий хээтэй болгосон юм. Харин 1944 онд цэргийн дүрэмт хувцаст өөрчлөлт оруулахдаа битүү хоолойтой хүрэмтэй болж, мөрдэс зүүж эхэлсэн байна. Мөрдэс дээр цэргийн албан хаагчдын төрөл мэргэжлийг зааж өгдөг болжээ. Тухайлбал, их бууны, хууль цаазын анги гэх зэргээр ялгадаг болсон байх юм. Түүнчлэн 1944 онд анх генерал цолыг баталсан байдаг.

Үүнээс хойш 1963 онд баталсан дүрэмт хувцаст хийсэн хамгийн том өөрчлөлт бол өлзий хээтэй ялгах тэмдгийг таван хошуутайгаар сольсон явдал байсан юм. 1990 оныг хүртэл олон улсын жишгийг дагаж таван хошуутай болсон дүрэмт хувцас өмсөж байсан ч Ардын Их Хурлын тогтоол гарч, эргээд үндэсний хэв шинжийг дүрэмт хувцаст шингээх зорилгоор өлзий хээг дахин оруулсан байна.

Аливаа улсын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг, төрийн сүр хүч, цэрэг дайчдын жавхаалаг байдлыг дүрэмт хувцас илтгэн харуулдаг. Монгол ардын журамт цэрэг, Монгол Ардын хувьсгалт цэрэг, Ардын цэрэг, Монгол Ардын Арми, Зэвсэгт хүчин хэмээн нэрлэгдсэн бүхий л үе үеийн байлдагч, сурагч, сонсогч, ахлагч, офицер, генералууд ёслолын болон  албаны хээрийн, тусгай зориулалтын цол тэмдэг бүхий дүрэмт хувцас өмсөж, эдэлж хэрэглэж ирсэн. Эдгээр нь тухайн цаг үедээ үүргээ гүйцэтгэж, илүү сүр жавхаалгаар хөгжиж байгаа гэж тус Бөртэ оёдлын үйлдвэрийнхэн онцолж байна.  Хуучин ЗХУ-ын үеийн дүрэмт хувцасны шинж төрх манайд байдаг ч 1990-ээд оноос хойш үндэсний хээ угалзыг түлхүү оруулсан, Монгол агуулгатай болж хөгжиж байгаа талаар мөн ярилаа.

Цэрэг хүчний байгууллагын дүрэмт хувцсны үүх түүх, утга учрыг хүүхэд, залуучууд мэдэх нь тэдэнд эх оронч үзлийг бий болгох, түүхэн гавьяаг таниулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зэрэг олон ач холбогдолтой гэж үздэг. Одоо Бөртэ цэргийн оёдлын үйлдвэр нь өдөртөө 400 орчим нэгж хувцас үйлдвэрлэх хүчин чадалтайгаар БХЯ-ны харьяа дүрэмт хувцас бүхий байгууллагыг хувцсаар ханган ажиллаж байна. Тусгай таних тэмдэг, мөрдэс зэрэг туслах хэрэгсэл ихтэй дүрэмт хувцсыг эсгүүр, хатгамал, индүүдлэг, гар ажиллагаа зэрэг олон дамжлагаар оёдог байна. Иймдээ ч дүрэмт хувцасны үнэ цэнэ бий болдог гэдгийг үйлдвэрийн ажилчид хэлж байлаа.

Батлан хамгаалах яамны харьяа Бөртэ Төрийн өмчит аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар нь 5 тасаг 1 цехтэй 180 гаруй тоног төхөөрөмж, 200 орчим ажилтантайгаар дүрэмт хувцас үйлдвэрлэж байна.


Монгол цэргийн дүрэмт хувцасны хөгжил   
Үзсэн: 13192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [43.243.161.xxx] 2017-02-14 19:27
УУЦ ӨВЧҮҮ ЧАНАХ ҮЙЛЧИЛГЭЭ Та бүхний баярын ширээний ууц болон өвчүүг мэргэжлийн тогооч уурын тогоонд чанаж үйлчилнэ. Жич: Ууцыг гэрээс тань хүлээн авахдаа лац зүүж, зориулалтын баглаа боодолд савлан авна. “MEAT EXPRESS FOOD” ХХК Үнэ: 30000-50000 ₮ Утас:94497709,99940098,94497720, 96058896

Бидэнтэй нэгдээрэй