Шууд Chart

Олимп, дэлхийн медальтнууд тэргүүллээ

2017-03-17 11:29:30

Монгол Улсын гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит 50 сая төгрөгийн шагналын сантай халз барилдаан өчигдөр Аса циркт боллоо.

Тэмцээний үеэр Монголын эмэгтэй жүдо бөхийн анхны тамирчдын нэг, их спортын дэвжээнээ 26 жил хүч, бяр, оюун ухаанаа зориулсан, Бээжингийн олимпийн V байр, 2007 оны ДАШТ-ий долдугаар байрын шагналт, Азийн наадмын хошой мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Монгол Улсын 15 удаагийн аварга Д.Цэрэнханд зодог тайлав.

Зодог тайлах ёслолд зориулан зохион байгуулсан 50 сая төгрөгийн шагналын сан бүхий Монголын шилдэг жүдочдын халз барилдаанд 5:2 харьцаагаар олимп, дэлхийн медальтнуудын баг ялсан юм.

Тэмцээнд олимпийн аварга нэг, дэлхийн аварга гурав, олимпийн медальтан хоёр, дэлхийн аваргын медальтан зургаан барилдав.

Үүнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчид нэг баг болж, Олон улсын хэмжээний мастеруудын холимог багтай өрсөлдсөн юм.

Барилдааны дүн

  • 1. Эрэгтэй -66 кг

Г.Болдбаатар – Д.Төмөрхүлэг

Дэлхийн аварга Г.Болдбаатар, 66 кг-ын дэлхийн шилдэг жүдоч, ОУХМ Д.Төмөрхүлэг нарын барилдааны үндсэн цагт хоёр бөх вазари үнэлгээгээр тэнцэж, нэмэлт цагт Г.Болдбаатар дахин нэг вазари үнэлгээ авснаар, хоёр вазаригаар өрсөлдөгчөө ялсан.

  • 2. Эмэгтэй -63 кг

Ц.Мөнхзаяа – Б.Ганхайч

Дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяагийн өрсөлдөгч нь 2016, 2017 онд улсын аваргад шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлсэн Б.Ганхайч байв. Хоёр бөхийн барилдаан мөн цаг сунгаж, нэмэлт цагт Б.Ганхайч өрсөлдөгчөө цэвэр яллаа.

  • 3. Эрэгтэй -60 кг

Д.Амартүвшин – Ж.Амарболд

Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, энэ жилийн улсын аваргын гол баатраар тодорсон Ж.Амарболд нар энэ жинд өрсөлдлөө. Хоёр бөх үндсэн цагт үнэлгээ аваагүй ба нэмэлт цагт Гавьяат тамирчин Д.Амартүвшин вазари үнэлгээгээр учраагаа буулгаж авав.

  • 4. Эрэгтэй -81 кг

Х.Цагаанбаатар – О.Ууганбаатар

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ДАШТ-ий V байрын шагналт, ОУХМ О.Ууганбаатар нар энэ жинд өрсөлдлөө. Хоёр бөхийн барилдаан мөн нэмэлт цагт шийдэгдэж, О.Ууганбаатарын ялалтаар өндөрлөлөө. Дэвжээний шүүгч түүнд иппон заасан ч шүүгч нар зөвлөлдөж, вазари гэж үнэлэв.

  • 5. Эмэгтэй -57 кг

Д.Сумъяа  -  Л.Энхрийлэн

Олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Сумъяа, “Чингис хаан-2016” гранпри тэмцээнд 17 насандаа түрүүлсэн Л.Энхрийлэн нар энэ жинд өрсөлдлөө. Хоёр бөхийн барилдаан нэмэлт цагт шийдэгдэж, Рио-2016 олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа өрсөлдөгчөө цэвэр яллаа.

  • 6. Эрэгтэй +100 кг

Н.Түвшинбаяр – Ө.Дүүрэнбаяр

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаяртай ОУХМ цолтнуудын төлөөлөл, хүнд жингийн шилдэг бөхчүүдийн нэг  Ө.Дүүрэнбаяр барилдлаа.  Хоёр бөх барилдааны эхэнд адил вазари үнэлгээ авч, үндсэн цагаас дуусахаас 3 секундын өмнө олимпийн аварга дахин нэг вазари үнэлгээ авснаар түүний ялалтаар өндөрлөлөө:

  • 7. Эмэгтэй -48 кг

М.Уранцэцэг - Г.Отгонцэцэг

Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жингийн барилдаанд дэлхийн аварга М.Уранцэцэг энэ тэмцээнд урилгаар оролцож буй Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт, Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэгтэй өрсөлдлөө Барилдаан нэмэлт цагт үргэлжилж, Дэлхийн аварга М.Уранцэцэг вазари үнэлгээгээр өрсөлдөгчөө ялснаар дэлхийн чансааг өнгөлж буй хоёр хүчтэй өрсөлдөгчийн хоорондын барилдааны харьцаа 5:3 боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимп, дэлхийн медальтнууд тэргүүллээ  
Үзсэн: 1014 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй