Шууд Chart

Майк Помпео, Ким Жон Ун нар уулзлаа

2018-10-08 12:40:11

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр Пхеньянд Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзаж яриа хэлэлцээ хийлээ. Энэ нь түүний БНАСАУ-д хийж буй дөрөв дэх айлчлал болж байгаа юм.

Тэндээсээ Помпео Өмнөд Солонгост хүрэлцэн очсон. Харин өнөөдөр Бээжинд очиж, Хятадын Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзалт яриа хэлэлцээ хийнэ. Помпео өмнө нь Америкийн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Пхеньянд айлчилсных нь дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь уулзалтыг хийх газар, товыг зарлаж магадгүй гэж мэдэгдэж байсан.

Айлчлалынхаа дараа “Твиттер” хуудсандаа “Ким даргатай уулзсан. Пхеньяны айлчлал амжилттай боллоо. Сингапурын дээд хэмжээний уулзалтаар байгуулсан хэлэлцээрүүдийн мөрөөр бид үргэлжлүүлэн ажиллаж байна” гэж бичжээ.

Энэ зурвасын хамт Помпео Ким Жон Унтай татуулсан зургаа тавьсан байна. Гэхдээ Помпео, Ким Жон Ун нарын Пхеньян дахь уулзалт хоёр цаг гаруй үргэлжилсэн гэдгээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга дараа нь Сөүлд хүрэлцэн очиж, өмнөдийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Гадаад хэргийн сайд Кан Ген Хва нартай уулзсан. Тэд Помпеогийн БНАСАУ-д хийсэн айлчлалын дүнгийн талаар ярилцжээ. АНУ-ын Гадаад бодлогын тэргүүн өнөөдөр Бээжин хотод ажиллаж, өндөр түвшний яриа хэлэлцээ хийх хуваарьтай юм.

 

 

Нийтэлсэн: Mонголын радио

Майк Помпео, Ким Жон Ун нар уулзлаа   
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй