Шууд Chart

Хотын дарга Х.Нямбаатар олон улсын олимпиадаас медаль хүртсэн 20 сурагч, нэг багшийг урамшууллаа

2025-08-08 16:02:24

Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид зургаан хичээлээр олон улсын олимпиадад оролцож, бахдам амжилт гаргасан. Тодруулбал, математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн олимпиадад Монгол Улсыг төлөөлөн 20 сурагч оролцож, бүгд амжилт гаргаж, тусгай байраас алтан медаль хүртэл амжилт үзүүлээд байна. Тиймээс олон улсын олимпиадад амжилт гаргасан 20 сурагч, нэг багшийг өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар шагнаж, урамшууллаа.

Олон улсын олимпиадад шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулж, алтан медальд хүргэсэн НЕБ-ын 11 дүгээр сургуулийн багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав. Олон улсын олимпиадаас алтан медаль хүртсэн сурагчид 3 сая төгрөг, мөнгөн медаль хүртсэн сурагчдад 2 сая төгрөг, хүрэл медаль хүртсэн сурагчдад 1 сая төгрөг, тусгай байр эзэлсэн сурагчийг 500 мянган төгрөгөөр тус тус урамшуулсан юм.

Хотын дарга Х.Нямбаатар олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчдад хандаж үе тэнгийн найз нөхөддөө үлгэр дуурайлал болж, улс орныхоо нэрийн өмнөөс бахдам амжилт гаргасан багш, сурагчдад талархал илэрхийлээд 2026 оноос эхлэн олон улсын олимпиадад оролцохоор шалгарсан сурагчдын тухайн улс руу нисэх хоёр талын онгоцны тасалбарыг нийслэлээс шийдвэрлэхээр болсон таатай мэдээг дуулгалаа. Олимпиадад оролцох хоёр талын онгоцны тасалбарыг нийслэлээс шийдсэнээр суралцагчид, тэдний эцэг, эх гэр бүлийн санхүүд дэмжлэг үзүүлж, олон улсын чанартай олимпиадад тогтмол амжилт гаргахад түлхэц болох юм. Түүнчлэн НЕБ-ын сургуулиуд олон улсын олимпиадад сурагчдаа тогтмол амжилттай бэлтгэдэг байхад дэмжлэг болох зорилгоор “Ирээдүй” цогцолбор сургуулийг хоёр тусдаа болгон өргөжүүлж байгаа бөгөөд нэг сургуулийг нь математикийн гүнзгийрүүлсэн сургалттай болгож шинэчлэхийг Хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд даалгалаа.

 

Олон улсын олимпиад нь дэлхийн улс орнуудын шилдэг
суралцагчдыг тодорхой шинжлэх ухаан, математик, технологи, хэл шинжлэл зэрэг
чиглэлээр оюуны өрсөлдөөн явуулдаг тэмцээнүүд юм. Эдгээр олимпиад нь
ихэвчлэн жил бүр зохион байгуулагддаг бөгөөд тухайн чиглэлээр хамгийн чадварлаг
суралцагчдыг шалгаруулах зорилготой. Жишээ нь олон улсын математикийн олимпиад анх 1959 оноос Румын улсад эхэлж байсан бөгөөд Монгол Улс 1967 оноос хойш оролцож эхэлсэн ажээ.

 

Монгол хүүхдүүд олон улсын зургаан хичээлийн олимпиадаас дараах амжилтуудыг гаргажээ. Олон улсын Математикийн олимпиадад 110 орны 610 суралцагч оролцсон бөгөөд Монгол Улсаас НЕБ-ын 11-р сургууль, Сант, Шинэ-Үе сургуулийн 6 суралцагч оролцож, 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медалийг хүртлээ.

Олон улсын Физикийн олимпиадад 87 орны 415 суралцагч оролцсон бөгөөд Монгол Улсаас МУИС-ийн харьяа ЕБ-ын ахлах сургууль, НЕБ-ын 1-р сургууль, Сант, Абсолют элит сургуулийн 5 суралцагч оролцож, 2 мөнгө, 3 хүрэл медалийг хүртлээ.

З. Олон улсын Биологийн олимпиадад 77 орны 298 суралцагч оролцсон бөгөөд Монгол Улсаас НЕБ-ын Орчлон, Монгол тэмүүлэл сургуулийн 2 суралцагч оролцож, 1 хүрэл медаль, 1 тусгай байрын шагналыг хүртлээ. Олон улсын Химийн олимпиадад 90 орны 354 суралцагч оролцсон бөгөөд Монгол Улсаас НЕБ-ын Орчлон, Шинэ монгол, Бага тэнгэр сургуулийн 4 суралцагч оролцож, 4 мөнгөн медалийг хүртлээ. 

Олон улсын Мэдээлэлзүйн олимпиадад 87 орны 330 суралцагч оролцсон бөгөөд Монгол Улсаас НЕБ-ын Эрхэт эрдэм сургуулийн 1 суралцагч оролцож, 1 мөнгөн медалийг хүртлээ. Олон улсын Газарзүйн олимпиадад 23 орны 107 суралцагч оролцсон бөгөөд Монгол Улсаас НЕБ-ын Шинэ үе, Гёте сургуулийн 2 суралцагч оролцож 2 хүрэл медалийг хүртээд байна.


Хотын дарга Х.Нямбаатар олон улсын олимпиадаас медаль хүртсэн 20 сурагч, нэг багшийг урамшууллаа  
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй