Шууд Chart

НҮБ, ЮНЕСКО-гийн удирдлагууд АНУ, Израилийн шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлэв

2017-10-14 18:29:30

НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, ЮНЕСКО-гийн  Ерөнхий  захирал Ирина  Бокова нар  АНУ, Израиль  улсууд  НҮБ-ын  Боловсрол, шинжлэх  ухаан, соёлын  байгууллагаас гарахаар шийдвэрлэсэнд  харамсаж  байгаагаа илэрхийллээ. Мөн  ийм  шийдвэрт  харамсаж  байгаагаа Франц, Их Британи  гээд олон орны  удирдагчид  илэрхийлж  байна. 

ОХУ-ын  Ерөнхийлөгчийн  хэвлэлийн  нарийн  бичгийн дарга  Дмитрий  Песков  АНУ-ын энэ шийдвэрийг гунигт мэдээ  хэмээн  нэрлэсэн  бол, Германы  Гадаад хэргийн  сайд Зигмар Габриэль АНУ, Израилийн  энэ шийдвэрийг  ойлгохгүй  байгаагаа  илэрхийлсэн  байна. Мөн  Герман улс цаашид  ч тус байгууллагын гишүүн хэвээр  байж  бүхий л талаар дэмжлэг үзүүлнэ гэдэг  огтхон ч эргэлзэх хэрэггүйг онцлон мэдэгджээ.  Харин Францын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч  АНУ, Израилийн шийдвэрийг шүүмжилж, ЮНЕСКО-д  олон улсын хамтын нийгэмлэгийнхний  дэмжлэг тусламж онцгой чухал шаардлагатай байгаа энэ цаг үед ийм шийдвэр гаргалаа хэмээн буруушааж  байна.

Их Британи улс мөн АНУ-ын шийдвэрийг үл харгалзан олон улсын энэ байгууллагын гишүүн хэвээр  байна гэж  тус улсын  засгийн газрын  тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн  байна. Харин АНУ-ын ЮНЕСКО-той холбоотой шийдвэрт  тус улс харамсаж байгаа ч  энэ нь  зөвхөн  тэдний  хоорондын   асуудал  гэж үзэж  буйгаа илэрхийлсэн  юм.  Мэдээж, олон  улсын  ажиглагчид  АНУ, Израилийн дээрх шийдвэртэй холбоотойгоор  үүсч  буй  олон  асуудалд  өөр өөр  өнцгөөс  тайлбар  хийцгээж  байгаа ч,  гол  асуулт нь энэ шийдвэрүүд нь НҮБ-ын  энэ байгууллагын  үйл  ажиллагаанд хэр нөлөөлөх бол гэдэгт оршиж байна. 

зарим улс төрчид АНУ, Израиль улсууд сүүлийн 6 жил ЮНЕСКО-гийн санхүүжилтэд нэмэр болж байгаагүй учир төсөвт нь асуудал  учрахгүйг  тэмдэглэж  байна.  Мөн  АНУ  өмнө нь ЮНЕСКО-гоос  гарч  байсан тохиолдол  бийг сануулж  байгаа. 1984 онд  АНУ  ЮНЕСКО-г  тухайн үеий Зөвлөлт Холбоот услад  талтай байна гэдэг шалтгаанаар  энэ байгууллагын  эгнээнээс гарч байсан бөгөөд  2002 онд  л гишүүнчлэлээ  сэргээж  байв.  Тэр үед ЮНЕСКО-гийн үйл  ажиллагаа  доголдоогүй, хэвийн  үргэлжилж байсан.  Энэ  удаа  ч тийм байх  болно хэмээн үзэцгээж байна.

