
Азарбайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнгөрсөн баасан гарагт эхэлж, өчигдөр өндөрлөсөн юм. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 32 орны эрэгтэй 126, эмэгтэй 78, нийт 204 жүдоч өрсөлдөж байна.
Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй нэг, нийт зургаан тамирчин Бакугийн татамид зодоглож байгаагаас одоогоор нэг алт, нэг хүрэл медаль хүртээд байна. Мөн шагналт VII байрт хоёр тамирчин шалгарсан юм.
Тодруулбал эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Г.Одбаяр алт, 81 кг-д О.Ууганбаатар хүрэл медаль, 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн нар шагналт VII байр эзлэв.
Бакугийн "Их дуулга"-д түрүүлсэн Г.Одбаяр эхний тойрогт хийлж, Украин, Азарбайжаны бөхчүүдийг ялж, хагас шигшээд "Лондон-2012" олимпийн наадмын аварга, "Рио-2016"-ийн хүрэл медальт Гүржийн алдарт бөх Л.Шавдатуашвилиг дийлсэн юм.
Улмаар дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальтай Японы Рики Накаяаг вазари үнэлгээгээр ялж, "Их дуулга"-ын анхны түрүүгээ хүртлээ. Энэ жингийн хүрэл медалийн тавцанд "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч Азербайжаны Рустам Оружов, "Лондон-2012" наадмын мөнгөн медальт Унгарын Миклош Унгвари нар зогслоо.
Мөн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан О.Ууганбаатар эхний тойрогт хийлж, улмаар Азарбайжан, Унгарын бөхчүүдийг ялан хагас шигшээд үлдсэн. Манай бөх Азийн аварга Ираны бөх Моллае Саеид дийлдсэн ч Болгарын Ивайло Ивановыг вазари үнэлгээгээр ялж, медалийн тавцанд гарав. О.Ууганбаатарын хувьд IJF-ийн Гранд Слам болон Гранпри ангилалаас найм дахь хүрэл медалиа зүүлээ.
Эхний хоёр өдрийн дүнгээр Япон, Израйл, Азарбайжан, Монгол, Бразил, Румын зэрэг найман улс алтан медаль хүртжээ. Бакугийн "Их дуулга" тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 78, +78, эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кг-ын жингийн барилдаан боллоо. Манай улсаас хамгийн хүнд жинд буюу эмэгтэйчүүдийн +78 кг-д Ц.Наранжаргал +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар барилдав.
Г.Одбаяр “Их дуулга”-ас анхны алтан медалиа хүртлээ | ||
Үзсэн: 1212 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.