
Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өчигдөр Стамбулд болсон форум дээр үг хэлэх үедээ "Сири улсад сонгууль болохоос нааш тэндээс цэргээ гаргахгүй" гэж мэдэгджээ.
Тэрбээр “Сирийн ард түмнийг сонгуулиа хийсэн цагт бид Сири улсыг жинхэнэ эздэд нь үлдээгээд гарч явах болно” гэж хэлсэн байна. Энд сануулахад, Сирийн Ерөнхий сайдын орлогч, Гадаад яамны сайд Валид Муаллем НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73-р чуулган дээр, Сири улс Франц, АНУ, Туркийг улсаас нь цэргээ гаргахыг шаардаж байгааг мэдэгдэж байсан юм.
2016 оны наймдугаар сараас Сирийн нутагт явагдсан Туркийн цэргийн ажиллагаа өнгөрсөн оны гуравдугаар сард дууссан. Тус ажиллагааны дүнд Сирийн Аазаз-Жараблус-Эль-Баб хотууд дунд Туркийн цэргүүдийн хяналтад “Аюулгүйн гурвалжин” бий болоод буй. Түүнчлэн энэ оны гуравдугаар сараас Туркийн цэргүүд Сирийн Африн хотыг чөлөөлж хамгаалалтдаа авсан.
Одоо Идлиб хот исламист дайтагчдын эрхшээлд байгаа сүүлийн том хот болоод байна. Тэндэх жихадистуудыг үлдэн хөөхөд Турк улсад онц асуудал болохгүй гэж Эрдоган өчигдөр мөн ярьсан байна. Сири, Иракт цэргийн ажиллагаа явуулах Туркийн Засгийн газрын мандатыг энэ долоо хоногийн эхээр парламент нь сунгасан юм.
Эрдоган: Сирийн ард түмнийг сонгуулиа хийсэн цагт бид Сири улсыг жинхэнэ эздэд нь үлдээгээд гарч явна | ||
Үзсэн: 949 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.