Нөгөөтээгүүр "Харин ч АНУ-гүйгээр ажиллахад ЮНЕСКО-д амар хялбар байх болно.  Зөвхөн Израилийн байр суурийг хамгаалах үүрэг гүйцэтгэж ирсэн АНУ-гүйгээр, түүний мөнгө оролцоо, бас дарамт шахалтгүйгээр  сүүлийн 6 жил ажиллаж ирсэн цаашид ч чадна гэж  үзэгчид байна. Түүнчлэн мэргэжилтнүүд ЮНЕСКО-гоос гарах  Вашингтоны  шийдвэр нь хөрөнгө  мөнгө  хэмнэх  зорилготой нь   холбоотой  гэж  үзэж  байна.

2011 онд ЮНЕСКО Палестиныг бүрэн  эрхт  гишүүнээрээ элсүүлэн авсны дараа АНУ ЮНЕСКО-г санхүүжүүлэхээс  татгалзсан.  Израиль  тэр үед  ч  Америкийн жишгийг дагаж байсан. Үүнээс болж  олон улсын энэ байгууллага жил бүр санхүүжилтийнхээ  22 хувийг  алдаж  байсан юм. Тиймээс өнгөрсөн  6 жилийн хугацаанд зөвхөн АНУ-ын 500 гаруй сая ам.долларт хүрчхээд  байгаа ЮНЕСКО-д төлөх өрийн  асуудлаа ийм  аргаар шийдэж байж болох юм гэж ажиглагчид үзэж  байна. Үүнээс үүдэн АНУ  ЮНЕСКО дахь эрхээ  хадгалж,  үүргээсээ татгалзлаа гэж тэмдэглэж  байна.  

Энэ нь ажиглагч  гишүүний хувиар ЮНЕСКО-гийн үйл  ажиллагааг  дэмжин ажиллахаа илэрхийлсэнтэй  нь холбоотой дүгнэлт болж  байгаа юм.  Нөгөөтээгүүр 500 гаруй сая ам.доллар гэдэг бол  дэлхийд  гол  валютыг хэвлэж  байгаа Америк орны хувьд толгой  өвдөөд байх асуудал  биш.  Америкийн эрх баригчид  тус байгууллагыг өөрийнхөө зааврыг  дагадаг болгохын  тулд  л ийм арга хэрэглэж байна гэж зарим тоймч дүгнэж  байна. Түүнчлэн, Израилийн  эсрэг  байр  суурьтай гэж  үзэн эсэргүүцэж  ийм шийдвэр гаргасан гэж  тайлбарласантай нь  холбоотойгоор  сүрдүүлэг хийж байна хэмээн дүгнэж  байгаа мэргэжилтнүүд ч байгаа.  

Өнгөрсөн оны 12 дугаар сард  НҮБ-ын Аюулгүйн зөвлөл  Палестины  газар  нутагт   сууршлийн бүс байгуулах үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг Израилиас шаардсан тогтоол гаргасан.  Тэр үеэс л АНУ-ын Конгрессын гишүүд ЮНЕСКО шиг НҮБ-ын системийн байгууллагын эгнээнээс гарах боломжийг судалж байна гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж байсныг нь сануулж  байна. Ер нь  Вашингтон  дэлхийд  тэргүүлэгч гүрэн. ЮНЕСКО-гоос гарах энэ шийдвэр нь  тус байгууллагын төдийгүй Америкийн ч нэр төрд  сөргөөр  нөлөөлөхийг  судлаачид  сануулж  байна. Вашингтон ЮНЕСКО-гоос гарснаар  соёлын  салбарт  аливаа  шийдвэр  гаргахад  нөлөөлөх боломжоо  алдаж байна гэсэн үг.  Харин ЮНЕСКО-гийн хувьд  АНУ  зарим асуудлуудыг шийдэхэд  бодитой  тусламж үзүүлж байсан  учир  тэрхүү  төсөл  хөтөлбөрүүдийнх нь  үр ашиг  буурах магадлалтай гэдгийг сануулж  байна. 

Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

НҮБ, ЮНЕСКО-гийн удирдлагууд АНУ, Израилийн шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлэв  
Үзсэн: 1873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй