Шууд Chart

Монгол Улс шуурхай удирдлагын хариу арга хэмжээ авах чадавх бэхжиж буй түвшинд үнэлэгдэв

2025-10-28 16:14:34

Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалаар батлагдсан “Болзошгүй гамшиг, осол, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд хүргэж болзошгүй үйл явдлын мэдээлэл солилцох, эрсдэлийн үнэлгээ хийх, тохиолдлын удирдлагын тогтолцоогоор ажиллах” тухай тушаалыг шинэчлэх үндэсний хэлэлцүүлгийг ЭМЯ-нд 2025 оны 10 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед салбар хоорондын байгууллага хамтран ажиллах, мэдээлэл солилцох, эрсдэлийн үнэлгээ хийх "Гол эрхзүйн баримт бичиг” нь Шадар сайдын тушаалаар батлагдсан 08, 28 дугаар тушаалууд юм. Өнгөрсөн хугацаанд эдгээр заавар, журмыг баримтлан Ковид-19 цар тахал, улаанбурхан, тарваган тахал, боом, менингит, химийн бодисын хордлого, хоолны хордлого зэрэг 100 гаруй нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед эрсдэлийн үнэлгээ хийж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж иржээ.

ЭМЯ-ны Стратеги, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Д.Баярболд: Өнгөрсөн хугацаанд тушаалын төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг, багийн хурлыг 10 гаруй удаа, ширээний дасгал сургуулилтыг хоёр удаа зохион байгуулж, холбогдох яам, агентлагаас албан бичгээр санал авч, засваруудыг тусгасан. Дээрх 28-р тушаалыг шинэчлэхээр Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам зэрэг 4 яам, Гаалийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг 9 байгууллага, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл 30 гаруй албан тушаалтан оролцсон талаар хэлэлцүүлгийн эхэнд танилцуулав.

Хэлэлцүүлгийн нээж ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте үг хэлэв.Тэрбээр, Юуны өмнө Улаанбурхан өвчний дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээ авахад та бүхэн маш их хүчин зүтгэл гаргасныг онцлон тэмдэглэмээр байна. ДЭМБ-ын зүгээс Тохиолдлын удирдлагын үндэсний тогтолцоог бэхжүүлэхээс гадна орон нутаг аймгуудад чадавхтай ажиллахыг чухал гэж үздэг. Тэр дундаа ямар нэгэн эрүүл мэндийн ноцтой өвчний дэгдэлт гарах үед нэн даруй аймгийн түвшинд хариу арга хэмжээг авах чадавх бүрдсэн байх ёстой. Бүх түвшинд тогтолцоо хүчирхэг, соргог, мэдрэмжтэй байснаар хариу арга хэмжээг амжилттай зохион байгуулна. Тиймээс Шадар сайдын 28-р тушаалыг шинэчлэн баталгаажуулснаар энэ ажлыг улам сайн зохион байгуулах болон үндэсний хэмжээнд мэдээлэл солилцох тогтолцоогоо улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. ДЭМБ-ын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахад үргэлж бэлэн байгаа” гэсэн юм.

ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Дуламрагчаа Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явцыг танилцууллаа.

