Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Зүүн өмнөд Ази, Хятадын шүлхий өвчинтэй тэмцэх дэд комиссын 28 дахь удаагийн хуралдаан Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ. Хуралдаанд нийт 16 орны мал эмнэлгийн салбарын 80 гаруй төлөөлөгч оролцож байна. Тухайлбал, ДМАЭМБ-ын төлөөлөгчид, ерөнхий малын эмч нар, үндэсний зохицуулагчид, олон улсын болон хандивлагч байгууллага, шүлхий өвчний лавлагаа лаборатори, мал, амьтны эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл багтжээ.
Хуралдааныг ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага болон тус байгууллагын Зүүн Өмнөд Азийн шүлхийтэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр хамтран зохион байгуулж байна. Энэхүү хуралдаан шүлхий өвчинтэй тэмцэх дэлхийн стратеги боловсруулагдаж, дэлхийн хэмжээнд шүлхий өвчний нөхцөл байдал өөрчлөгдөн хөгжиж буй үетэй давхцаж байгаагаараа онцлог юм.
Хуралдаанаар дэлхийн болон бүс нутгийн шүлхий өвчний өнөөгийн нөхцөл байдал, өмнө нь бүртгэгдээгүй бүс нутгуудад SAT-1 хэвшил тархаж буй талаар мэдээлэл өгч, бүс нутагт тулгамдаж буй техникийн болон үйл ажиллагааны сорилтуудыг хэлэлцэх юм.
Энэ хүрээнд бүс нутагт шинээр нэвтэрсэн SAT-1 хэвшил, SAT-2 зэрэг шинээр эрсдэл үүсгэж болзошгүй бусад хэвшлүүдийн нөлөөллийг үнэлж, бэлэн байдлыг хангах, тандалт, вакцины хүртээмж, мал, амьтны шилжилт хөдөлгөөний хяналт, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар хэлэлцэнэ.
Мөн Зүүн Өмнөд Азийн шүлхийтэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, ололт, амжилт, тулгамдсан асуудлуудыг дүгнэж, 2026-2030 оны замын зураглалыг хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлохоор төлөвлөжээ.
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Зүүн өмнөд Ази, Хятадын шүлхий өвчинтэй тэмцэх дэд комиссын 28 дахь удаагийн хуралдааныг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нээж үг хэлэв. Тэрбээр мал, амьтны гоц халдварт өвчний эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, бодит түншлэлийг хөгжүүлж, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргахын чухлыг онцлов.
Зүүн Өмнөд Ази, БНХАУ, Монгол Улсын Шүлхийтэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн Дэд комиссын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Тайландын Мал аж ахуйн хөгжлийн газрын шинжээч, доктор Ноппаван Майяг үг хэлсэн бол Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Статусын газрын дарга Мин Парк мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Зүүн өмнөд Ази, Хятадын шүлхий өвчинтэй тэмцэх дэд комиссын 28 дахь удаагийн хуралдааны ач холбогдлыг онцоллоо.
Мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Монгол Улсын малын ерөнхий эмч, доктор Х.Алтангэрэл хуралдааны зорилгыг тодорхойлж хэлсэн үгэндээ бүс нутгийн улс орнууд хил дамнасан мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг бэхжүүлэх, мэдээллийн ил тод байдал, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой уулзалт үзэж байгаагаа илэрхийллээ.
Хуралдаанаар дэлхийн дахин, бүс нутгийн хийгээд Монгол Улс дахь шүлхийн өвчний нөхцөл байдал, эрсдэлийн талаар нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлж, яаралтай хариу арга хэмжээ, эрсдэлийн үнэлгээ, SAT-1-ийн эрсдэл болон бүс нутгийн бэлэн байдлын талаар илтгэл хэлэлцүүлэхийн зэрэгцээ шүлхий болон мал, амьтны гоц халдварт өвчний хяналтыг сайжруулах чиглэлээр хамтран ажилладаг түнш байгууллагуудын мэдээллийг сонсох юм.
SEACFMD буюу Зүүн Өмнөд Азийн шүлхийтэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр нь бүс нутгийн хэмжээнд шүлхий өвчнийг үе шаттай хянах, урьдчилан сэргийлэх, хил дамнан тархах эрсдэлийг бууруулах чиглэлээр гишүүн орнуудын хамтын ажиллагааг дэмждэг бүс нутгийн санаачилга юм. Тус хөтөлбөр 1997 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монгол Улс 2016 онд гишүүнээр элссэн.
Бүс нутагт шүлхий өвчний вирусийн O болон A хэвшлийн тархалт үргэлжилж, сүүлийн үед SAT1 хэвшил шинээр бүртгэгдсэн нь тандалт, эрсдэлийн үнэлгээ, вакцины бэлэн байдал, мал, амьтны шилжилт хөдөлгөөний хяналтыг улс орнууд уялдуулан хэрэгжүүлэх шаардлагыг нэмэгдүүлж байна гэж Хүнс, Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
| Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Зүүн өмнөд Ази, Хятадын Шүлхий өвчинтэй тэмцэх дэд комиссын 28 дахь удаагийн хуралдаан Улаанбаатар хотноо болж байна | ||
| Үзсэн: 82 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.