
Энэ сарын 23-ны өдөр орон нутгийн цагаар шөнийн 23:13 цагийн орчимд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Онгудай дүүргийн нутаг дэвсгэрт "Чике таман" давааны доод хэсэг буюу "Чуйский тракт" авто замын 659 дүгээр километрт Баян-Өлгий аймгаас Казахстан улсыг чиглэн явж байсан "Istana" маркийн микро автобус осолдож, Монгол Улсын 14 иргэн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Үүнээс 12 иргэн их, бага хэмжээний гэмтэл авсан бол биеийн байдал нь хүндэвтэр байгаа 5 иргэнийг тухайн өдөр Горно-Алтайск хотын эмнэлэгт хүргэсэн гэсэн мэдээллийг тус улсын албаны эх сурвалжууд өгөөд байна. Харин ослын шалтгаан урьдчилсан байдлаар тээврийн хэрэгслийн тоормосны систем эвдэрсэнээс болсон бөгөөд холбогдох байгууллагууд шалгаж байгаа аж.
Мөн энэ сарын 24-ний өглөө ОХУ-ын Катунское-Красный Яр-Алтайское-Алтайн Бүгд Найрамдах Улсын хил чиглэлийн авто замын 56 дугаар километрт 15 зорчигчтой дахин нэг микро автобус осолдсон байна. Зам тээврийн ослын улмаас хүнд бэртэл авсан Монгол Улсын иргэн хоёр эмэгтэйг түргэн тусламжийн нисдэг тэргээр Барнаул хот дахь "Алтайн хязгаарын түргэн тусламжийн төв килиник"-т, долоон хүнийг нарийн үзлэг хийх, эмчлэх шаардлагатай хэмээн үзэж Бийск хотын төв эмнэлэгт тус тус хүргүүлж хэвтүүлжээ.
Тус микро автобус нь энэ сарын 23-ны өдөр 10:40 цагийн орчимд Монгол Улсын хилээс гарч Бүгд Найрамдах Казахстан Улсыг чиглэн явсан бөгөөд урьдчилсан мэдээллээр замын эсрэг урсгалд орж ГАЗ-3110 маркийн суудлын авто машинтай мөргөлдсөн байна.
Уг асуудалтай холбоотой энэ сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгаас нарийн мэргэжлийн эмч нарын баг бүхий түргэн тусламжийн машин осол болсон газарт очиж, осолд орсон иргэдийн биеийн байдал сайн байгаа гэсэн мэдээллийг ирүүлээд байна.

Казахстан руу явж байсан микро автобус осолдож, Монгол Улсын 14 иргэн эмнэлэгт хүргэгджээ | ||
Үзсэн: 904 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.