Шууд Chart

Ерөнхийлөгч МХБНУ-ын парламентын дээд танхимын даргатай уулзлаа

2013-11-20 09:27:08

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Азийн зарим орнуудад хийх төрийн айлчлал Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын /МХБНУ/ Ней Би До хотноо үргэлжилж байна. Ерөнхийлөгч энэ сарын 19-нд Уппататанти сүмд зочлон хүндэт зочны дэвтэрт нь гарын үсэг зурж,  МХБНУ-ын парламентын Дээд танхимын дарга Кин Аунг Мьинтэй уулзсан. Уулзалтын үеэр Кин Аунг Мьин “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та манай улсад айлчлан парламентын ордонд зочилж байгаад бид талархаж байна. Таны айлчлал хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж, хөгжлийн шинэ шатанд гаргана гэдэгт найдаж байна” хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Биднийг халуун дотноор хүлээн авсан Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Монгол Улс ардчилсан шилжилтийн замд бэрхшээл саад олныг даван туулсан. Хэрэв та бүхэн мөн энэ замыг сонговол бид чадлынхаа хэрээр туслахад бэлэн байна. Бид бусдад зааж сургахыг хүсээгүй ч бусадтай хуваалцах, зөвлөлдөх зүйл бий. Иймээс ардчиллын шилжилтийн тал дээр бид чамгүй туршлага хуримтлуулснаа хуваалцахад бэлэн байна” гэв.

Мөн МХБНУ-ын зүгээс хоёр орны Гадаад харилцааны яамдын хооронд зөвлөлдөх уулзалтыг ирэх жилээс эхлэн тогтмол хийх, хоёр орны хооронд шууд нислэгтэй болох зэрэг санаачилгыг дэвшүүлэв.

 Ц.Элбэгдорж ”Бид Олон улсын хамтын ажиллагааны санг байгуулж, ардчиллын замд алдаж оносон зүйлээ бусадтай хуваалцахаар болсон. Уг сангийн үйл ажиллагааны хүрээнд БНАСАУ, МХБНУ, Киргизийг ардчилсан шилжилтийн замд нь дэмжиж ажиллах механизмаа бүрдүүлээд байгаа” гэв.

Монгол улсын зүгээс хоёр орны эрчимтэй хамтын ажиллагааг бэлгэдэж, “2М” буюу Монгол-Мьянмар гэсэн санаачилгын дагуу уул уурхайн салбарт ойр дотны түнш орнууд болж, дэлхийн зах зээлд хүчээ нэгтгэе гэсэн уриалгыг дэвшүүлсэн.


 


Ерөнхийлөгч МХБНУ-ын парламентын дээд танхимын даргатай уулзлаа  
Үзсэн: 1831 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй