
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Ж.Вагенландер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төслүүд болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Өдгөө Америкийн Нэгдсэн улс нь монголчууд хамгийн олноор төвлөрөн суурьшдаг гадаадын хоёр дахь улс болсон бөгөөд манай улсын 44 мянга гаруй иргэн оршин сууж байна. Тэдгээрийн анхдагчид Колорадогийн их сургуульд суралцахаар Денвер хотыг зорьж, тус сургуулийг дүүргэн, чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдсэн хамтын ажиллагааны туршлага бидэнд бий. Ийнхүү монголчууд Денвер хотод олноор суурьшиж, манай хоёр хотын хооронд хүмүүнлэгийн харилцаа хөгжиж, улмаар Ах дүүгийн харилцаа тогтоох гол хүчин зүйл болсон билээ. Цаашид ч бидний харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж, олон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Ж.Вагенландер цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв. Ташрамд, ирэх онд Улаанбаатар, Денвер хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 20 жилийн ой тохионо. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 87 дугаар тогтоолоор Их тойруугаас доош Сэлбэ голын баруун эрэг дагуу явж Бээжингийн гудамж хүртэлх гудамжийг “Денверийн гудамж” хэмээн нэршүүлсэн түүхтэй.
Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Ж.Вагенландер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 165 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.