
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай асуудал олны анхаарлын төвд байна. Тиймээс энэ асуудлын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяртай ярилцлаа.
-УИХ-аас 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталсан. Өнөөдөр энэ хууль хэрэгжээд 11 жил болж байна. Юуны өмнө хуулийн хэрэгжилтийн тухай асуумаар байна?
- Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль бол маш сайн хууль. Хөрөнгө оруулалтыг дэмжсэн, үнэ тарифыг нь хүртэл валютаар тооцсон, гадна , дотны хөрөнгө оруулагчдын сонирхолыг татсан хууль. Энэ хууль батлагдснаас хойш нийт 1500 гаруй МВт-ын суурилагдсан хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих тусгай зөвшөөрлийг нийт 39 аж, ахуйн нэгж аваад байгаа. Өнөөдрийн байдлаар нийлбэр хүчин чадал нь 20 МВт-ын 2 нарны цахилгаан станц, нийлбэр чадал нь 100 МВт-ын хүчин чадалтай 2 салхин станц ажиллаж байна.
Одоогоор Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын 12 орчим хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байгаа бөгөөд жилдээ 262 сая кВт.ц эрчим хүчийг сэргээгдэх эх үүсвэрээр үйлдвэрлэж байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд цаашдаа ч нэмэгдэнэ. Энэ онд гэхэд л гурван байршилд нийтдээ 40 МВт-ын нарны станц, нэг байршилд 50 МВт-ын салхин станцын барилга угсралтын ажил эхэлсэн. 2018 онд нийтдээ 90 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр шинээр ашиглалтад орно. Үүнээс харахад өнөөдөр мөрдөгдөж байгаа Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль үүргээ хангалттай сайн биелүүлсэн, хэрэгжилт ч сайн байгаа.
-Тэгвэл энэ хуулинд өөрчлөлт оруулах шаардлага байгаа юу?
-Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдснаас хойш 11 жил өнгөрч байна. Нийгэм эдийн засгийн байдал, эрчим хүчний техник, технологийн хөгжил гээд олон зүйл өөрчлөгдсөн. Олон улсад сэргээгдэх эрчим хүчний үнийг хатуу хуульчлахаа больж, өрсөлдөөний зарчмаар тогтоож байна. Ганцхан жишээ дурьдахад валютын ханшийн өөрчлөлт байна. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нарны эрчим хүчийг ашиглан гаргаж авсан 1 кВт.цаг цахилгаан эрчим хүчийг 0.15-0.18 ам.доллар, салхины эрчим хүчийг ашиглан үйлдвэрлэсэн 1 кВт цаг цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллараар тус тус худалдан авахаар тусгасан. Хууль батлагдаж байх үед 1 ам.доллар 1400 орчим төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2500 орчим төгрөгт хүрээд байна. Өөрөөр хэлбэл сэргээгдэх эрчим хүчний үнэ долларын ханш дагаж өсдөг нөхцөл байдал бүрдээд байна.
-Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу? Өнөөдөр уламжлалт дулааны цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэсэн эрчим хүчний үнэ хоёр хэр зөрүүтэй байгаа вэ?
-Өнөөдөр төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд 11 эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч худалдан авч байна. Хэрэглэгчдэд худалдаж байгаа 1кВт.ц цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 145 төгрөг байхад нарны цахилгаан станцын үйлдвэрлэсэн 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 422, салхиных 230 төгрөг байгаа.
-Маш их зөрүүтэй үнэ гарч ирж байна. Энэ зөрүүг яаж нөхдөг юм бэ?
- Эх үүсвэр нэмэгдэхийн хэрээр үнийн зөрүү гарч эхэлсэн. Тиймээс Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд 2015 онд өөрчлөлт оруулж "Сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно” гэж заасан. Ингээд хэрэглэгчдээс Сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифын төлбөрийг хуулийн дагуу авч эхэлсэн. Анх 2015 онд 1кВт.ц цахилгаан тутамд 4 төгрөг байсан. Өөрөөр хэлбэл, сард 100 кВт.ц цахилгаан хэрэглэсэн айл 400 төгрөгийг дэмжих тарифт төлж байсан гэсэн үг. Гэтэл 2015 оноос хойш сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж, өнөөдөр дэмжих тарифын үнэ үүнийг даган өсч, 11 төгрөг 88 мөнгө болж, 3 дахин нэмэгдсэн байгаа.
-Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нэмэгдвэл дэмжих тарифын үнэ дагаад л өсөх үү?
-Тэгнэ. Эрчим хүчний зохицуулах хорооноос сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, дэмжих тарифыг тогтоохдоо Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг мөрдөж ажилладаг. Үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр хуулийн дагуу дэмжих тариф нэмэгдэнэ.
-Үнэ тарифын энэ зөрүүнээс гадна эрчим хүчний нэгдсэн сүлжээний горим ажиллагаа, найдвартай байдалд нөлөөлөх бий гэсэн болгооомжлол эрчим хүчний салбарынханд байгаа? Таны хувьд ямар бодолтой байгаа вэ?
- Диспетчерийн Үндэсний Төв өнөөдөр цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг хянаж, шуурхай удирдлагаар хангаж ажилладаг. Эрчим хүчний ачаалал нэмэгдвэл хаанаас авах, багасвал ямар зохицуулалт хийх вэ гэдгийг тэндээс шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл, хэрэглээг тэнцвэржүүлж, зохицуулж байна гэсэн үг. Гэтэл сэргээгдэх эрчим хүч байгалиас хараат, тогтворгүй байдаг, салхи гараагүй үед салхин станц ажиллахгүй, нарны цахилгаан станц шөнө эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй. Тиймээс тогтворжилт муутай эрчим хүчний эх үүсвэрийг нэгдсэн сүлжээнд их хэмжээгээр холбож ажиллуулснаар горим ажиллагаанд хүндрэл үүснэ гэдгийг эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнууд анхааруулж байгаа.
-Өнөөдөр мөрдөгдөж байгаа Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй вэ?
-Өнөөдөр дэлхийн эрчим хүчний чиг хандлага ногоон эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж байна. Харин техникийн боломж хязгаарлагдмал нэгдсэн сүлжээтэй Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчээ яаж зөв зохистойгоор хөгжүүлэх вэ гэсэн асуудал тулгарч ирээд байгаа юм. Иймээс Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд өөрчлөлт оруулж, энэ салбарт өрсөлдөөн бий болгох зайлшгүй шаардлагатай. Дэлхийн зах зээл дээр техник, технологийн үнэ хямдарч, нарны болон салхины эрчим хүчний үнэ буурч байна. Тиймээс аль бага үнэ санал болгосон нь нар, салхины станцаа барьж байгуулдаг зарчим үйлчлэх учиртай. Нөгөө талаар хуульд заасан хатуу үнийн босгыг уян хатан болгож өгөх хэрэгтэй байгаа юм. Хуульд заасан нар, салхины эрчим хүчний үнэ, тарифт өөрчлөлт оруулж өгснөөр хэрэглэгчийн төлөх дэмжих тарифыг нэмэгдүүлэхгүй байх боломж бүрдэнэ.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо
Г.Эрхэмбаяр: Өнөөдөр мөрдөгдөж байгаа сэргээгдэх эрчим хүчний тухай хууль үүргээ хангалттай сайн биелүүлсэн | ||
Үзсэн: 844 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.