ЭМЯ-ны дэргэдэх Шуурхай удирдлагын төв нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээг удирдан зохицуулах үүрэгтэй. Тодруулбал хурдан, үр дүнтэй, харилцаа холбоог хангах, бодит цагийн мэдээллээр шийдвэр гаргалтыг дэмжих зорилготойгоор ажилладаг. Яагаад Шуурхай удирдлагын нэгжтэй байх ёстой талаар хэлэхдээ, Ямар нэгэн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхэд хянах, эрт илрүүлэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг тасралтгүй бэхжүүлэх үүргийг улс орнууд хүлээдэг. Хариу арга хэмжээг хурдан зохион байгуулах, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үед цаг хугацаа, минут болгон чухал байдаг учраас хамгийн хурдан арга хэмжээг уялдуулан зохион байгуулах, шаардлагатай нөөцийг хуваарилах, бусад нөөцийг бэлдэх, бэлэн байдлыг хангах хэрэгтэй байдаг. Ингэж нөхцөл байдлын талаар хүн бүр бодит тодорхой мэдээллийг цаг хугацаанд нь авах, мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, эрсдэлийг эрт илрүүлэх ач холбогдолтой. Үүнээс гадна үүссэн нөхцөл байдлын талаар олон нийтэд чиглэх мэдээллийг зөв зохистой, цэгцтэй, нэг эх сурвалжаас өгөх функцтэй үндэсний хэмжээний тогтолцоо юм.
Энэ чадавх ямар түвшинд байгааг жил бүр үнэлдэг. Мөн 4-5 жил тутамд Олон улсын эрүүл мэндийн дүрэм (ОУЭМД)-ийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээр үнэлдэг. Энэ үнэлгээ нь зөвхөн үнэлээд зогсохгүй дараагийн түвшинд хүрэхэд юу хийх хэрэгтэйг улс орнуудад зөвлөмж болгодог.
Монгол Улсад 2023 онд ОУЭМД-ийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээ хийхэд 2-р түвшин буюу чадавх бэхжиж байгаа гэсэн түвшинд байна. Эхний түвшний улс орнууд нь ямар нэгэн шуурхай удирдлагын төвгүй , чадавхгүй, ямар нэгэн баримт бичиггүй гэсэн үг.
Харин манай улсын хувьд Шуурхай удирдлагын төвийн системээр ажилладаг, Шадар сайдын 28-р тушаалаар баталгаажсан баримт бичигтэй, ажиллаж буй мэргэжилтнүүд нь тохиолдлын удирдлагын тогтолцооны талаар мэдээлэлтэй байдаг учраас энэ түвшний оноог авсан. 5-р түвшин нь хамгийн өндөр түвшин буюу тухайн улс орон тохиолдлын удирдлагын тогтолцоог бүрэн хэрэгжүүлэх боломжтой байна гэсэн үг. Манай улсын зорилго бол 4-5 жилийн дараа гэхэд 4-р түвшинд хүрэх явдал гэлээ. Энэ зорилгод хүрэхийн тулд ДЭМБ-ын зүгээс ЭМЯ-тай хамтран хэрэгжүүлж буй Цар тахлын сангийн хүрээнд Монгол Улсад Шуурхай удирдлагын төвийг үе шаттайгаар байгуулах, бэхжүүлэх 4 үе шат бүхий арга хэмжээг хэрэгжүүлж байна.

ЭМЯ-ны НЭМБХГ-ын шинжээч А.Долгорханд Шадар сайдын 28-р тушаалыг шинэчлэх болсон 2 үндэслэлийг танилцуулав.

1-р үндэслэл нь Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль 2024 оны 04 сарын 01-ээс улс даяр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Энэ хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед Тохиолдлын удирдлагын тогтолцоогоор ажиллах журмыг гамшгийн асуудал хариуцсан мөн эрүүл мэндийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн хамтарч хэрэгжүүлэхээр заасан. Одоогийн 28-р тушаалд зөвхөн Шадар сайдын тушаалаар батлагдсан журам байдаг тул шинэчлэн батлах шаардлагатай байгаа.

2-р үндэслэл нь Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед тохиолдлын удирдлагын тогтолцоог шуурхай байдал, нотолгоонд суурилсан мэдээлэл судалгаагаар хангах нэгдсэн удирдлагатай болох гэсэн заалт орсон учраас журмаа шинэчлэн батлуулж байна гэлээ.
Тэрбээр, 6 хавсралттай журам байгааг 4 хавсралттай байхаар шинэчилсэн талаар танилцуулав. Тухайлбал, Эрсдэлийн үнэлгээ хийх, мэдээлэл солилцох, хамтарч ажиллах байгууллагуудын тодорхойлолтыг томьёолон оруулж өгчээ. Мөн эрсдэлийн үнэлгээ хийх хугацаа, мэдээ өгөх давтамжийг тодорхой оруулжээ. Өмнөх журамд эрсдэлийн үнэлгээг 6 цагийн дотор хийх тухай тусгасан бол шинэчилсэн журамд эрсдэл өндөр газарт эхний 48 цагт 24 цагийн дотор гурван удаа мэдээлэх гэх мэт давтамжийн талаар тодорхой заалтууд оруулсан талаар танилцуулсан юм.

Энэхүү үндэсний хэлэлцүүлэгт Шадар сайдын 28-р тушаалыг өмнө нь судалж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаж байсан, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед тухайн талбар дээр нь тушаалыг хэрэглэж явсан туршлагатай, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, аймаг нийслэлийн Эрүүл мэндийн газрын төлөөлөл 80 орчим мэргэжилтэн оролцлоо.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Монгол Улс шуурхай удирдлагын хариу арга хэмжээ авах чадавх бэхжиж буй түвшинд үнэлэгдэв  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй