Шууд Chart

О.Бадарч: Алдаад туучихсан аюул бол тоосжилт

2018-07-16 11:05:26

Энэ ярилцлагаараа дөрвөөс таван сумтай эн тэнцэх хүн ам хөлхсөн, 21 аймгийн залуусын ажил амьдралаа залгуулдаг, Монголын хамгийн том уурхайтай сумын эздийнх нь амьдрал, асуудлыг тодруулахыг зорилоо. Бид дэлхийн энд хүрэх нөөц баялагтай гэх уурхайнуудын тухай ярихдаа ихэвчлэн олсон, эсвэл олох гэж байгаа ашиг руу нь өнгийдгөөс нутгийн эздийнх нь тухай тэр бүр яриад байдаггүй. Ингэж бодоод “Асуулт байна” нэвтрүүлэгтээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарчийг урилаа.

Бага Цагаанхад бий болсон

-Та сая Цогтцэций сумаа танилцуулахдаа дараагийн Цагаанхад энд бий болж байна гэлээ. Ямар утгаар хэлэв?

-Хөрс, байгаль орчны сүйрэл, замбараагүй суурьшил гээд ярих юм бол Ханбогд сумын Цагаанхадтай адилхан нөхцөл байдал үүсчихээд байна. Манайхан бага Цагаанхад гэж хэлээд байгаа юм. Сумаас 10-аад км, Тавантолгойн уурхайн амнаас 6 км-т засмал замын гармын  уулзвар дээр зах зээлээ дагаж бий болж байгаа суурьшил. Өнөөдөр Тавантолгойн ордоос Гашуунсухайт хүртэлх замд 9000 орчим тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байна. Тэдгээр машины засвар, арчилгаа, жолооч нарын хоол унд, халуун усанд орох зэрэг хэрэгцээг дагасан зохион байгуулалтгүй  суурьшлыг бага Цагаанхад гэж хэлж байгаа хэрэг. Тухайлбал, тэндэхийн  хоолны 30 гаруй  газрыг  эрүүл ахуйн шаардлага хангаж ажилладаг гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Тэнд ямар нэгэн хүнс хэрэглээд амь нас нь эрсдэлд ороход яаж ч чадахааргүй тийм нөхцөл үүсчихээд байгаа юм. 

Би энэ сумын Засаг даргын ажлыг 2016 оны 12 дугаар сард авсан. Тэгээд хавар нь мэргэжлийн хүмүүстэй уурхайн амнаас эхлээд нийтдээ 82 цэгт үзлэг шалгалт хийхэд нэгээс бусад нь 4 сараас 6 жил сууршиж байгаа ч  ямар ч  газрын зөвшөөрөлгүй үйлчилгээ эрхлэгчид байсан.  

Дээр нь Тавантолгойн уурхайн хөрс хуулалтын 20 гаруй компани, мөн 20 гаруй дугуй засвар гээд бүгд дураараа суурьшсан. Тэднээс тэр олон мянган тээврийн хэрэгслүүд үйлчилгээ авдаг. Зарим нь маршрутын бус замаар явна. Сумын Засаг даргын хувьд ийм нөхцөл байдлыг шийдэх арга замыг олохоос өөр арга зам байхгүй л дээ.

-Таны, танай сумынхны хувьд энэ асуудлыг цэгцлэх ямар гарц олж хараад байна?    

-Тэдний зөрчиж байгаа хууль дүрэм гээд яривал 20-иор нь ярьж болохоор байна. Тиймээс ч төрийн бяр хэрэглээд тэднийг  ачиж болно л доо.  Гэвч  аль, аль талынх нь эрх ашиг гэж юм байна.

Нэг үйлчилгээний цэг л гэхэд дунджаар 20-иод өрхийг тэжээж байж магадгүй. Хоёрдугаарт, тэд хөрөнгө гаргаад жижиг ч гэлээ халуун ус, гуанзны гээд байшин барьчихсан байдаг. Нөгөө талаасаа 9000 жолоочийн хооллох, хоноглох, усанд орох гээд нийгмийн хэрэгцээг яах вэ. Ийм байдлаар үйлчлүүлж, үйлчилж байгаа хоёр талын эрх ашиг гэж бий. Гуравдугаарт нь энэ нутагт  үе улиран амьдарч ирсэн, нүүдлийн соёл иргэншлийг авч яваа малчдын эрх ашиг гэж бий. Хөрсний болон байгаль орчны элдэв сүйрэл, тоосжилтод малчид л өртөж, бэлчээр нутгаараа хавчигдаж байна. Өнөө хэдэн цагаан хонь нь бор хонь болчихсон.  

Энэ гурван эрх ашгийн уулзвар дээр төр дээрх асуудлыг шийдэхээс өөр аргагүй байдалд орлоо. Тийм учраас нийтийн хоол,  авто засвар, дэлгүүр хоршоо ямар стандарт хангах ёстой. Тэр л дүрэм журмыг мөрдөж ажилладаг үйлчилгээний газруудыг нэг цэгт төвлөрүүлье гэсэн бодлого барьж байна. Газрыг нь Засаг даргын эрхийн хүрээнд шийдсэн.

-Гэхдээ газар нь энэ төрийн эзэмшилд байгаа тохиолдолд тэр хүмүүс хөрөнгө оруулах уу?

-Газрыг нь эзэмшүүлж хувийн хөрөнгө оруулалт татахаар гэрээ байгуулаад эхэлсэн. Гурван  жилийн хугацаанд энэ асуудлыг цэгцлэхээр төлөвлөж байна. Энэ өөрөө бас цаг хугацаа, хөрөнгө хүч шаардсан ажил л даа. 

9000 хүний зовлонгоор улстөр хийдэг болчихлоо

-Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Монгол Улсын урдаа барьдаг уурхайнууд ажиллаж байна. Уурхай дагаж хүн ам эрс өсч байгаа мэдээ бий. Өнөөдрийн байдлаар хэдэн хүн амтай болоод байна?

-Яг одоогоор албан ёсоор бүртгэлтэй, мөн суурьшсан 7400 хүн,  2400 өрх бий. Нийт өрхийн 300 нь малчин. Манайд гурван том уурхай ажилладаг. Ингэж тооцвол  17-18 мянган хүн болчихож байгаа юм. Ийм тооны хүмүүс төрийн үйлчилгээ авч байгаа гэж би хэлнэ. Үүнд эрүүл мэндийн үйлчилгээг онцолмоор байна. Тэднийг өвдөх, осолд орох үед манай харьяат биш гээд үйлчлэхгүй байх эрх бидэнд байхгүй.

Тиймээс ч эмнэлгийн төсөв хүрдэггүй. Манай эмнэлэг жилдээ 100-аад сая төгрөгийн өрөнд унадаг.  Өнгөрсөн жил Эрүүл мэндийн яамтай ярьж байж өрөө шийдсэн. Мөн орон нутгийн давсан орлогоос 40-өөд сая төгрөгийн өр дарсан. Манай эрүүл мэндийн салбар яг энэ утгаараа өнөөгийн том зах зээл рүү орж чадаагүй байна.

Уурхайд ажилд орох иргэн наад зах нь 10-30 мянган төгрөгийн эмчийн үзлэгт хамрагддаг. Энэ үйлчилгээг манай сумын эмнэлэг хиймээр байна шүү дээ. Гэвч оношлох лаборатори, мэргэжилтнүүд нь алга. Хөөцөлдөж байгаад саяхан рентгенийг нь шийдлээ. Энэ орлогын нэг эх үүсвэр нь болоод ирнэ. Одоо бидэнд бактериологийн лаборатори хэрэгтэй байна. Бид үүнийг шийдчих юм бол сумын эмнэлэг өртэй биш, харин ч өөрийгөө санхүүжүүлээд явах чадавхитай болж магадгүй. Ер нь стандарт, шаардлага хангаад явбал төсвөө өөрсдөө бүрдүүлэх боломж бидэнд байна. Тиймээс л  Цогтцэций сум нэгдсэн эмнэлгийн статустай болохоор хөөцөлдөж байна.

-Нүүрс тээвэрлэлт, жолооч нарын ажлын нөхцөл байдал гээд яривал тэдний ажлын нөхцөл байдал хүнд, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагддаггүй гээд олон асуудал байгаа нь харагддаг. Таны хувьд хаанаа асуудал түлхүү байгаа бол?

-Нүүрсний тээврийн 33 км зам манай суманд харьяалагддаг. Осол аваар гурван үндсэн шалтгаантай гэж хараад байгаа юм. Нэгдүгээрт, жолооч нарын өөрсдийнх нь хариуцлагаас болж байна. Хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, маршрутын бус замаар явах гэх мэт нэлээд ослын нилээд хувь нь жолоочоос шалтгаалж байгаа. Ерөөсөө хэдэн төгрөг л бодоод байна. Нөгөө талд тэдгээр жолооч нарыг замд явуулж байгаа эзэнтэй их холбоотой. Тэр нөхөр ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж чадаж байна уу. Би бол үгүй гэж хэлнэ. Тэгсэн атлаа асуудлаа төр рүү чихдэг. Тэдгээр эзэд нь голдуу хятадууд байгаа юм.  Тэдэнд энэ тээврээс  ашиг хүртээд л суухаас тэнд жолооч үхэж байна уу, сэхэж байна уу ер хамаа байхгүй.

Тээврийн компанийн удирдлагуудтай уулзаж байхад тэд эрх мэдэлтэй ч юм шиг, үгүй ч юм шиг байдаг л даа. Тэгээд би  “Сүйрч байгаа чинь Монголын газар шороо шүү. Та нар өөрсдөө сүйрүүлж байгаа шүү” гэж  хэлдэг. Монгол эзэдтэй компаниуд арай өөр л дөө. Өөрсдөө толгой даагаад тээвэр хийж байгаа улсууд бас бий. Автотээврийн үндэсний төв тийм юм байхгүй гэж хэлэх байх. Тэдэнд мэдэгдэхгүй л дээ. Тэр зөвшөөрөл өгдөг журманд нь баригдаад нэг хүний бөөрөнд наалдаж байгаад зөвшөөрөл авчихаад л явж байгаа.

Хоёрдугаарт, замын асуудал. Засварын ажлаа хийж л байна. Гуравдугаарт, жолооч нарт  баталгаатай, тохитой  хоолны газар,  халуун ус, амрах газар алга.

Ерөөсөө аль алийг нь зөв оношлохгүйгээр төрийн буруугаас жолооч нар үхэж байна гэдэг байдлаар яриад байдаг. 9000 хүний зовлонгоор улстөр хийдэг болчихоод байна.   

Цогтцэций сумын тоос хүлцэх хэмжээнээс 10.5 дахин их

-Уул уурхайтай аймаг, сумын тухай сонсохоор эзэд нь нэг их азтай ч юм шиг, эсвэл харин ч бүр азгүй ч юм шиг хоёр туйл төсөөлөл байдаг л даа. Хотжих замдаа орсон Цогтцэций сумын тухай сонсохоор алс зэлүүд сумын хувьд бас л азтай. Гэтэл нөгөө талд...?   

-Манай суманд 500-аад айлын орон сууц, 200 хүүхдийн цэцэрлэг гээд  аль ч суманд байхгүй бүтээн байгуулалт бий. 2012 оноос хойш зогсоогоод байсан газар олголтоо сэргээж өнгөрсөн жилээс 1300 өрхөд газар олголоо. Ийм суурьшлын дэд бүтцийг шийдэх ёстой. Суманд цахилгаан эрчим хүч, дулаан хангамж, замын хэрэгцээ шаардлага байна. Энэ асуудлуудыг би хотжилт гэж яриад байгаа юм. Мөн дээр нь нийтийн тээврийн үйлчилгээ шаардлагатай болж байна. Энэ жил 04-ын шугам шийдэхээр хөрөнгөө шийдээд тендэрээ зарласан, дулааны шугам сүлжээгээ өргөтгөөд явж байна. Дулааны шугамыг 640 орчим сая төгрөгөөр хийнэ.

