
-Та энэхүү Зүүн бүсийн эрчим хүчний тусгай зөвшөөрөл зэмшигчдийн уулзалт зөвлөгөөний ач холбогдлыг хэрхэн тодорхойлж байгаа вэ?
- Эрчим хүчний салбарын хөгжил зах зээлийн эдийн засагт нийцэхүйц эрх зүйн орчин, эдийн засгийн үр ашиг, санхүүгийн тогтвортой, эрүүл байдал, техник технологийн шинэчлэл, үнэ тарифын зохистой бодлого болон боловсон хүчний чадавхи, менежментийн хөгжил зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалах нь тодорхой. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, тусгай зөвшөөрлийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, үнэ тарифын хөндлөн татаасыг багасгах, зах зээлийг өрсөлдөөнд шилжүүлэх нөхцөлийг тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн өртөг, зардлыг бууруулах, үр ашгийг дээшлүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх зэрэг зорилтууд тавиад ажиллаж байна. Энэхүү зөвлөлгөөнөөр эрчим хүчний хөгжлийн болон орчин үеийн менежментийн чиг хандлага, ТЗЭ компаниудын техникийн болон санхүү, бизнесийн бодлого төлөвлөлт, салбарын үнэ тарифын зохицуулалт, ялангуяа урамшуулалт зохицуулалтын асуудал болон эрчим хүчний зах зээл, үр ашиг, хэмнэлт, хэрэглэгчийн эрх ашиг, хяналт шалгалт зэрэг 10 сэдвээр оролцогчид тэргүүн туршлага, санал бодлоо хэлж, харилцан мэдээлэл солилцлоо. Зөвлөгөөн үр өгөөжтэй болж өнгөрлөө.
-Эрчим хүчний салбар алдагдлаас гарч байна. Найдвартай ажиллагаа дээшилж байна. Гэхдээ анхаарах ёстой олон асуудал байгаа байх?
-Байна аа. Наад зах нь, зардал жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ нь яалт ч үгүй станцуудын насжилттай холбоотой. Гэсэн ч зардлыг аль болох тогтвортой байлгаж, тухайн байгууллага, компанийн үр ашгийг дээшлүүлэх тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. Зардал өслөө гээд бид үнэ тарифыг нэмж болохгүй. Эдийн засгийн энэ хүндрэлтэй үед эрчим хүчний салбар найдвартай, үр өгөөжтэй ажиллахын зэрэгцээ хэрэглэгчээ дээдэлж, цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтвортой байлгах шаардлагатай тулгарч байгаа.
-Эрчим хүчний зохицуулах хорооны нэг үндсэн үүрэг гэж үүнийг ойлгож болох уу?
-Тэгж болно. Гэхдээ манай хороо зөвхөн энэ гэлтгүй олон үүрэгтэй. Тэдгээрийн хамгийн чухал нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн болон хэрэглэгчдийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах. Энэ удаагийн уулзалт, зөвлөгөөнөөр үүнийг сайтар ярилцлаа. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын нөхцөлийг 2017 онд тогтоохдоо дөрвөн төрлийн тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлнэ гэж компани болгон дээр зааж өгсөн. Хамгийн эхнийх нь хүний нөөцийн бодлогыг зөв зохистой тодорхойлж, хэрэгжүүлэх. Хоёрдугаарт, компанийн техник болон бизнесийн бодлогыг тодорхойлох. Үүний зэрэгцээ компанийн үр ашгийн бодлогыг ажил хэрэг болгох шаардлага тавьсан. Цаашид энэ зорилтоо ажил хэрэг болгох үүднээс тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудаа дөрвөн бүсэд хувааж, газар дээр нь очиж үйл ажиллагаатай нь танилцана. Зөвхөн танилцаад зогсохгүй онол, практикийн хувьд сургалт явуулж, зөвлөмж өгнө.
-Та бүхний эцсийн үр дүнг хэрхэн харж байгаа вэ?
-Ерөөсөө л хэрэглэгчдийг найдвартай, боломжийн үнэтэй эрчим хүчээр тасралтгүй хангах.
-Сүүлийн жилүүдэд цахилгаан, дулааны үнэ тогтвортой байж ирсэн. Цаашид энэ хэвээр хадгалагдах уу?
-Эрчим хүчний үнэ тариф нийгэмд шууд нөлөөлдөг. Тиймээс төрөөс суурь салбарын үнийг тогтвортой барих хэрэгтэй гэдэг бодлого баримталдаг. Засгийн газар, Эрчим хүчний яамнаас манай хороонд энэ бодлогыг баримталж ажиллахыг байнга анхааруулж хэлдэг. Өнөөдөр төвийн бүс дээр нэг кВт.ц эрчим хүч 141 орчим төгрөг, баруун бүсэд 211 төгрөг, Алтай-Улиастайн бүсэд 275 төгрөг байх жишээтэй. Эрчим хүч үйлдвэрлэж, дамжуулж, түгээж байгаа зардал харилцан адилгүй учраас цахилгаан эрчим хүчний үнэ тариф ялгаатай тогтдог. Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс хэрэглэгчиддээ аль болох хөнгөлөлт үзүүлэх, бага үнээр цахилгаан болон дулааныг хүргэхийг зорьж байгаа.
2016 онд гэхэд л хэрэглэгчдэд нийтдээ 44 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүчний үнийн хөнгөлөлт эдэлсэн. Энэ хөнгөлөлтийг айл бүр эдэлдэг. Харамсалтай нь ихэнх иргэд эрчим хүчний хөнгөлөлт эдэлж байгаагаа мэддэггүй. Жишээлбэл нэг айлын цахилгааны сарын дундаж хэрэглээ 200 кВт.ц байдаг. Гэтэл бүх өрхүүд 150 кВт.ц эрчим хүчийг хөнгөлөлтэй үнээр авдаг.
-Эрчим хүчний салбарын хувьд ашигтай ажиллах гэж ярихаасаа илүүтэйгээр аюулгүй, найдвартай ажиллах тухай ярьдаг. Эрчим хүчний салбарын найдвартай ажиллагаа хэр сайжирч байгаа вэ?
-Эрчим хүчний салбарын ажиллагаа харьцангуй тогтворжиж байгаа. Ганц тоо хэлэхэд 1992 онд 243 удаагийн хязгаарлалт хийсэн байдаг. Жилийн 365 хоногийн 243-т нь цахилгаан эрчим хүч доголдож, тасарч байжээ гэсэн үг. Харин өнөөдөр энэ байдал мартагдсан. Өнөөдрийн бидний очсон "Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК гэхэд нэг ч өдрийн тасалдалгүй ажилласан байх жишээтэй. Энэ бол маш их сайн үзүүлэлт. Эрчим хүчний найдвартай, аюулгүй ажиллагааны дараа бид санхүүгийн асуудлыг гаргаж тавьдаг. Урьд нь эрчим хүчний салбар жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийн татаас авдаг байсан бол 2016 онд 201 тэрбум төгрөгийн татвар улсад төвлөрүүлж, 16 тэрбум төгрөгийн татаас авсан. Энэ мэтээр нааштай үр дүн гарч байна. Өнгөрсөн жил салбарын хэмжээнд зардал багагүй хэмжээгээр нэмэгдсэн. Үүн дээр Эрчим хүчний зохицуулах хорооноос ажлын хэсэг гарч, дүн шинжилгээ хийж эхэлсэн. Цаашид зардлаа нэмэх бус тогтвортой байлгах бодлого баримтална.
-Сэргээгдэх эрчим хүч Монголд хөгжиж эхэлж байна. Үүнийг цаашид хэрхэн дэмжиж, хөгжүүлэх вэ?
-Сэргээгдэх эрчим хүч буюу цэвэр эрчим хүч бол яах аргагүй дэлхийн шинэ чиг хандлага. Дэлхий нэг л бөмбөрцөгт байдаг. Иймд дэлхийн агаар мандлыг хамгаалах олон улсын баримт бичигт Монгол Улс нэгдэн орсон байдаг. Тиймээс ч сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дөрвөн аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ жил хоёр ч сэргээгдэх эрчим хүчний станц нэмэгдэж ашиглалтад орно. Төрийн бодлогод 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 20 хувьд, 2030 онд 30 хувьд хүргэх зорилт тавьсан. Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос 13 нарны станц, зургаан салхин станц, гурван усан цахилгаан станц барина гэдэг тусгай зөвшөөрөл авсан байна. Цаашид бид сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн эрчим хүчээ экспортлох асуудлыг төрийн бодлогоор шийдвэрлэх ёстой. Энэ дагуу Эрчим хүчний яам, Засгийн газар Хятад улстай гэрээ, хэлэлцээр байгуулах асуудлыг ярьж байгаа.
-Монголчууд эрчим хүч экспортолно гэж байнга ярьдаг. Яг бодитой үр дүн гарч эхэлсэн үү?
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Дорнод аймгийн Матад суманд нүүрсний уурхай түшиглэсэн 3000 мВт-ын нүүрсний станц барьж, бүтээгдэхүүнээ шууд Хятад улс руу экспортлоно гэж тусгай зөвшөөрөл авсан. Цаашид энэ мэт санаачилгыг дэмжиж ажиллана. Сэргээгдэх эрчим хүч ч үүнд хамаарна. Энэ янзаараа үр дүнд хүрч чадвал Монгол Улс уул уурхайгаас дутахааргүй их хэмжээний валютыг эрчим хүчний салбараас оруулж ирэх сайхан ирээдүй байна. Товчхондоо, Монголын сайхан нар, хөх тэнгэр, талын салхи, ус ногоон мөнгө болж, валют оруулж ирэх ирээдүй ойрхон байна гэсэн үг юм.
А.Тлейхан: Монголын маань нар, салхи, ус эрчим хүч болж, валют олж ирэх цаг ойрхон байна | ||
Үзсэн: 1933 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.