
Дэлхийн хамгийн өндөр буюу 828 метр өндөр барилга “Бурж Халифа” цамхагийг босгох ажил Персийн булан дахь Дубай хотноо 2004 оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд 1325 өдрийн турш үргэлжлэн, гадна засал чимэглэлийн ажил нь 2009 оны аравдугаар сарын 1-нд бүрэн дуусч, улмаар 2010 оны нэгдүгээр сарын 4-нд нээлтээ хийжээ.
“Бурж Халифа” цамхагийн загварыг зохион бүтээх явцад хүчтэй салхины нөлөөг бууруулж, хамгаалахын тулд инженерүүд барилгын эх загварын гадаргууны бүтцийг 120 хэмээр эргүүлсэн бөгөөд цамхагийн оройн хамгийн дээд цэгт салхины хүчээс хамааран 1.2 метрт ганхахаар тооцоолсон байдаг.
28 мянган шилэн хавтангаас бүрдэх уг цамхаг 160 давхар бөгөөд оффисийн болон орон сууцны зориулалтаар ашиглах 500 мянган ам дөрвөлжин метр талбайтай ажээ. “Бурж Халифа” байгууламж нь өөрөө дэлхийн хамгийн өндөр барилга гэх албан ёсны хүндэтгэлээс гадна хамгийн олон давхар, хамгийн өндөрт гарч ажиллах цахилгаан шат, мөн дэлхийн хамгийн өндөрт орших ажиглалтын тавцантай. Ажиглалтын тавцан нь цамхагийн 124 дэх давхарт байдаг бол дэлхийн хамгийн өндөрт байрлах лалын шашны сүм 158 дахь давхарт, асар том усан сан 76 дахь давхарт байрладаг.
Гадаад засал чимэглэлийн хувьд “Бурж Халифа” цамхаг нь 142 мянган метр квадрат хэмжээтэй гэрэл ойлгох тольт шил, хөнгөн цагаан болон зэвэрдэггүй ганаар бүрэгдсэн бөгөөд энэ нь Дубай хотын хурц нар, өндөр температурын нөхцөлтэй маш сайн зохицжээ. Гадаа 50 хэмийн халуун байхад ч барилга дотор 18 хэмийн дулаантай байх юм. Түүнчлэн “Бурж Халифа” цамхаг нь өөртөө цахилгааны эх үүсвэртэй байх ба 61 метрийн урттай салхин сэнс болон 15 мянган метр квадрат хэмжээтэй нарны гэрлийг хураах хавтангийнхаа тусламжтайгаар шаардлагатай цахилгааныг үүсгэх чадвартай.
“Бурж Халифа” цамхагийг 95 км-ийн цаанаас харж болох бөгөөд 1044 тансаг зэрэглэлийн орон сууц, оффисийн зориулалтаар ашиглах 49 давхар, 160 өрөө бүхий “Armani” брэндийн тансаг зэрэглэлийн зочид буудал байрлана. Дунджаар 12 мянга гаруй хүн “Бурж Халифа”-д ажиллаж, амьдрахаар төлөвлөгдсөн.
Персийн булан дахь "Халифын харш" | ||
Үзсэн: 2832 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.