Дулаан халаалтыг шийдэхгүй бол Цогтцэций сум Улаанбаатарын утаа шиг болчих гээд байна.  Тоосжилт бол Цогтцэцийгийнхний тэртэй тэргүй алдчихсан аюул. Өвөл тэр тоосыг цас дараад арай гайгүй болоод ирэхээр зөрөөд утаагаар утаж эхлэх гээд байна шүү дээ. Тэр асуудлаас л урьдчилан сэргийлж байгаа юм. Гэтэл манай дулааны эх үүсгэвэр нь аль 70-аад оных. Ирэх жилээс бид орчин үеийн дулаан хангамжийн төхөөрөмжтэй болохоор төлөвлөж байна. Ингэж л бид хотжилтод бэлтгэлтэй байна.

Манай сум түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулсан орлогоороо өөрийгөө санхүүжүүлдэг.  Гэтэл энэ чинь  хязгаарлагдмал нөөц шүү дээ.

Энэ сумын нутагт 35 км хатуу хучилттай зам барьчихвал тоосжилт нэлээн буурахаар байгаа юм.  Тоосжилтыг бууруулахын тулд гурван зүйл бодоод сууж байгаа хүн би. Нэгдүгээрт, хатуу дэд бүтцийг шийдэх, ногоон байгууламжийн талбайг ихээр нэмэх, гуравдугаарт, уурхайнууд технологио шинэчлэх хэрэгтэй байна. Тусгай багажаар хэмжихэд Цогтцэций сумын тоос хүлцэх хэмжээнээс дунджаар 10.5 дахин, тоосонцор 14.5 дахин их байна. Үүнийг л бууруулахын төлөө ажиллах ёстой. Харин алга болгочихно гэж хэлж чадахгүй. 

-Тоосноос болоод эрүүл мэндээрээ хохирсон гэх баримт, эсвэл судалгаа, нотолгоо бий юу?

-Яг өнөөдрийн байдлаар тулсан тоог би хэлж чадахгүй. Манай суманд сүрьеэ их гарах болсон. Үүнд хоёр шалтгаан бий гэж үзэж байна. Олон удаа сүрьеэтэй гэж хэлүүлэхээс би айхгүй. Аль болох илрүүлэх юмсан гэж бодож байна. Сүүлийн  5 жилд 18 тохиолдол илэрчихээд байгаа. Голдуу хөдөлгөөнт хүн амын дундаас уушгины сүрьеэ илэрсэн. Сүрьеэгээр өвчилсөн хүн эмчлүүлэхээс залхдаг юм байна.

Мөн сая цэргийн насны 100 гаруй залууг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 55 өвчлөл илэрсэн. Дөрөв нь мөн сүрьеэ. Өрхийн эмнэлэг дээр эмчилгээ эхлээд байна. Тэдгээр 50 гаруй хүнийг эрүүлжлүүлэх ёстой. Энэ бол тоосжилттой холбоотой бас нэг хүчин зүйл мөн гэж бодож байгаа.  

Ер нь уурхайн олборлолт эхэлснээс хойш бусад дагавар асуудлыг бодлогоор авч яваагүйгээс  шийдэх  боломжийг их алджээ. Хурдтай газар авдаг уул уурхайн сөрөг нөлөөллийг араас нь хөөж  гүйцэж, шийднэ гэж байдаггүй юм байна. 

300-аад малчин өрх хаана нутаглах вэ   

-Одоогоор танай сумын нутагт хэдэн лиценз олгоод байгаа бол. Нийт газар нутгийн хэдэн хувь болох вэ?

-Цогтцэций 700 гаруйхан га талбайтай жижигхэн сум. Үүний 16 хувь нь ашиглалтын лицензтэй.  Ашиглалтын таван лиценз бий. Үүнээс гурав нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Хоёр нь урьдчилсан судалгаандаа явж байна. Тавантолгойн орд дээр ажиллаж байгаа гурван уурхайг манайхан мэдэх байх. Дээр нь “Аурум-аурагкомпанийн нүүрсний нэг лиценз байна. Манай Сийрст багийн нутаг тэр чигээрээ энэ лицензэд орсон. Идэвхтэй  ажиллаж байгаа ордуудыг дагаад цахилгаан эрчим хүчний дэд бүтцүүд Сийрст багийн нэг талыг нь бүтэн эзэлчихсэн. Сийрстийн ард түмэн нутаггүй болж байна. Дээр нь Хармагтайн орд газар гэж бий. Монголын мөн үүц болсон зэсийн том орд газар. Энэ уурхай  хөдлөх  юм бол манай сумын Бэлх баг нэг талаа алдана. Энэ сум  130 мянган малтай. Ойрын ирээдүйд 150-160 мянган толгой болж өснө. Энэ 300-аад малчин өрх  хаана амьдрах вэ гэсэн  асуудал гарч ирж байгаа юм.

-Хармагтайн ордын лицензэд ямар нутаг орж байгаа юм бэ?

-Билгэх багийн нутаг, сумын зүүн хойд тал тэр аяараа орчихож байгаа. Гэхдээ нэг хэсэг лицензийг нь  цуцласан байна лээ. Тэр зэсийн орд ажиллахаар төмөр зам, автозам дахиад энэ нутгаар явна. За тэгээд одоогийнх шиг дураараа давхидаг шаланзууд явбал манай нутгаас үлдэх юмгүй л болох гээд байна. Тэр талаасаа ирээдүй бүрхэг байгаа.

-Лицензээр газар нутгаа алдаад байгаа иргэд нь ямар асуудал тавьдаг юм бол. Нэг бол нөхөн олговроо аваад нүүхэд бэлэн байна уу?

-Үгүй. Нүүгээд хаана очих вэ дээ. Тэд дургүй байгаа. Эсэргүүцнэ. Би битгий эсэргүүц гэж хэлэхгүй. Гэхдээ төрийн хүн өөрөө сэлэм далайгаад дунд нь давхихгүй нь ойлгомжтой.

-Танай нутгийн Тавантолгойн бүлэг орд дээр гурван өөр хэвшлийн компани ажилладаг. Нийгмийн хариуцлагын тухай  аль төлөөлөлтэй илүү хурдан ойлголцож байна вэ?

-“Энержи Ресурс” ХК бол нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийсэн. Төв сууринд 10-аад км зам тавилаа. 640 хүүхдийн сургууль, 200-аад хүүхдийн цэцэрлэг, 500-аад айлын орон сууц, өөрийн олборлолтыг дагуулаад баяжуулах үйлдвэрийн гурван блок барьж ашиглаж байна.  Нэмүү өртөг шингэсэн нүүрс экспортлодог манай улсын ганц уурхай шүү дээ. 18 мвт-ын эрчим хүч үйлдвэрлэдэг дулааны станц мөн барьсан. Орон нутгийн “Тавантолгой” ХК бол орон нутгийн хүрээнд болж байна. “ЭТТ” ХК л жаахан хүнд дээ. Саяхан удирдлага нь солигдоод хамтын ажиллагааны гэрээг арай гэж  хийх шиг боллоо. Нэг зовлон бий шүү. Стратегийн ач холбогдолтой орд газруудтай хамтын ажиллагааны гэрээг аймаг хийдэг. Бид тэнд нь зүүгдэнэ. Манай бүх орд стратегийн ач холбогдолтой.

Нийтэлсэн: Д.Даваадулам

О.Бадарч: Алдаад туучихсан аюул бол тоосжилт   
Үзсэн: 2903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй